Үхсэн малын махыг будганд оруулаад буцаагаад бусдад өндөр үнэтэй зардаг байсан хятад иргэдийг өчигдөр орой цагдаагийнхан илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тэдгээр иргэд муудаж өмхийрсөн махыг тусгайлан бэлтгэсэн химийн бодистой хольж үнэр амтыг дараад иргэдэд худалдан борлуулах гэж байснаа хүлээсэн байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад,  "Өчигдөр буюу тавдугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, мөн дүүргийн Мэргэжлийн хяналтын алба хаагчидтай хамтраад 32 дугаар хороонд байрлах мах бэлтгэлийн үйлдвэрт муудсан байж болзошгүй их хэмжээний махыг боловсруулж байна гэх мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явууллаа. Урьдчилсан байдлаар үхрийн 25 тонн муудсан махыг хадгалж, бэлтгэж байсан нь тогтоогдсон. Махны өнгө, үнэр зэргийг үндэслэн мэргэжлийн хяналтын байгууллага муудсан гэж үзэж байгаа.

Харласан, эвгүй үнэртэй махыг хөргүүргүй чингэлэгт хадгалж байсан. Тухайн махаа том савтай уусмалд хийж гаргаад яснаас нь шулж, савлаад хөлдөөх үйл явц хийгдэж байсан нь тогтоогдсон. Шингэн уусмал нь ямар найрлагатайг тодруулахаар мэргэжлийн хяналтын байгууллага уусмал болон махнаас шинжилгээ авсан. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна.

Хүнсний үйлдвэрлэл явуулах боломжгүй, ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээгүй нөхцөлд мах бэлтгэж байна хэмээн МХЕГ урьдчилсан байдлаар дүгнэсэн. Энэ хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын иргэн Ю, Б нарыг хойшлуулшгүйгээр сэжигтнээр тооцон баривчилж, 461 дүгээр ангид саатуулсан. Урьдчилсан байдлаар тухайн обьектыг түрээсээр ашиглаж байсан гэж байгаа бөгөөд махны гарал үүслийн бичиг болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гарч ирээгүй" гэлээ.