Сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, PR, мониторингийн  “Стратеги” Академи  нь ХБНГУ-ын Социал Демократ Намын “Фридрих Эберт”-ийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай  хамтран ажиллах гэрээ байгуулах ёслолын үйл ажиллагааг МАН-ын Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа.

Тус ёслолын үйл ажиллагаанд  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, “Стратеги” Академийн Удирдах Зөвлөлийн дарга Ж.Мөнхбат, Фридрих Эбертийн сангийн суурин төлөөлөгчийн газрын захирал Ч.Оюунгэрэл, “Стратеги” Академийн захирал, доктор Я.Төмөрбаатар нар үг хэлж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.  
Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар “Стратеги” Академи  “Фридрих Эберт”-ийн сан хамтран нийгмийн ардчиллын үзлийг түгээн дэлгэрүүлэх, нийгмийн суурь судалгаа хийх, хөгжлийн стратеги боловсруулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэх 6 чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүнд: 
•    Германы Социал Демократ намын  Фридрих Эбертийн сангийн дэргэдэх Социал Демократ Академийн урилгаар МАН-ын   удирдлага, “Стратеги”Академийн төлөөлөл ХБНГУ-д туршлага судлах ажлын айлчлал хийж байх;  
•    Фридрих Эбертийн сан, Германы Социал Демократ Академитай хамтран 2014 оны 2-р улиралд багтаан “Нийгмийн ардчиллын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх” сургалтыг зохион байгуулж Үндэсний сургагч багш нарыг системтэй бэлтгэх; 
•    Германы Социал Демократ нам,  Фридрих Эбертийн сангийн нийгмийн ардчиллын эдийн засгийн онолч, эрдэмтдийн оролцоотой, “Нийгмийн ардчилал ба эдийн засгийн бодлого” сэдэвт академийг 2014 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах. Энэ арга хэмжээнд Монголын эдийн засгийн эрдэмтэд, судлаачид, зүүн төвийн үзэл баримтлал бүхий улс төрийн намын төлөөллийг оролцуулан зохион байгуулах;  
•    Монгол хүний сэтгэлгээ, амьдрах соёл, уламжлалд хамгийн ойр байдаг Нийгмийн Ардчиллын үзэл баримтлалыг олон түмэнд тайлбарлан таниулах видео киног хамтран бүтээх; 
•    НАМЭХолбоотой хамтран “Монголын эмэгтэйчүүдийн нийгмийн байдал” суурь судалгааг явуулж судалгааны үр дүнд суурилсан  бүсийн сургалтууд болон жендерийн тэгш эрхийн талаарх эмэгтэйчүүдийн форумыг хамтран зохион байгуулах; 
•     НАМЗХ-той хамтран залуучуудын бодлого боловсруулахад хамтрахаар болжээ. 

 

 

“Фридрих Эберт”-ийн сан нь 1993 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийгмийн ардчиллын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, олон улсад нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачдын зохиол бүтээлийг хэвлэн нийтлэх, “эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл” гэсэн ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн явуулж байгаа байгууллага юм. 
   “Стратеги” Академи нь Монгол улсын хөгжлийн стратегийг тодорхойлоход түлхэц болохуйц судалгаа, эрдэм шинжилгээ, сургалт, PR-ийн зөвлөх үйлчилгээний үндэсний хэмжээний thinktank байгууллага болох зорилтын хүрээнд бие даасан, хараат бус үйл ажиллагааг ТББ-ын статустайгаар явуулах бөгөөд олон улсын ижил чиглэлийн үйл ажиллагаатай бодлогын судалгааны /thinktank/ хүрээлэнгүүдтэй хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм байна.