Одоогоос яг нэг жилийн өмнө найзуудтайгаа гадаа тоглож байсан хүү эмийн сангийн төмөр хаалганд хүрснээр тогонд цохиулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа.

Сүхбаатар дүүргийн VII хороонд байрлах “Дэлгэр” төвийн доод давхрын “Эко Шинэс” эмийн сангийн гадна энэ эмгэнэлтэй хэрэг гарсан бөгөөд хүү гүйж явахдаа хөл алдан төмөр хаалганаас барьсны улмаас хүчдэлд цохиулсан юм. Тухайн үед түргэн тусламжийн машин хугацаа алдалгүй ирсэн боловч хүү хэдийнэ хорвоог орхисон байв. 2018 оны зургаадугаар сарын 25-нд болсон энэ хэргийн эзэн холбогдогч нь одоог хүртэл хариуцлага хүлээгээгүй байна.

Энэ талаар талийгаач хүүгийн аав Б.Бямбадорж "Өглөөний сонин"-д дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Тэрбээр эхнэр Ж.Мөнхсайханы хамт ирсэн юм. 


-Хүү тань амиа алдсанаас хойш яг жилийн хугацаа өнгөрлөө. Хэрэг хэрхэн шийдэгдсэн бол. Хэн хариуцлага хүлээв?

-Бид жилийн өмнөх энэ өдөр хэнз хүүгээ алдаж, том гарз амссан. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл нэг жилийн хугацаанд шийдэгдээгүй л явж байна. Өнгөрсөн нэг жилд манай гэр бүл маш их сэтгэл санааны хохирол, санхүүгийн хямрал, бие бялдрын хохирол амссан. Хэргийн эзэн холбогдогч нь зугтаад алга болсон бол хэргийг хаагаад чимээгүй өнгөрөх байсан байх. Гэтэл тийм зүйл байхгүй. Бүх зүйл нь ил, буруутай эзэн нь тодорхой хэрэг. Жилийн хугацаанд энэ хэрэг шийдэгдээгүй байгаа нь төр засаг, шүүх цагдаа, хүн чанар байхгүй болсон нь харагдаж байна.

-Яагаад ингэж удаж байна гэж та бүгд бодож байгаа вэ?

-Өнгөрсөн нэгдүгээр сарын 17-нд анхны Шүүх хурлын тов гарсан. Энэ шүүх хуралд очиход тус эмийн сангийн эрхлэгч гэх Г.Ганпүрэв гэж хүн ирсэн. Тэр хүн "Би буруугүй, намайг цагаатгаж өгөөч" гэсэн хүсэлт тухайн үедээ гаргасан. “Анхан шатны мөрдөн байцаалт аваагүй. Прокурорын шатанд хэрэгт холбогдогчоор татсан. Энэ нь буруу” гэж тэр хүн хүсэлт тавьсан учраас тухайн үед зарлагдсан шүүх хурал хойшлогдсон. Хэргийн анхан шатны шүүх хурал хойшлогдсоноос хойш өнөөдрийг хүртэл чимээгүй явсаар энэ сарын 16-нд прокуророос бидэнтэй холбоо барьсан. Ганпүрэв гэж хүний хүсэлтээр хэлэлцүүлэг хурал хийе гэсний дагуу шүүх хурлын өмнөх хэлэлцүүлэг зарласан. Зарласан өдөр нь хэлэлцүүлэг хуралд оролцох гээд очтол Ганпүрэвийн өмгөөлөгч ирээгүй, хоёрт хурлын танхим байхгүй, гуравт ажлын цаг дууссан учир хойшлуулъя гэсэн санал гаргаж, хойшлуулсан. Ингээд зургаадугаар сарын 21-ний өдөр хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлэг хуралд оролцтол Г.Ганпүрэв гэх залуу хэргийг дахин задалъя гэсэн хүсэлт гаргасан. Харин шүүх, прокуророос энэ хэргийн мөрдөн байцаалт дууссан гээд шүүх хурлын товыг зарласан. Ингээд зургаадугаар сарын 28-ны 09.00 цагт шүүх хурал болохоор болсон.

-Г.Ганпүрэв гэдэг нь “Эко Шинэс” эмийн сангийн захирал уу?

-Тийм ээ. Тухайн эмийн сангийн эрхлэгч гэсэн. Тэр хүний хувьд түрээсэлж буй байрныхаа эзэнтэй хамтран хохирол барагдуулах саналтай байгаа юм шиг санагдсан. Түрээслэгч байрны эзэнтэй гэрээ контрактын асуудал байгаа гэж сонссон. Тэр талаар бид сайн мэдэхгүй. Өөрийнх нь ярьснаар “Анхан шатны мөрдөн байцаалтад дуудаагүй учир энэ хэргийг хүлээхгүй. Энэ хэрэг надад ямар ч хамаа байхгүй. Байр түрээсэлсэн эзний буруу” гэсэн үндэслэл гаргаж ирээд байгаа юм билээ. Г.Ганпүрэв гэж хүн хуулийн дагуу шүүх хурлаас өмнө хурлын хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргасан. Энэ нь гомдол гаргасан хүний хэргийг удаашруулах арга гэж ойлгогдож байгаа. Ингэж явсаар хугацаа өнгөрөх тусам нотлох баримтууд элэгдэж бүдгэрсээр байна. Мөн дээрх үндэслэлээр хэргийг дахин шалгах хэрэгтэй юм байна гэж хэргийг нэг удаа буцаасан. Буяны ажлын нэхэмжлэл жил гаруй болсон учраас элэгдээд мэдэгдэхгүй болчихсон байгаа. Тэр залуу буяны ажлын мөнгөнөөс хассан.

Бид хоёр хүүдээ амттан авч ид гэж мөнгө өгөхөөр түүнийгээ үрэхгүй хадгалдаг байсан юм билээ. Хүүгээ өнгөрсний дараа тэр сейфийг онгойлгож үзтэл дөрвөн жил цуглуулсан мөнгө нь 860 гаруй мянган төгрөг болсон байсан...

-Хүүгээ алдсан та бүхний хувьд нэг жил гэдэг маш урт хугацаа шүү дээ?

-Үнэндээ хэцүү байна. Би архи уудаггүй хүн. Хүүгээ өнгөрснөөс хойш байнга нойргүй байх болсон. Унтахаас өмнө шөнийн 00.00 цагаас 04.00 цаг хүртэл гадуур гарч, алхаж, орж гарсаар шөнийг бардаг. Би нэг компанид ажилладаг байсан. Хүүгээ өнгөрснөөс хойш ажлаа ч хийж чадахаа больсон. Хагас жил ажил хийж чадаагүй. Олны дунд орчих юм бол сэтгэл санаа гайгүй болчих болов уу гэж бодоод компанийнхаа ажилчдыг дагаад Дорноговь аймгийн Халх гол суманд очиж, гурван сар гаруй ажилласан. Тэгсэн хэдий ч хэцүү хэвээрээ байсан. Би ганцаараа тийм хэцүү байсангүй. Миний хүүгийн ээж, ах, эгч нарт бүгдэд нь хэцүү байна. Миний хүү байх тэр үед гэр минь дуу хөөртэй, баяр баясгалан дүүрэн, жинхэнэ аз жаргал цалгидаг байсан юм. Би үнэндээ жил гаруйн хугацаанд хүүхдийнхээ төлөө дуугарч чадаагүй. Намайг халх голоос ирэхэд шүүх хурал нь дөнгөж болсон. Тэр үед шүүх хурал дээр би үг хэлэх эрхгүй зогсож байсан. Би эцэг хүний хувьд хүүгийнхээ төлөө ядаж ганц ч үг хэлж болохгүй юу гэж их гуйсан даа /Уйлав/. Их гуйсан боловч нэг ч үг хэлж чадаагүй. Харин анхан шатны  шүүх хойшлогдсоны дараа би хохирогчоор орох хүсэлт өгсний эцэст одоо л би хүүгийнхээ төлөө дугарах эрхтэй болж байна.

-Та тухайн үед хөдөө ажиллаж байсан юм уу?

-Тийм ээ. Үнэнийг хэлэхэд өнөөдрийг хүртэл бидэнд маш хэцүү байна. Гэрээс гараад нэг алхахад л үе тэнгийн нөхөд, хүүхдүүд нь тааралдана. Тэр үед гүйж очоод тэвэрмээр, үнсмээр, үнэрлэмээр байдаг. Гадаа хүүхэд уйлахад, миний хүү байхгүй шүү дээ гэж бодсон атлаа өөрийн эрхгүй гүйгээд гардаг. Энэ зовлонг би ганцаараа туулаагүй ээ. Миний гэр бүл тэр чигтээ шаналал дунд байна. Дүү нь нэгдүгээр ангийн охин. Одоо гадаа тоглохоо больсон. Гарахаар хүүхдүүд ахыг нь асуудаг гэсэн. Тэгээд бараг гадаа гарч тоглохоо больсон.

үргэлжлэлийг эндээс