Жил ирэх тусам аливаа баяр наадмыг тэмдэглэх төсөв  нэмэгдсээр. Гэтэл түмний сэтгэлд нэг их хүрэхгүй шүүмжлэлтэй асуудал байсаар байна. Үндэсний их баяр наадмын төсөв 2010 онд 640 сая төгрөгт багтаж байсан юм. 2011 онд 1.3 тэрбум болж хоёр дахин өсчээ.

Харин 2012 онд 870 сая төгрөгөөр, 2013 онд 1.5 тэрбумаар наадсан 2014 онд 2.2 тэрбум болон нэмэгджээ. Ийнхүү наадмын төсөв хоёр тэрбумын босго давснаас хойш  2016 онд 2.9 тэрбум төгрөг, 2017 онд 2 тэрбум 170 сая төгрөг болсон байна. Тэгвэл  энэ жилийн наадмын төсөв 2.9 тэрбум төгрөг болжээ. Үүнээс харахад Монголын ард түмнийг баярлан цэнгүүлэхэд ямар их зардал ордог нь харагдаж байна. 

Өнөө жилийн наадмын талбайн эргэн тойрон "хоггүй" цэвэр цэмцгэр наадсан.  Гэвч сайны хажуугаар саар зүйл байсан нь иргэд амарч тухлах газар алга. Төв цэнгэлдэх худалдаа үйлчилгээ явуулж буй асар майхнаар дүүрсэн байв.

Жуулчдыг дагуулаад сонирхуулж нүдийг нь хужирлах зүйл наадмын нээлт, сур харваа, бөхийн барилдаанаас гойд зүйл энд үл ажиглагдсан. Учир нь наадмын уур амьсгалтай нийцэхгүй "хар зах" шиг дэлгэсэн эрээвэр хураавар барааг худалдаалж байлаа. Уг нь хуушуур хийж худалдах асар майхандаа зөвшөөрлөө олгоод худалдаа эрхлэгчдийг "үндэсний хэв маягаа агуулсан бараа, бүтээгдэхүүнийг гойд сайхнаар дэлгэн тавих шаардлага"-тайгаар зөвшөөрөл олговол жинхэнэ жуулчдыг болоод дотооддын иргэдээ татсан бизнес нь болмоор. Наадмын талбай биш Нарантуул захад ирээ юу дээ гэдгийг харуулсан дүр зураг үнэхээр наадамчин олонд таалагдсангүй. 

Наадамчид  баярлах гэж Төв цэнгэлдэх хүрээлэнд очдог болохоос оймс, гутал, жимс, бүүр хогийн шүүр, түмпэн авахаар зүглэдэггүй баймаар. Гэтэл наадмынхаа хуушуурыг авчихаад сайхан шүүдэрт суучих ч газар битгий хэл зогсох ч тав тух алга. Шороо бужигнасан төв талбайд гадныхан их л ядарсан, халууцсан царайтай сурын талбайн орох хаалганы сүүдэрт хөлөө жийгээд суучихсан байсан нь өрөвдмөөр. Тэд монгол наадмыг үзэхээр хаа холоос зорин ирж байгаа. Харин манайхны угтаж авсан байдал тун муу. 

 Монгол Улсад зочлох жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа гэдэг. Төв цэнгэлдэхдээ олигтойхон амрах ч талбай зориулан бэлтгэж, тав тухаар хангахгүй. Дээр нь ид аялалын оргил үед нь үзэж, харж сонирхох зүйлс нь хомс. Бөөн л хуушуурын асар майхан, Монголоо илтгэх ганц ч зүйлгүй худалдаа наймаагаар дүүрэн наадмын талбайд яаж тэд тухтай наадах вэ дээ. Бид ч одоо өөрсдөө дүүрч гэхэд гадны нөхдүүдэд ийм байдлаар хандаж, хөсөр хаямааргүй байна. Өмнөх жилүүдэд тэнд зориулагдсан тусгай хөтөч гаргаж талбайд ажиллуулж байсан. Гэтэл энэ жил ганц ч хэлмэрч наадмын талбайд ажилласангүй. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын албаны дарга С.Баясгалан “Монгол Улс 2020 он гэхэд нэг сая гадаад жуулчин хүлээн авах зорилт тавиад байна. Энэ зорилтдоо хүрэхийн тулд бид 2019, 2020 онд 30 орчим хувиар жуулчдынхаа тоог жил бүр шат дараатайгаар нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар, жуулчдын тоо 10 орчим хувиар нэмэгдсэн.

Зургадугаар сараас эхлэн жуулчдын тоо эрс нэмэгдэж, олон улсын агаарын тээврийн зорчигчдын тоо нэмэгдээд явж байна" гэсэн. Тоо чухал ч тав тух үзүүлж харуулан баясгах зүйл илүү чухал. Наанадаж, ирсэн хэдийгээ тав тухтай амраагаад сайхан наадам үзүүлээд явуулвал улсын нэр гарна гэдгийг хэн хүнгүй мэдэж буй биз.