Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны есдүгээр сарын 22-ны өдрийн А/278 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилийн хугацаагаар хориглосон тушаал байдаг ба энэ тушаалын хэрэгжилтэд аймгийн Засаг дарга хяналт тавих үүрэгтэй юм. Гэтэл сүүлийн өдрүүдэд тарвага агнасан талаараа фэйсбүүк хуудастаа сайрхан бичсэн нэгэн төрийн албан хаагч шүүмжлэлд өртөөд байна.

Тодруулбал Ховд аймгийн ЗДТГ-т нэлээд хэдэн жил мэргэжилтэнээр ажиллаж буй Т.Жаргалсайхан гэх залуу “Амралт сайхан байлаа” хэмээн тав зургаан тарвага агнаад тавьчихсан, хажууд нь инээгээд хэвтэж байгаа зургаа сошиал сүлжээнд байршуулсан байсан юм. Тухайн иргэн энэ талаараа тайлбарлахдаа “Өнгөрсөн жилийн зураг. Утсандаа хадгалж байгаад фэйсбүүкдээ оруулсан” гэх тайлбар өгч байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.

Түүний эл үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл Амьтны тухай хууль зөрчих хэсгийн 1.3-д заасныг зөрчжээ. Эл зүйлд “Амьтныг агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

Ховд аймгийн цагдаагийн газраас Т.Жаргалсайханд зөрчлийн хэрэг нээн энэ хэргийг шалгаж эхэлжээ. Цагдаагийн байгуулагаас түүнийг гэм буруутай гэж үзвэл зөрчлийн хуульд заасны дагуу 150 мянган төгрөгөөр торгох хуультай юм.