ЦАХИМ БҮРТГЭЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ

Орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар “Түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулахаар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан. Үүнтэй холбоотойгоор “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг шинээр батлуулсан. Бид энэ сарын 22-наас түрээсийн орон сууцын цахим бүртгэлийг эхлүүлэхээр бэлэн болоод байна.

Цахим бүртгэлийг нийт 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш амралтын өдрүүдээр нээлттэй явуулна. Иргэд хамгийн түрүүнд бүртгүүлснээрээ хамрагдах уу гэж их асууж байна. Хамгийн гол нь гэр бүлээрээ сайн ярилцаж, судалсаны үр дүнд бүртгүүлэхийг зөвлөж байна. Иргэд бүртгэлийн 14 хоногийн хугацаандаа багтан наймдугаар сарын 5-ны дотор хэзээ ч бүртгүүлэх боломжтой.

Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг  http://nosk.ub.gov.mn/#/ вэб сайтаар нэвтрэн орж бүртгүүлнэ. Сошиалд цахим бүртгэлтэй холбоотой худал мэдээллүүд ихээр цацагдаж байна. Өнөөдрийн байдлаар “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд нэг ч айл эрхээ аваагүй, байрандаа ороогүй байгааг албан ёсоор мэдэгдье. Манай байгууллагын хувьд зөвхөн бүртгэлийн ажлыг зохион байгуулна. Үүний дараагаар Орон сууцны комисс болон нийслэлийн Засаг даргын дэргэд Орон сууцны зөвлөл гэж бий. Эдгээр байгууллагууд сонгон шалгаруулалтыг хариуцан ажиллаж, давхар хуулийн байгууллага хяналт тавьж ажиллана” гэсэн юм.

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд 68.56 ам.метртэй гурван өрөө, 39.30 ам.метртэй хоёр өрөө, 49.23 ам.метртэй хоёр өрөө байрнаас сонголтоо хийх гэнэ. Ингэхдээ журамд заасны дагуу найман төрлийн ангилал нэгд нь хамрагдан цахим бүртгэлд бүртгүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.