Говь-Алтай аймгийн нутагт хамгийн олон ажлын байрыг бий болгож, тус аймгийн Цээл сумыг хөгжлийн манлайд хөтөлнө хэмээн мэдэгдэж байсан “Алтайн Хүдэр” компанийн хэлсэн, ярьсан бүхэн худал болж, одоо тэд 1000 гаруй километрийн цаана хэнээс ч хараат бусаар байгаль дэлхийг нэгмөсөн сүйтгэж байна.

Хэдийгээр яг одоогоор олборлолт нь түр зогсоод байгаа ч Монголын баялгийг үнэгүйдүүлэн харийнханд алдаж байгаа хамгийн том жишээнүүдийн нэг нь “Алтайн Хүдэр”. Тус компани өөрсдийн хийсэн балгийг өнгөлөн далдлахдаа башир аргыг сонгодог бөгөөд одоогоор ажилд авна гэсэн заруудаар 1000-2000 ам.долларын өндөр цалинтай ажлын байрны зар түгээдэг гэнэ. Үнэн хэрэгтээ амласан мөнгөнийх нь талыг авбал их юм. Дээрээс нь тус компани хөдөлмөр хамгааллыг сахиагүй ажилласнаас болж олон арван жолооч, энгийн иргэд гэмтэж бэртэн, зарим нь алтан амиа ч алдсан түүх Говь Алтай аймгийн Цээл сумын уулсын дунд дарагдаад өнгөрдөг аж.
 


Хятадын акталсан, хуучин голдуу тоног төхөөрөмжтэй “Алтайн Хүдэр” компаний Таяннуурын гэх төмрийн хүдрийн уурхайд хүний эрх зөрчигдөж, хүмүүсийн хөдөлмөрийг шударга бусаар үнэлдэг гэнэ. Үүний хажуугаар өдрийн найман цаг ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулдаг хэрнээ өглөөний 07 цагаас үдшийн 22 цаг хүртэл амралтгүй ажилладаг Таяннуурын уурхайд хүний нөөцийн менежер Хулан, Баярсайхан гэгч хүмүүсийн ааш аяганд тааруулж ажиллах нь хамгийн хэцүү байдаг аж. Холын уулсыг зориод оччихсон тул ажлаа хийж цалингаа авахыг хүссэн ажилчид яалт ч үгүй хатуу шаардлагыг нь биелүүлэхээс өөр аргагүйд хүрдэг байна.
 


Хамгийн гол нь тус уурхайн санхүүгийн тайланд жил ирэх тусам алдагдалтай ажилласан гэсэн нэгтгэлтэй дүн гардаг болжээ. Энэ нь компанийн цаад хятадууд Алтайн хилээр хүдрээ зөөж гаргаад монголчуудад татвар төлөх нь бүү хэл шороон тал үлдээхээр ажиллаж байгаагийн нэг илрэл юм. Жилдээ Говь-Алтай аймгийн төсөвт 10 тэрбум төгрөг өгөх гэрээтэй тус компани алдагдалтай ажилласан гэдэг нэрийдлээр өнөөдрийн байдлаар 1,2 тэрбумыг нэг удаа, 175 сая төгрөгийг нэг удаа төлсөн байна. Тус компанийн эзэмшиж буй Таяннуурын төмрийн хүдрийн уурхай нь 40 жилийн нөөцтэй манай улсын томоохон ордуудын нэг. Компани жилдээ 2 сая 400 мянган тонн хүдрийг урд хөрш рүү гаргадаг аж. Төмрийн хүдрийн зах зээлийн дундаж үнэлгээ 80 ам.доллар гээд бодохоор ашиггүй ажиллах үндэсгүй байгаа  юм. Мөн гадаадын орнуудаар хэсч казино тоглодог, нисдэг тэрэг уначихаад дуртай газраа зугаалж байдаг дандаа бүтэлгүй нөхдүүдээр компанийн толгойг тавьдаг нь алтайчуудад болоод дотор нь ажиллаж байгаа хүмүүст таалагдахгүй байгаа юм.
 



2006 онд нууцаар энэ ордын олборлолт эхэлж байсан бол 2007 оноос Говь Алтай аймгийн баруун хил рүү цагаан шороон зам татуулсан хүдэр зөөвөрлөх ажил эхэлж одоо таван жилийг ардаа орхиод байна. Энэ хугацаанд Говь Алтай аймгийн нутагт хар зам тавьсан нэртэй билээ. Хятадын компани гүйцэтгэгчээр нь ажилласан хар зам үнэндээ гуравхан сарын дараа хорхой идсэн шүд шиг үйрээд уначихсан харамсалтай түүх бий. Цээл сумын хөгжлийг цэцэглүүлнэ хэмээн амласан ч одоо төрийнхний 70 жилд хийж чадаагүй ажлыг манай компани чадахгүй хэмээн том толгойлон сууж байна. Энэ байдлыг төр, засаг ч харсаар дуугүй сууна. Өнөөдөр Говь-Алтай аймгийн Цээл сумын уул толгод, газар нутгийг үнсэн тал болгож, байгаль орчны нөхөн сэргээлт хийхгүй хаяж байгаа “Алтайн Хүдэр” компанид хариуцлага тооцохыг иргэд нь чимээгүйхэн хүлээж сууна. Уншигч таны харж байгаа зурагнууд бол энэ өвлийн буюу 2012 оны олборлолт зогсох үеэр авсан зураг. Удахгүй газар шороо гэсч хавар болоход Таяннуур дахь олборлолт дахиад л эхэлнэ. Баялгаа үнэгүй шахам хужаа нарт алдаж байж, дээрээс нь сэндийчсэн хөх шороотой, уух усгүй үлдэхийг Говь-Алтайчууд, тэр дундаа тус аймгийн Цээл сумынхан хүсэхгүй байна.