Есдүгээр сарын нэгэн,  Ерөөсөө бидний баяр. Харин эсрэгээрээ улс төрчдийн шоуны гол бай болоод удаж байна. Тухайлбал, сонгууль дөхөхөөр цэцэрлэг, сургуулийн байшин барилгыг нэмж барина, хүүхдийн боловсролд анхаарч ажиллана хэмээн хошгируулдаг гэхэд буруудахгүй. 

Сонсгогдож төрд суусан хойноо уг амлалтаа мартаж орхидог нь нууц биш. Ядаж хэн нэгэндээ сануулах ч үгүй. Өөрсдийнхөө унах машин, тансаглах томилолтоо бол төсвийн мөнгөөр цохиулж авахаа үл умартана. Тэгсэн хэрнээ гадны сургалтын хөтөлбөрийг дуурайж боловсролын салбарыг оронгоор нь эргүүлсэн. Өнөөдөр түүнийг нь эцэг, эхчүүд ойлгож, хүүхдээ сургах гэж "махаа идэж байна". Зарим боловсорч дуусаагүй багш нар нь өөрсдөө ч яаж заах учраа ойлгодогүй гэх. Учир нь сурах бичгийн агуулга хэт том. Тэгсэн хэрнээ хүүхдэд юу ойлгуулж, үлдээх зүйл нь юу гэдэг нь маш ойлгомжгүй байдаг гэдгийг бүхий л багш нар учирласаар олон жилийн нүүрийг үзэж байна. Ямар сайндаа "сайд" л ахиж битгий солигдоосой хэмээн залбирдаг гх. Нэг нь гарч ирээд өмнөх сайдынхаа ажлыг үгүйсгэж өөрийнхөөрөө зүтгэдэг болсоор боловсролын салбар ялзралд ороод байгаа нь улс төрчдийн буруу. Монголынхоо хөрсөнд үндэсний хэв шинжтэйгээ хослуулж өвгөн буурлуудынхаа үгийг сонсолгүй "халж" орхисон сургалтын систем өнөө жил 9 дүүрэг, 21 аймагт сайжруулсан хөтөлбөрөөр хичээллэх 11 зорилт тавьсан байна.

Энэ хүрээнд үндэсний хэмжээнд 545 сургагч багш бэлтгэж, гурван ээлжээр орон нутгийн багш нарыг хамруулах сургалт зохион байгуулсан аж. Хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэгч багш нар өөрсдөө сургалтын төлөвлөгөө боловсруулан, дүн шинжилгээ хийж, агуулга залгамж холбоо, давхардлыг судалсны үндсэн дээр Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэд  засаж сайжруулсан гэнэ. Систем нь цэгцэрч чадвал сурагчдын сурлагад ахиц гарах нь мэдээж. 

Нөгөөтэйгүүр, сурах сургууль, цэцэрлэгийг нь барьж өгөөгүй байж "хичээлийн шинэ жилийн нээлтэд хүрэлцэн ирж үг хэлдэг" мода болих хэрэгтэй улс төрчдөө. Энэ жил гурван ээлжээр хичээллэдэггүй ганц ч сургууль байхгүй болгоно гэсэн амлалтаа үл хүрсэн. 

Мөн цэцэрлэгийн жаалууд цэцэрлэгт хүмүүжих эрхээ боомилуулсаар нэгдүгээр ангид элсэж байна.  36 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадалгүй үлдлээ.

Манай улсын хувьд цэцэрлэгийн насны 312.802 хүүхэд бий. Үүнээс энэ жилд 275.809 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдана гэх тооцоо гарсан байна. Сугалаа гэх зүйлээс болж олон мянган хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэж, үндсэн хуулиар олгогдсон "сурч боловсрох" эрхээ хасуулсаар байгаа нь харамсалтай бөгөөд эмгэнэлтэй. 

Дээрх амлалтыг УИХ-д олонхи болсон МАН мөрийн хөтөлбөртөө тусгаж, ард иргэдээс үнэмлэхүй санал авсан. Ядаж ирэх жилийн сонгуулийн өмнө нүүр бардам суухыг бодож байгаа бол сургууль, цэцэрлэгийн асуудлыг  бүрэн шийдчихээд сонгогчдоосоо санал гуйгаарай. Цэцэрлэгийн сугалаа гэгчээр алагчилж үзэхээ больсон цагт эхчүүд амар тайван төрж, монголын үрс олон болно.