“Facebook” нийгмийн сүлжээ болзох үйлчилгээгээ АНУ-д пүрэв гарагт нэвтрүүлжээ. Энэхүү мэдээ цацагдсаны дараа “Facebook” компанийн хувьцаа 2 хувиар өссөн байна.

“Facebook” компанийн мэдээлснээр, хэрэглэгчид өөрсдийн “Instagram” хаягаа “Facebook”-ийн болзох профайлаар өргөжүүлэх боломжтой болсон бөгөөд “Instagram”-ийн дагагчдаасаа сонгон “Secret Crush” хэмээх жагсаалтад нэмэх боломж бүрджээ. Ингэснээр хэн нэгэнд талтай байгаагаа олон нийтэд мэдэгдэхгүйгээр илэрхийлэх боломжтой болжээ. Хэрэв хоёр хэрэглэгчийн сонирхол давхацвал “Facebook” тэдэнд мэдээлэх ажээ.

“Facebook”, “Instagram” нийгмийн сүлжээний хэрэглэгчид уг үйлчилгээнд сайн дураараа нэгдэх бөгөөд хэрэглэгчдийн болзооны талаарх мэдээлэл бусад хүмүүст харагдахгүй гэнэ. Мөн энэхүү үйлчилгээг зөвхөн 18-аас дээш насныхан ашиглах боломжтой гэж “Facebook”-ийн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Монцамэ