Монголын чадварлаг гитарчдын нэг Өөжгий буюу Д.Өлзий-Орших гэдэгтэй маргах хүн үгүй. Пентатоник наадмын таван удаагийн шагналт, Алтан гадас одонт ая зохиогч, продюсер, Никитон хамтлагийн хөгжимчин тэрбээр ирэх сарын 04, 05-нд "Чи над шиг дурлаж чадах уу" тоглолтоо "Улаанбаатар Палас"-ын концертын их танхимд толилуулна. 

Д.Өлзий-Орших нь "Хайрын бурхан", "Чи минь", "Дурлаж бичсэн шүлэг", "Эрчүүд", "Хайртай гэхээсээ өмнө", "Чи над шиг дурлаж чадах уу" зэрэг дууны үг, аяыг бичсэн билээ. Тэгвэл тэрбээр МУГЖ Т.Ариунаагийн "Чи минь" дууны бүтсэн түүхийг хуваалцлаа.

1999 он шиг санагдаж байна. Ариунаа төрсөн өдрийн баяраа тэр үеийн ТоП Тээн клубт хийж миний бие уригдаж нилээд бор дарс хүртэв. Ирсэн зочид бүгд л тайзан дээр гарч Т.Ариунаад сэтгэлийн үгээ хэлж байна.

Миний ээлж болов. Бэлгээ өгөхдөө Ариунаа би чамд энэ өдрийн бэлэг болгож тасарсан гоё дуу хийж  өгнө өө гээд л хэлээд тавьчихлаа.
Амлах нэг хэрэг.
Хийх нэг хэрэг.
Ариунаа байсхийгээд л дуугаа нэхэж над руу ярина.
Толгойд ч ёстой юм орж ирэх шинж алга хөөрхий.
Нилээд ч хугацаа өнгөрлөө.
Тэр үед би Мон-Уран компанид Наранхүү найзтай ажилладаг байлаа.
Нэг байшин барих санаатай хоёулаа үзээд байдаг.
Зуны нилээн халуун өдөр барилгын зах дээр арматур авах гээд хүлээгээд зогсож байлаа.
Утас дуугарч Ариунаа ярьж байна.
Нөгөө дуу яасан бэ л гэхээр бэлэн. Асуудалгүй гээд л тавьчихлаа.
Би Сонор студи дээр байна.
Одоо хүрээд ирээ гэхээр нь хоёр цагийн дараа очно оо л гэлээ.
Хэрэг бишдэж нэг бол худалч нэр зүүх эсвэл дуу зохиох гэдэг хоёр сонголтын өмнө  ирлээ дээ би.
Тэгээд тэнд байсан нэг наймаачнаас цаасны тасархай, харандаа гуйж авав.
Тэгээд машиныхаа цонхыг хааж, хөгжмөө унтраагаад, кондишн тавьж амандаа аялж гарав аа.
Цаг бодсоны эцэст ямар ч байсан нэг бадаг дахилттай болж аваад Сонор руу давхиад очлоо.
Ариунаа хөгшөөн жаахан хүлээж бай гээд цаад өрөөнд орж төгөлдөр хуур дээр аккордоо бодож олов.
Тэгээд мань хүнийг дуудаад аялж өгөв.
Нэг их ойшоож байгаа янз алга.
Энэ одоо тэгээд гоё дуу юу гэх маягын юм хэлж байна.
Зүгээрээ энэ ална аа. Тасархай болноо л гэж би гүрийв.
Тэгээд Халиунд оранжировка ингэсгээд хийчихээрэй гээд би явлаа .
2 хоногийн дараа Халиун дээр ирээд шинэ дууны найруулгаа сонстол миний бодсоноос арай л өөр стилийнх болчихжээ.
Ингэмээргүй байна. Дахиад хийе гэсэн Халиун надаа зав алгаа. Чи эсвэл өөрөө хийж байхгүй юу гээд төхөөрөмжөө асааж өгчихөөд яваад өгөв.
Би өөрөө хэсэг ухантуулав.
Нэг л явж өгдөггүй дээ.
Гэтэл ашгүй Чинбаа гаднаас ороод ирдэг юм даа.
Түүнээс төгөлдөр хуурыг тоглоод өгөөч гэж гуйлаа.
Мань хүн суугаад хийж эхэллээ.
Тэгээд хэсэг тоглож байгаад цаашаагаа бүр дуундаа ороод халуурч бараг бүх юмыг нь дуусгачихаад надад тэгж байна.
Энэ ямар солиотой гоё дуу вэ.
Хэн дуулах гэж байгаа юм?
Манай Эмошинд өгчихөөч энийгээ гэдэг юм.
Тэгж Ариунаад алуулж юу хийхэв ээ

Тэгээд дараа нь шүлгээ хийж дуусгах гэж үгээ хэлэв ээ.
Гуравдугаар бадаг дээр нь бүүр гацчихаад сууж байтал Харангын Лхагваагын байнга хэлдэг
"Үлгэрт үнэн юм байхгүй
Дуунд худлаа юм байхгүй" гэдэг алдарт үг санаанд орж намайг аварсан юм даа.

Дуунаас ч илүү үнэн байгаасай гэсэн үгийг тэрнээс санаа авч босгов кк.
За тэгээд хоолой бичлэгэндээ орлоо.
Ариунаагын хоолойнд өнгийг нь үл ялиг доошлуулж хийсэн юм.
Би түүний хоолой яг энэ до диез нотон дээр их гоё өнгө гардаг гэдгийг анзаарчихаад яг тэр өнгийг л дуугаргах гэж зүтгэсэн хэрэг.
Ариунаа үглэж гарав.
Энэ чинь миний хоолойнд доордоод байна.
Миний стилийн дуу биш байна л гэнэ.
Би зөрүүдлээд л гүрийгээд байлаа.
Ариунаагын яг өөрийнх нь үндсэн стиль манераас нь арай өөр маяг байсан болохоор тэр байх.
Тэгээд студид бүтэн 12 цаг хэрэлдэх хэлцэхийн хооронд байж бичлэг дуусав.
2 сарын дараа Ариунаа ярьж шинэ цомгоо Ононбат бид хэд ярьж байгаад "Чи минь" гэж чиний дуугаар нэрлэхээр болчихлоо.
Клипний зураг хэд хоногийн дараа БройХауст болно.
Зурганд орно шүү чи гэж байна.
Тэр клип нээрээ гоё болсон шүү тухайн үедээ л.
Тэр намраа Ариунаагийн Чи минь тоглолт циркт болж нөхөр Буяндорж Чи минь дуун дээр эхнэртээ цэцэг өгөөд л дуу ч хит болж бөөн юм болсон байдаг юм.

Хоёр жилийн дараа Чи минь дуугаар Пентатоникийн Шилдэг Поп дууны шагнал авав. Пентатоникын дараа хүндэтгэлийн хүлээн авалтан дээр яруу найрагч Гүрээ ах тоглоом шоглоомоор Балхаа бид хоёр жилдээ 20-30 дуу шинээр хийж, жил болгон тоглолт хийгээд ч чиний энэ ганц дууг барсангүй дээ гэж байна.
Би ч яахав хэрүүлч хүн.
Хоёр ах хүнд үнэнээсээ дурлаж дуу бичихгүй л байна даа гээд  тавьчихлаа.
Бөөн инээдэм болов.
Харин хажууд зогсож байсан Загдын Түмэнжаргал агсан
Дурлаж хэлсэн чиний үг чинь
Дуунаас ч илүү үнэн байгаасай гэж маш гоё хэлсэн байна шүү гэж баяр хүргэж билээ.
Баярлалаа Харангын Лхагвадаа