Испани улсын Барселон хотод хэвтээ шахалтын "Арнольд классик" тэмцээн болж, манай улсаас МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор хоёр тамирчин классик төрөлд өрсөлдлөө. 

Тэмцээнд 74, 83, 93, 105, -120, +120 гэсэн зургаан жингийнхэн хоорондоо хүч үзсэн нь өрсөлдөөнтэй бөгөөд тун үзүүштэй болсон байна. "Рио-2016" паралимпийн хүрэл, Дэлхийн хошой аварга, Дэлхийн цом, Азийн наадам, Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ энэ тэмцээнд цээжнээс 245 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр нийт тамирчдаас хамгийн хүндийг нь өргөсөн ч биеийн жин, өргөсөн жин хоёрыг харьцуулж оноо олгодог дүрмийн дагуу дэд байрт орсон юм.

Энэ тэмцээнд түрүүлсэн тамирчин болох Франц эр 73 жинтэй бөгөөд цээжнээс ердөө 190 кг-ыг шахсанаар алтан медаль хүртсэн байна. Гавьяаттай мөр зэрэгцэн эх орноо төлөөлөн оролцсон О.Мөнхбат тавдугаар байрт шалгарсан нь муугүй амжилт. Учир нь энэ дэвжээнд газар газрын олон шилдэгүүд чуулсан билээ.

Манай хоёр тус тэмцээнд оролцсон анхны Монгол тамирчин бөгөөд Ази тивийг төлөөлж оролцож буйд зохион байгуулагчид тусгайлан баяр хүргэжээ.