МАН-ынхан 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж төр, засгийн эрхийг гартаа авсан. “…Олдвол өлдөх”-ийн зовлонг энэ намынхан жинхэнэ утгаар нь амсч байгаа юм. Гурван жил үзэлцлээ. Эрх мэдэл, албан тушаалын төлөөх ийм дажин нь өнөөг хүртэл нэгмөр шийдэгдээгүй л байна.

Энэ “категори”-д хамаарах хамгийн их зодооныг С.Амарсайхан хийсэн. Тэр НИТХ-ын хурал дээр унан тусан байж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болсон юм.

2020 оны сонгуульд МАН хэрхэх эсэхийг нийслэлийн сонгогчид шийднэ. Аль ч нам нийслэлд унавал нийтээрээ унадаг. Сонгуулийн дүн тэгж л гардаг.

Тэгэхээр МАН ирэх сонгуульд хэрхэх вэ гэдэг С.Амарсайхан, түүний багаас л шалтгаалахаар болж байгаа юм.

С.Амарсайханы хувьд энд тэнд очихоороо Ерөнхий сайд У.Хүрэлсүх шиг ширүүн дориун гэж жигтэйхэн байдаг болсон. Тэгж байгаагаа цахим сүлжээгээр голдуу цацаад л.

Гэвч ингэж шахсаны үр дүн гарч байвал бас зүгээр байгаа юм. Ямар ч байсан Замын цагдаагийн гүүрийг хагас дутуу ч гэсэн нээчихлээ. Одоо хажуугийн урсгал нь засвартай л байна лээ.

Сарын дараа Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км замыг нээнэ гэсэн. Энэ замыг барьж байгаа компани төсөв зардлаа аваагүй атлаа өөрийн хөрөнгөөрөө бариад дуусгачихаж байгаа аж.

Харин Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан одоо дотоод  ажил, бичиг цаасны асуудал руугаа орж, ширүүн дориун шаардлагаа доороо ажилладаг зарим албан тушаалтанд тавих цаг болсон байна. Үүний учир нь “Зууны мэдээ” сонины “Хотын даргын сонорт” булан энэ удаа Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд иргэдээс ирүүлсэн гомдолд үндэслэн нэг зөвлөгөө хүргэж байгаа юм.

Сүүлийн хэд хоногийн турш Сүхбаатарын талбайд болж байгаа Засгийн газрын “Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр нийслэлийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг иргэд ихээр ярьж байна. Сонгинохайрхан дүүргийн иргэн Э /нэрээ бичүүлэхийг хүсээгүй/ “…Хүнд сурталтай, авлига хардаг НЗДТГ-ын хуулийн талын хүмүүс, Засаг даргын зөвлөх гэх нэр бүхий хүмүүс бий. Энэ талаар холбогдох газруудад нь гомдол гаргаж байгаа. Уг нь Засаг дарга нь асуудлыг шуурхай шийдмээр байрын хүн харагдаад байдаг юм. Гэтэл удирдлагад нь ажиллаж байгаа хүмүүсээс ийм араншин гарсаар байна” гэсэн юм. Энэ хүн “…Асуудлаа тодорхой ярьчихаар шийдэж өгөхгүй зуугаад улам гацаачихаж магадгүй” гэж айж байгаагаа илэрхийллээ.

Тодруулахад яг ийм асуудал ярьсан хэд хэдэн хүн “таарсан” учраас үүнийг бичиж байгаа юм.

Ер нь бол Нийслэлийн Засаг даргын нэг орлогч Б.Отгонсүхтэй холбоотой асуудлыг бид өмнө нь хөндөж л байсан. Хотын дарга ямар ч тайлбар хийгээгүй. Одоо нэр нь ил болоогүй болохоос биш зөвлөх нь, хуулийнхантай нь холбоотой гомдлыг жирийн иргэн ярьж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх Б.Энх-Амгалан гэдэг нөхрийн тухай элдвийн мэдээлэл гардаг болсон. Бид ч бичсэн. Яваандаа тэр этгээдийн үйлдлүүд Ерөнхий сайдын ажил үүргийн нэр хүнд, албан тушаалд ч нөлөөлж магадгүй гэлцээд байгаа.

 

 

Үүн лүгээ Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ч дарга нарынхаа болоод өөрийнхөө томилсон зөвлөх зэрэг албан тушаалтнуудыг харж хянаж байвал зүгээр л байх шүү. Тэднийхээ “сүүл”-ийг одоо л сөхөж үзэх хэрэгтэй дээ. Баас ихтэй байж мэднэ шүү.

Магадгүй, сонгууль дөхөөд ирэхээр салж болохооргүй асуудал нь ил болно. Тэр үед хариуцлагыг нь хамт үүрч таарна.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин