Би 1975 оны 9 сарын 25-нд төрсөн. Тоймловол 80-аад оныхонд хамаарна. 1989 онд 14 настай, 6-р ангийн сурагч байлаа. Өглөө 5.00 цагт гэрийн хаалга зөөлхөн тогшлоо. Аав хаалгаа онгойлгоход манай ангийн охид… Аав:

-За, харанхуй үүрээр хаачих нь вэ?

-Бид нийлж хичээлээ давтах гэж байгаа юм, ах аа!

Ар нуруундаа арьсан бөмбөг нуусан охид ам булаалдан гацахгүй авч байна аа. Бид сургуулийнхаа хашаанд хөвгүүдтэйгээ хөл бөмбөг тоглох гэж байгаа нь тэр л дээ. Худлаа хэлж ч сураагүй гэнэн хүүхдүүдийг харж аав инээдээ барьж ядан байгаа нь илт. Физик, хими гэх мэт байгалийн ухааны хичээлүүд шинээр орж, квадрат тэгшитгэл үзэхийн зэрэгцээ гэрийн даалгавар, гэрийн ажил хоёртоо нухлуулсан 14 настнуудыг нусаа татан бие биенийхээ аав ээжид “худал” хэлэн өглөө эрт бөмбөг эргүүлдэг байх тэр цагт Монгол оронд нийгмийн өөрчлөлтийн уур амьсгал хэдийн орж жагсаал цуглаан болж байжээ.

 

1991 оны нэгдүгээр сарын 15-нд алдарт хорьдугаар тогтоол батлагдаж, 5-р сард нь Өмч хувьчлалын тухай хууль батлагдлаа. Харин 16 настай бид юугаа ч мэдэхгүй амьтад ирэх хавар улаан шугамын урд орчих санаатай шалгалтад бэлтгээд ид билетээ боловсруулж байсан цаг. Хавар өглөө эрт билетээ уншина, зарим өглөө “билетээ уншингаа” Филатова гуайн Монголын хүүхдүүдэд зориулсан сүүлчийн бүтээн байгуулалт- Эх нялхсын төвийн дөнгөж баригдаж байсан суурийн дундуур хөөцөлдөж, нуугдаж тоглож байлаа. Биднийг нуугдаж тоглохоос сайхан зүйлгүй хүүхэд наснаасаа холдож амжаагүй байтал 70 жил бүтээн байгуулсан социалист өмчийг хувьчилсан нь энэ байлаа. Хөлсөө гартал хөөцөлдөн тоглох бид мөрөөдөж, төсөөлж байсан өнөө коммунист гэрэлт ирээдүй нь нуран унаж байгааг хэрхэн мэдэх билээ.

 

Улсын томоохон үйлдвэрийн газруудыг цэнхэр, ягаан тасалбараар иргэддээ хувааж өгчээ. Манай зургаан ам бүлийн тасалбаруудын ягааныг нь ээжийн ажиллаж байсан худалдааны конторын дарга 40 мянган төгрөгөөр авчихаж, цэнхэрээр нь мах комбинатын хувьцааг авч, хожим цөөн хэдэн цаас өгч тооцоо дуусгасан гэсэн. Нэгэн амралтын өдөр сүр сархийсэн нэг залуу гэрт давхин орж ирээд аавд арван мянган төгрөг атгуулаад үлдсэн бүх цэнхэр ягаан тасалбарыг хамаад гарч билээ. Тэр ахыг гарсны дараа аав гуяа алгадан гараад тэр үед дөнгөж гараад байсан видео гаргадаг приставка гэдэг ховрын эдийг Брюс ли-гийн нэг хоёр кинотой авчирч, манайх гэдэг айл тэр хавьдаа байхгүй “баян” айл боллоо. Маргааш нь бүх юмны үнэ автоматаар хоёр дахин нэмэгдэж, аав, ээж хоёр маань хоёр дахин хямд үнээр ийм том “эд хөрөнгө”-тэй болсондоо бүүр нэг хөхиүн баяртай байж билээ. Ингээд гэр маань оройдоо аав, өдөртөө манай эрэгтэй дүү найз нараа авчирч үнэгүй кино үзүүлдэг үзвэрийн газар болж хувирах нь тэр ээ. Өмч хувьчлалын “өгөөж” манай гэрийн хувьд ингээд өндөрлөв. Бидэнд хорьдугаар тогтоолын өгөөжийг хүртэж өөрийн болгох орон сууц, малын аль аль нь байсангүй, айлын хашаанд хөлсөөр сууж байсан цаг.

 

Удалгүй ээжийн ажиллаж байсан худалдааны VI контор хувьчлагдаж олон ажилчдаа халсны нэг нь дөнгөж 36 настай, дөрвөн хүүхдийн нь нэг нь ч хоолондоо хүрч чадаагүй миний ээж байлаа. 20 жил ажилласан, 4 хүүхэдтэй бол шууд тэтгэвэрт нь гаргаж байв. Одоогийн надаас 8 дүү залуухан эмэгтэй шууд гудамжинд гарав. Техникумд суралцсан жилийг ажилласан жилд оруулж тооцдог байсан тул ээж шинэ нийгмийн “тэтгэврийн” болзол хангажээ. Гэвч тэтгэврээ тогтоолгож чадсангүй, учир нь бүх зүйл эмх замбараагаа алдсан тэр үед Дорнодын техникумд суралцсан болон Сүхбаатар аймгийн “Зам” сонинд ажиллаж байсан үеийн архивын материалууд олдсонгүй. Ингээд ээж минь Улаанбаатар зочид буудлын нэг давхарт байрлаж байсан “Даламал” компанийн “Пондс” тосноос эхлээд барааны саван, угаалгын нунтагийг Дэнжийн мянгын зах дээр зогсон зарж биднийг тэжээх боллоо. Аав минь анхны хувийн такси компаниудын нэг “Зэндмэнэ” хоршоонд такси барих болов.

Намайг 9-р ангид сурч байхад 1992 онд Ардчилсан Үндсэн хууль батлагдаж, аравдугаар ангиа төгсч төгсөлтийн баяраа хийсэн 1993 оны зун Ерөнхийлөгчийн анхны сонгууль болж байв. 1994 онд сургуульд орж чадаагүй азгүй би хөгшин япон нөхөртэй суусан залуухан бүсгүйн хувьчилж авсан 40 мянгатын баншны кафед ээжийн түрээсэлсэн лангуунд зогсож гурил, будаа, боов, талх зарахын зэрэгцээ оройдоо аавынхаа ажилладаг такси компанийн орлого хураадаг мөнгөний няравын ажил давхар хийх болов. Ээж минь лангуунд намайг зогсоогоод хуушуур, бууз хийж тэр хавьд Оросын виз гаргадаг залууст худалдана. Дүү бид нар лангуундаа борлуулах бараандаа шөнө оройдоо оочирлоно. “Өгөөж”-ийн гадаа олон ч шөнө хонож, “Талх чихэр”-ийн туузан гоймонд олон ч өглөө оочирлосон доо. Харин энэ үед Ашигт малтмалын анхны хууль батлагдаж Монголын баялгийг хувааж авах үндэс тавигдаж байв.

 

 

36-хан настай ээж минь ажилгүй болж нэг өдөр гэртээ орж ирмэгцээ цөхрөн уйлахад, аав ажилгүй болж хувиараа ажил хайж эхлэхэд, аравдугаар ангиа төгсөхөд сургуулиуд төлбөртэй болоход, МУИС-д надтай зэрэгцэн орос хэлний шалгалт өгч байгаад шалгалтын хуудсан дээрээ нэг ч өгүүлбэр бичиж чадахгүй гарч байсан таньдаг охин Төрийн ордонд ажилладаг дарга ааваа дагуулан гүйж яваад миний өмнүүр жагсаад Их сургуульд орчихыг харахдаа л би энэ нийгэм нэг л биш болж байгааг, гэхдээ таагүйгээр өөрчлөгдөж байгааг хүүхдийн зөнгөөрөө мэдэрч байлаа.

 

 

1997 онд би оюутан, Баатархуяг бид хоёрын ид болзооны үе. Хуягаа Налайхаас хичээлдээ ирэхдээ торгууд гамбир, шинэхэн нойтон өрөмтэй, харин би оройн хоолноосоо илүүчилж варианы шилэнд хийж авчраад хоюулаа урлаг, уран зохиол, түүх, ирээдүйн тухай ярилцдаг байсан гэгээн цаг. Энэ үед Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж, социализмын үед илрүүлсэн газар дорх баялгийг бүгдийг хувааж авцгаав. Биднийг анхны хүүгээ төрүүлэн, айл гэр болох гэж хашаа байшин хөлслөн, сайн сэтгүүлч болох гэж телевиздээ өдөр шөнөгүй ажиллан байх тэр үед Монгол орны газар дээрх болон газар доорх өмчүүд хэдийн хувьчлагдчихсан, АХ НАР хийдгээ хийчихсэн байв. Өнөөгийн энэ нийгэм аль хэдийн хэлбэр төрхөө олоод биднээс хамааралгүй уруудах араандаа залгачихсан байлаа.

Энэ бол миний үеийнхний амьдралын нийтлэг дүр төрх. Хуучин нийгэмд их дээд сургуульд орж, эмч, багш, эрдэмтэн болох ёстой байсан миний үеийн олон залуус атаманууд эсвэл “муу сурлагатан”- уудтайгаа нийлэн ганзага үүрэн наймаанд явсан. Зарим нь эрсэдсэн, зарим нь “шатаж” дуусаад архинд орсон, арай дөнгүүр нь нэг их томроогүй ч жижиг, дунд бизнестэй болсон, зарим нь гадаадад цагаачилсан. АХ НАР-т үр шимээ хүртээн дотоодод болон гадаадад үнэ төлбөргүй сургасан социалист нийгэм ийнхүү бидний яг хамрын өмнүүр таслагдан алга болсон юм. Амьдралыг гүнзгий төсөөлөх болоогүй, картын талхандаа оочирлож, хайрлаж дурласан арван хэдхэн настай байхад минь социализм мөхөж, АХ НАР шинэ нийгмээ бүтээчихсэн байв. Манай үеийнхэн алдагдах нь тэр ээ. Манай үеийнхэн өмч хувьчлалд оролцсонгүй. Шинэ нийгэм байгуулахад саналаа өгч оролцох хэмжээний ухамсартай насандаа хүрээгүй байв. Социалист нийгэм дөнгөж сургуулиа төгссөн залуусыг сурлагаар нь ангилан бүгдийг их сургууль, ТМС, техникум, ажил дээр хуваарилдаг байсан бол шинэ нийгэм “Чадвал амьдар, чадахгүй бол хохь чинь!” гээд зэрлэг капитализм руу ямар ч капиталгүй биднийг хамгийн анх түлхчихсэн юм. Оюуны чадвараар ангилдаг нийгмийн шалгуур байхгүй болж зэрлэг байгалийн шалгарал руу бидний үеийнхэн түлхэгдэн орлоо. Олонх нь хөл алдан живсэн.

 

 

Социалист нийгмийн нийтлэг хэв ёсоор бага насны хүмүүжлээ олсон тул аав, ээжийнхээ үгэнд ордог, гадаа тоглож байгаад танихгүй ч хамаагүй том хүн харахаар айж дэрхийн гэр гэртээ орцгоодог, багшдаа зэмлүүлж, хааяахан указкадуулснаа асуудал болгодоггүй, танихгүй том хүнд загнуулж сургамж авдаг, хэрэглэж биш хэмнэж амьдрах хэв маяг автоматаар суусан социализмын сүүлчийн могиканууд бол МАНАЙ ҮЕИЙНХЭН. Нийтлэгээрээ ийм. Мэдээж АХ НАР-ыг дагаж тендер цохиж боссон Д.Бямбацогт, Дархан нэхийг хувьчилж, ХЗХ-оороо ЖДҮ сангийн мөнгийг хүүлдэг Ж.Энхбаяр гэх мэт цөөхөн өөр тохиолдлууд бидний дунд бий л дээ. Тэд тоолох нас нь бидэнтэй үе боловч төлөөлөх эрх ашиг нь АХ НАР-тай ижил. Цөөхөн тийм хүмүүс ч бас л цагийн аясыг дагаж амьдрах аргаа өөрийнхөөрөө сонгосон нь тэр...

 

 

Өдгөө бидний үеийнхэн бүтээлцэхэд нь оролцоогүй, оролцох ч боломжгүй байсан өмнөх гучин жилийн хариуцлагыг АХ НАР-тай ярьж байна. Баяхонгорын арван жилийг төгссөн С.Ганбаатар, Сүхбаатар аймагт дунд сургуулиа дүүргэсэн Ж.Батзандан, 3-р хорооллын 40-р арван жилийг төгссөн Г.Уянга нарт хөрөнгө чинээгээ өвлүүлэх эцэг эх, улстөрд хөтлөх “сайн ах” ч байгаагүй, тэд Сүхбаатартын талбайгаас төрийн ордон хүртэлх 100 метр зайг арван жил туулсан МАНАЙ ҮЕИЙНХЭН. Энэ нийгмийг бүтээлцээгүй биднийг АХ НАР-тай заримдаа адилтгах. Тийм хүмүүст би учрыг тайлбарлан хэлэхдээ далтоник гэж өвчнөөр жишээ авдаг юм. Далтоник гэж хүний нүд өнгө ялгаж харж чадахаа больчихдог сонин өвчин байдаг гэнэ. Далтоник туссан хүн бүх зүйлийг хар цагаанаар эсвэл саарлаар, эсвэл аль нэг дан өнгөөр хардаг болчихдог байна. Хүний оюун ухаан далтоник тусч болохгүй. Өнгө ялгаж чаддаггүй нүд шиг зөв буруу, үнэн худал, өнгөрсөн, ирээдүйгээ ялгаж ойлгож чадахгүй оюун ухаантай хүмүүс яаж энэ нийгмийг цааш авч явах болж байна даа?! Өмнөх үеийн хийсэн алдаа завхралыг засах гэж, тэдэнтэй яг нүүр тулан тэмцэлдсээр орь залуу насныхаа арван жилийг гудамжинд тэмцэж өнгөрөөсөн биднийг АХ НАР-тай адилтгах нь үнэндээ гол харлатал гомдмоор. Гэвч ард түмэнд гомдож улстөр хийдэггүй. Өнөөдөр биш ч маргааш гарцаагүй ялгарна. Тийм ялгааг бий болгохын төлөө өнөөдөр явцгааж л байна, бид.

Биднийг АХ НАР-тай үзэлцэн байх зуур нэг мэдсэн, ард “хунтайж” нарын үе эгнэн зогсож байв. Өмч хувьчлал, төрийн мөнгө, баялгийн лицензээр баяжсан эцэг эхийнхээ мөнгөнд хахсан, зовлон үзээгүй ХУНТАЙЖ нар дээрээс зэрвэс харан гоонжиндоо гараа хийсээр салхи татуулан “гадаадын хөрөнгө оруулалт”, “хөрөнгө оруулагчдын эрх ашиг”, “Монголын зээлжих эрх”, “саарал жагсаалт”, бас орк, поп ярьсаар үнэтэй машин, онгоц хөлөглөн хажуугаар сүнгэнэх болов.

Өмч хувьчлалаар эхний хулгайгаа хийсэн хүмүүсийн үр хүүхдүүд нэгэнт баяжсан аав ээжийнхээ ачаар чадсан чадаагүй гадаадад өндөр төлбөртэй сургуульд сурч төгсөв. Өдгөө тэд улстөрийг удам залгасан “хунтайж” нарын үйл хэрэг болгоно. Өсөхдөө хангалуун байсан, өмнөх нийгмээ төдий л мэдэхгүй, ард олон яаж амьдарч байгааг ойлгодоггүйн дээр дорд үздэг, хөрөнгийг шүтэн биширсэн, үндсээ үгүйсгэсэн бүтэн үеийнхэн гарч ирэв. Тэд эцэг эх нь хэрхэн хөрөнгөжсөнийг ч мэдэхгүй. Ардчиллын буянаар ийм заяатай төрсөн мэт сэтгэнэ. Ямар сайндаа арваад жилийн өмнө нэгэн хөрөнгөтний хүү “шатахууны үнэ литр нь арван мянга болоосой, хотын гудамжаар ганцаараа дураараа давхих юмсан” гэж байхав.

АХ НАР-ыг “Ардчилал”, “ил тод байдал” ярьсаар гарч ирэхэд тэдний өмнөх үеийнхэнд хувийн эрх ашиг, өмч хөрөнгө, ер хувийн гэх юу ч байсангүй. Аймхай, хүлцэнгүй, хариуцлагаас зугатдаг тэднийг Н.Чаушескугийн үхлийг харуулсан бичлэгээр айлгахад л “Ертөнц өөрчлөгдөж байх шиг байна, бид аясыг дагахаас сөрөх аргагүй болох шиг боллоо” гээд бууж өгцгөөсөн юм. Харин одоогийн АХ НАР тэдэн шиг тайван замаар орхиж чадах болов уу? АХ НАР дэндүү том эрх ашигтай болсон бус уу? Тэдэнд өмч, лиценз, банк, үйлдвэр, архи, тамхи, нефть шатахуун, алт, зэс, уул уурхай байна. Монголын баялаг тэдний хувийн өмчид байна. Зөвхөн тэд өөрсдөө байвал ч нэг хэрэг, гэтэл Монголын баялгаар хөрөнгөө хийсэн үй олон гадныхнаас авсан авлигын мөнгөөрөө шантаажлагдан тэдний эрх ашгийг хамгаалахаас өөр аргагүй байдалд уягдсан хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг эмгэнэлт хувь тавилантай АХ НАР.

Нийгмийн баялаг хэдийн 30 гэр бүлд хуваарилагдаж, баялгийн энэхүү хуваарилалтыг эрхгүй дагасан нь л ажилтай, орлоготой, бизнестэй байх зүй тогтол руу нийгэм аандаа гулсан оров.

 

АХ НАР хэн бэ?

 

Социалист нийгмийн хатуу шалгуураар нийгмийн дээд зиндаанд орох чадваргүй, боломжгүй, гологдогсод байсан учраас хуучныг зөнгөөрөө үзэн ядагчид. Барууны нийгмийн зах зухыг хальт мэдэрсэн юм үзээгүйчүүд. Улс үндэстнийхээ оюун санаа, итгэл үнэмшил, ирээдүйн тухай бүтэн бодож чадаагүй, зүгээр л барууны хэрэглээ, үзэгдэх өнгийг зорьсон нимгэнчүүд.

1996 онд Ардчилсан Холбоо эвсэл анх удаа парламентад олонх болоход Төрийн ордон тэр аяараа өөрчлөгдсөн гэдэг юм. Цай зөөдөг намбалаг бүсгүйчүүд богино банзалтай охидоор солигдож, их хурлын гишүүд цадигаа алдаж, авааль эхнэрүүдээ туслахуудаараа сольж эхэлсэн юмдаг. Их хурлын дарга нь хүртэл референт бүсгүйг эрээ цээргүй эргүүлэн түүнийг нь ордон даяараа мэддэг болсон цаг. Ёс суртахууны улаан шугам хэдийн хүлээс алдууран алга болж Төрийн ордон архи дарсанд хөвсөлзөж, амрагийн шуугианд оволзож эхэлсэн юм гэдэг. Тэнд О.Дашбалбар агсан л ганцаархнаа энэ бүхнийг сөрөн шоолуулан адлуулан, газрыг хувьчлах, казино нээх хуулийг эсэргүүцэн аргаа баран ганцаараа шүлгээ тэрлэн, хааяахан бор дарсандаа хөлчүүрэн гансран сууж байсан гэдэг.

Юм үзээгүй энэ хүмүүс эрх мэдэлд хөлчүүрэн, мөнгөнд улайрсан. Социализмаас капитализм руу живэн ороход зөвхөн бид биш АХ НАР ч бас хөл алдсан юм. Элдэв брэндийн хувцас уралдан худалдаж авцгаасан. Машинд хорхойссон. Уралдаж сайхан байшин барьцгаасан. Үл хөдлөх хөрөнгөтэй болцгоосон. Юм үзээгүй материалистууд эхлээд зүгээр л юмтай байж үзэх гэсэн. Мэдээж бүгдээрээ гадаадад явцгааж бага ч атугай нүд тайлцгаасан. Уудаг архи нь ордонд нэгнийхээ өрөөнд хураачихаад хааяа орж сэгсэрч найруулж уудаг цагаан биш, далайн чанадаас авчирсан виски болов. АХ НАР төргүйгээр хүн бүхэн өөрсдийгөө авч явах ТУЙЛЫН ЭРХ ЧӨЛӨӨ-г эх орондоо хайр найргүй импортлохдоо хөрөнгөт нийгмийн зах зухыг өөрсдөө ч бас амсаж учраа олохгүй будилан, бишрэн байж. Төрийг удирдах хэрэггүй, ингээд л наргицгаая, угаасаа үл үзэгдэгч гар удирдчихдаг... гэлцэж байхдаа тэд өөрсдөө ч үл үзэгдэгчдээ удирдуулж байгаагаа мэдсэн болов уу?

Даган дуурайж, үлгэр авч байгаа шинэ ертөнцийнхөнтэйгээ ижил брэнд өмсөж, ижил машин хөлөглөсөн ч харцаараа, байгаа байдлаараа, соёлоороо өөрсдийгөө нүцгэлэн илчилж байсан байж таарна.

Гадаадад айлчлахдаа зочид буудалд ороод мөнгөө хэмнэх гэхдээ бөөнөөрөө өрөөндөө ордог, нэгнийхээ өрөөнд “том хүний кино” үздэг, хуралд суухын оронд дэлгүүр хэсч чемодан, чемоданаар бараа зөөдөг... тэр өхөөрдөм үеийг бид биш АХ НАР туулсан.

Зөвхөн адилхныг эдлээд тэдэнтэй нэг зиндаанд очдоггүйг мэдэв. Онгоц хөлөглөсөн хүнтэй адилхан онгоцтой очиж байж ярилцдаг болохыг ойлгож онгоцтой болцгоолоо. Зураг цуглуулдаг хүнтэй зураг цуглуулдаг байж ярилцдагийг ойлгов. Харин барууны зураг цуглуулагчид манай зураг цуглуулагчийн цуглуулсан зургаа галерей барьж биш айлын агуулахад хадгалж байгааг, зургийг урлагийн бүтээлээс илүү хууль бусаар олсон мөнгөө нуух аятайхан хэрэгсэл гэж үздэгийг л битгий мэдчихээсэй билээ. Гэвч тэдний зиндаанд очиход энэ бүхэн бас л хангалтгүй байлаа. Адилхан сэтгэж, адилхан ярих хэрэгтэй болов. Үүнд суралцахад харин цаг хугацаа хэрэгтэй ажээ. МАН, АН-гүй үүнд суралцахаар бүгд АНУ-г зорих болов. “Би Монгол” гэх бахархлын оронд “Би буурай орных” гэсэн комплекс дүүрэн тэд шүүлтүүр багатайхнаар барууны ардчилалд уусч эхлэв. Үнэндээ өөртэй нь адилсах гэж, өөр рүү нь дөхөх гэж чармайн хичээж байгаа нь биш харин дэлхийн соёлт хүн төрөлхтний чиг хандлагыг ойлгож хүндлэхийн зэрэгцээ хамгийн чухал нь өөрийгөө бүрэн таньж мэдсэн, өөрийн маш тодорхой үзэл бодол, итгэл үнэмшил, эрх ашигтай, түүнийгээ итгэлтэй хамгаалж бусадтай ярилцаж, бас харилцаж чаддаг нэгэн л үнэлэгддэг гэдгийг АХ НАР энэ бүхний эцэст ойлгосон бизээ.

Миний парламентын сурвалжлагч болж Төрийн ордонд орж ирсэн нь 1999 он. Ж.Наранцацралтыг зохиомлоор унагаж байхад нь яаж мэдээлэх учраа олохгүй, олон хүнээс авсан урт урт яриандаа түүртэн сандарч бүлтэгнэж зогссон хорин хэдхэн нас. Энэ үед МАН АН нийлсэн хуйвалдаан, бие биесээ араар нь хутгалан засгаа унагах, улстөрийн аллага, алдаагаар нь биесээ шантаажлан хүссэнээ гүйцэлдүүлэх, авлига, казино, мөнгөөр биесээ худалдаж авах, худалдаж авсан учраас “тэрний хүн”... энэ бүхэн хэдийн биеллээ бүрэн дүүрэн олчихсон байсан цаг.

Тэд тоолж байтугай төсөөлж ч үзээгүй их мөнгөнд умбав. Мөнгөөр бүтээж болохгүй зүйлгүй болов. Мөнгө хүчтэйгээс гадна шидтэй ажээ. Эд хөрөнгө худалдаж авах юу ч биш. Түүгээр хүн худалдаж авч болно. Эрх мэдэл худалдан авч болно. Мэдээж хүүхэн худалдан авч болно. Сүүлдээ хүүхэн ч сонин биш болов. Хүн амьдралдаа энэ ертөнцийн элдэв гаж, сонин явдлыг үзэх ч ёстой юм бил үү? Биесээ эмлэх, “баруунд зөвшөөрөгддөг хар тамхи, мөрийтэй тоглоом... АХ НАР-аас эхтэй юм шүү! “Мөнгөгүйгээр улстөр хийх боломжгүй!” АХ НАР ингэж үздэг. Гэхдээ энэ бүхнийг чухам АХ НАР л туулж өнгөрөөх учиртай байж, өөр хэн гэж?! АХ НАР-ын туулсан, тэрхэн үедээ жаргалтай ч юм шиг хирнээ эргээд бодоход хар дарсан зүүд шиг энэ зам гарцаагүй туулахаас өөр аргагүй зам байсан уу?! Би ингэж үздэггүй бөгөөд энэ талаараа жич өгүүлэх болно. Ямартай ч тэдний алдаа харин бидэнд их олон зүйлийг ойлгуулж, “Яаж улс орныг авч явж болдоггүй вэ” гэдгийг биечлэн үлгэрлэн үзүүллээ.

 

Хүннү, Сүннүгийн үеэс эхлээд Монгол хэмээх үндэстэн-улсыг үе үеэрээ авч явлаа. Хүннүгийн Модун хааны үед хүчирхэгжин мандаж улсын төрхийг олоод улмаар бутарч ертөнцөөр нэг тархаад, Эзэн Чингис богдынхоо үед эргэн нэг хүчирхэгжин мандаж ертөнцийг хураан төвшитгөжээ. Өвөр зуураа хэмлэлдэн тэмцэлдсэн түүний үр ач хураасан их гүрнийг нь бутраан сарниагаад 20-р зууны эхэнд мөхдөгийн даваанд дэлхий ертөнц хоёр туйлд хуваагдсаны нэгэнд буюу социалист лагерьт багтаж орсны үрээр монгол үндэстэн “коминтернийн инкубаторт” нэг хэсгээ хядуулан байж дахин нэг сэхэл авсан билээ.

Монголоо дэлхийн дайдад нэртэй болгож, ертөнцөнд үүрд мөнхөлсөн Их Хаанаа, түүний дараа дараагийн үр хойчийг үүрд шүтэн мөнхлөх үүрэгтэй билээ, бид. Үүргээ умартан улсаа бутарган сүйрүүлсэн удаах үеийнхнийг үүрд сургамж болгон санах учиртай. Энэ хүчирхэг гүрнийг алтан ембүү, албан тушаал, авгай хүүхэн төдийхөнд хууртан найр тавьж байсан Манжийн үеийн арчаагүй дорой, долдой урвагчдыг үеийн үедээ жигшин нулимж, үрийн үрдээ сануулан сургамаар. Тусгаар тогтнолоо эргүүлэн авахдаа урсах цус, золих амиа хайрлаагүй хорьдугаар зууны эхэн үеийн өвөг нараа хайрлан бишрэн шүтмээр. Түүний дараа далхан жилд хүн амаа тав дахин өсгөж, Монгол орноо бүтээн босгож, аж үйлдвэржсэн орон болгож, хүн бүрийг боловсролтой, эрүүл, ирээдүйдээ итгэлтэй болгож чадсан тэр хоёр үеийн ахмадуудыг бахдан дурсан хайрлан дуураймаар.

Харин одоо түүний дараах гучин жилийг бид дүгнэж байна. Бидний өмнөх гучин жилд Монголыг “авч явсан” АХ НАР-ын хийсэн ажил, ач гавъяаг алдаа оноотой нь дүгнэн хэлэлцэж байна.

 

Гуч, дөчин жилийн дараа бидний үеийнхний алдаа, оноог дараагийн үе дүгнэн хэлэлцэх болно. Биднийг дүгнэх үеийнхэн одоохондоо залуу байна, суралцаж, дурлаж хайрлаж, үр хүүхэдтэй болж, энэ нийгмийн учрыг бүрэн ухаараагүй залуу насандаа байгаа. Яг л гучин жилийн өмнөх бидэн шиг.

 

 

АХ НАР буруу ажил хийснээ ойлгов. Ганцаараа бодолд дарагдан суухдаа “Би юу хийчихэв ээ?!” гэж толгой салаавчлах болов. Олуулаа нийлэхээрээ өмнөх гучин жилд байж болох бүхий л зөвтгөлийг хэлэлцэн цөхөрсөн оюунаа тэжээж сэтгэлийн түр тайтгарал эдлэх болов. Гэхдээ нийгэмд үүнийгээ илэрхийлж болохгүй! “Ардчилал бидний цорын ганц зам байсан!” энэ үлгэрт бусдыг итгүүлэх биш өөрөө жинхэнээсээ итгэх хэрэгтэй!

 

 

Энэ эргүүлгээс улс орныг гаргах биеийн ч, сэтгэлийн ч тэнхэл барагджээ. Тэд эргэлддэг хүрдийн араа шүд болон хувирсан байв. Харин тэд амьд үлдэх гэсэн амьтны зөнгөөрөө эргэлдэх хүрдийг аль болох удаан ажиллуулах ёстой!

Мөнгө, эрх мэдэл, баялаг, зохион байгуулалттай энэ хүчирхэг араа шүдийг нүцгэн гараараа ханцуй шамлан зогсоох Капитализмын шуурган далайгаас амьд үлдсэн МАНАЙ ҮЕИЙНХЭН байна уу?

 

 

“Ах нар зайгаа тавьж өгөх болсон!” Хөх инээд хүрэм энэ үгийг хэлэх “өтөл балчир-уудыг харахаас өхөөрдөм. Улстөр бол АХ НАР хоёр талаар нь ярагдан зогсоод инээмсэглэн чамайг урих сарнайн дэлбээ цацсан улаан хивс биш, тэр тусмаа одоо цагт! Алдах юм дэндүү ихтэй АХ НАР-аа бүгдийг нь буудаж унагаад АХ НАР-гүй сайхан нийгмийг бүтээнэ гэж бодож байна уу, МАНАЙ ҮЕИЙНХЭЭН? Өмнөх үеийнхэн үхэж дуусч байж шинэ нийгэм номоороо зөв сайхан явах тухай цөхрөн хэлсэн Баабар АХ-ыгаа үхэхийг хүлээх үү?! Үе хоорондын дайсагнасан ужиг тэмцэл рүү дахин энэ улс орныг хөтөлж АХ НАР-ынхаа алдааг давтах уу?

Бүх баялаг, зохион байгуулалт, мөнгийг атгасан энэ үеийнхэнтэй /бас зарим манай үеийнхэнтэй, бас хунтайж нартай/ гар нүцгэн эрэлхэг тэмцэл хийж эрс өөрчлөлтийг бүтээх МАНАЙ ҮЕ БААТАРУУД үлдсэн үү? Хонг Конгийн иргэд, Солонгосын оюутнууд шиг гудамжиндаа цуглараад хувьсгал хийж чадах уу? Эс чадвал хүссэн хүсээгүй АХ НАР-тайгаа хамт өөрчлөхөөс өөр сонголтгүй болжээ. Одоохондоо тэдний харьцаа илт давуу байна л даа...! Гэвч тэдний нар шингэж, бидний сар шингэж байгаа...

МАНАЙ ҮЕ-ийнхэнд нэг л том үүрэг байх шиг. Баян-хоосон, хөгшин-залуу, буддист-загалмайтан, орк-урбан, поп-либерал, зайсангийнх-баянхошууных, МАН-АН, МАНАЙ ҮЕ-АХ НАР... Эс бүхнээрээ хуваагдсан, заадас болгоноороо салж бутарсан хэдхээн ардаа эвлэрүүлэн нэгтгэх. Ингэж л чадвал улс үндэстнийхээ өмнө хийж чадах, дараа үеийнхэнд дурсагдаж чадах МАНАЙ ҮЕИЙНХНИЙ ГАВЪЯА тэр.

Сэтгүүлч Гантөмөрийн УЯНГА