Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаад эх орондоо ирсэн Д. Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Сайхан намаржиж байна уу. Монгол Улсаас ӨМӨЗО-нд суух Ерөнхий консулаар ажиллах хугацаагаа дуусгаад ирсэн хүний хувьд одоо Монголдоо юу хийхээр төлөвлөж байна вэ. Таны дараагийн томилгоог хийсэн болов уу?

-Танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Одоогоор миний оронд хэн нэгэн томилогдож очоогүй.

-Энэ албан тушаал “эзэнгүй” байгаад байж болох юм уу. Хэр хугацаанд дараагийн томилгоо хийгдэх ёстой байдаг вэ?

-Парламент бүрдэхгүй удаад байвал төрийн ажил цалгарддагтай яг ижил асуудал. Аль болох хурдан томилбол ажил урагшилна, удвал дампуу алба болно. Гэвч ургийн модны усалгаа эзэнгүй төрийн эмгэнэл болж байгааг бүгдээрээ харж байна.

Үүнийг илрүүлээд илчлээд засаад явъя гэсэн эх оронч төрийн түшээ ховор болж. Өөрийнхөө модыг л усалж дэмжиж явах ахархан бодол, мөчид ухамсартай. Тэмцэж байгаа нэгнээ ямар нэгэн зохиомол хэрэг гаргаж ирээд намначихна.

Өөрөө л уснаас хуурай гарч байвал бусдын амьдрал, нэр хүнд шалан дээр унахыг юман чинээ боддоггүй, төрийн албыг төрлийн алба, хувийн компани гэж ойлгодог нөхдүүдээс салсан цагт төр эзэн шиг эзэнтэй, түшээ шиг түшээтэй болох үүд хаалга сөхөгдөж магад. Одоо бол Монгол төрийн ажил дотоодод ч гадаадад ч эзэнгүй юм шиг л байна.

-Өвөр монголд ажиллаж амьдардаг манай улсын хэчнээн иргэн байдаг юм бэ. Ерөнхий консул бүх иргэнд хүрч ажилладаг уу. Чиглэл өгөөд орхидог уу?

-ӨМӨЗО-нд манай 2000 гаруй оюутан сурч байна. Язгуур урлагийн чиглэлээр уран дархчууд, зураачид, оёмол хатгамал, гар урлалын чиглэлээр, хөөмий, уртын дуу, морин хуур гэх мэт үндэсний соёл урлагийн чиглэлээр ажиллаж байна. Өвөрмонголчуудад энэ төрлийн хичээл зааж байна. Ийм багш, уран бүтээлчдээс гадна бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд цар хүрээгээ тэлж байгаа.

ӨМӨЗО манайд хамгийн ойр худалдаа, хамтын ажиллагааны гол бүс нутаг. Хилийн найман боомтоор хоёр улсын бараа эргэлт өрнөж байна. Өнгөрсөн жил гэхэд л Монгол Улсын бараа эргэлт 10 тэрбум ам.долларт дөхсөн мэдээ бий. Үүний гол эргэлт ӨМӨЗО-оор дамжсан байдаг.

Энийг дагаад хилээр нэвтэрч буй иргэдийн урсгал мөн суугаа оронд байгаа иргэдтэйгээ адил. Энэ бүхэнд Ерөнхий Консул гар бие оролцож үүрэг удирдлагаар хангадаг.

-Та саяхан телевизийн ярилцлагад оролцох үеэрээ хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтны талаар ноцтой мэдээллийг дэлгэсэн. Ингэж ярьсныхаа төлөө дайралтад өртөв үү?

-Үгүй. Би худал хуурмаг зүйл яриагүй учраас дарамт ирээгүй. Би гэмт хэргийн шинж чанартай нэг ч үйлдэл хийгээгүй учраас бардам ярьсан. Дарга нарын хорсож байгаа байдал, үнэнийг нь ил болгочихоор байж сууж чадахгүй байгаа эмгэнэлтэй дүр зураг бол ажиглагдсан.

Гэхдээ “Улаан бал” нэвтрүүлгийн дараа маш олон хүн надтай утсаар болон цахим шуудангаар холбогдож өнөөгийн улс төрийн үнэнийг дэлгэсэнд талархаж, хэрэв ямар нэгэн дарамт шахалт ирвэл хамтаа нэгдэж тэмцэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Тэр бүх хүн “Таны ярьж байгаа “шахаа” төрийн байгууллага, яам, агентлагт үүрлэсэн” гэдгийг хэлж байна.

УИХ-ын гишүүд, сайд нар ийм уваагүй улс төрийг гааруулж өөрсдийн ах дүүгээ төрийн бүх шатны албанд байршуулаад хоногийн хоолоо төрийн албаар залгуулаад явж байгааг бид яагаад хүлцэж тэвчиж явах ёстой юм бэ.

Энэ улс орныхоо төлөө, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ төлөө гэсэн цохилох зүрхтэй залуус бий. Тэд нэгдэж ярих ёстой, тэмцэх ёстой. Ингэж гэмээ нь шударгын багийг зүүсэн худлын нүүрийг ард түмэнд харуулна. Худлын нүүрэн дэх хөө тортгийг угааж байж төрийн шилэн царайг ард түмэн харна.

Төрд тогтсон тортог арилж шилэн болоод ирэхээр энэ гажиг тогтолцоо засагдана. Товчхондоо, дүр эсгэсэн нөхдийн үнэн төрхийг илчилж байж төр эрүүлжинэ, эх орон хөгжинө.

Монгол Улсад хэний ч хүүхэд хаана ч ажиллаж болно оо. Заавал ч үгүй төрийн түшээ гэдгээр нь онцлоод байгаа юм биш. Өнөөдөр төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж, төрийнхөө төлөө зүтгэж, гавьяаныхаа амралтад гарсан болон хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн үе үеийн УИХ-ын гишүүд байдаг. Тэдний зармынх нь хүүхдүүд эцгийнхээ залгамж халаа болж, сайн ажиллаж байгаа.

Төр барилцаж, 30 жил нэг салбарыг удирдаж, хийсэн гавьяа, бүтээсэн зүйлгүй атлаа үр хүүхдээ төрд шургуулж, тэд нь төрийн албыг төрлийн алба болгон гажуудуулж, ажлаа хийж чадахгүй байгаа нөхдүүдийн талаар ганц нэг зүйл цухас хэлсэн. Түүнээс биш ардчилсан нийгэмд хэний хүүхэд, хаана ажиллах нь нээлттэй шүү дээ, тийм биз.

Өнөөдөр УИХ-ын зарим нэг уваагүй гишүүд дипломатын болон төрийн албаны шаардлага хангаагүй төрсөн ахыгаа төрд шургуулж байна. Угтаа УИХ-ын гишүүн бол хууль сахиулах ёстой хүн. Ийм байтал хуулиас гадуур зарчим гаргаж байгаа нь ямар ёс зүйгүй нэгэн болохыг харуулж байна. Ийм хүмүүсээс гарах хуулийн санаачилга ч ямар байх нь ойлгомжтой. Төрсөн ахыгаа, төрсөн хүүгээ, хамаатныхаа дүүг, бэрээ, нууц амрагаа төрийн албанд “шахдаг” уваагүй үйлдлийн үнэнийг би хэлсэн. Харин сэтгүүлчид та нар үүнийг хөөвөл төрийн албаны ургийн мод улам том болж ургах юм шиг байна лээ дээ.

-Таныг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандангаас эхлээд хэд хэдэн хүн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Б.Хурц, МАНАН-гийн гар хөл гэх байдлаар холбож ярьсан. Та үнэхээр дээрх хүмүүстэй холбоотой юм уу?

-Улстөрд өчүүхэн орон зайтай болсон хүмүүс л ингэж ярьж байгаа. Үнэний ангал руу унаж, үнэн нүүр царайгаа илчлэлгүй багтайгаа үлдэх ганц гарц нь улс төрийн багахаан орон зайдаа шударгын дүрд тоглох л байна. Багийг нь хуулчихаар улаан нүүр рүү нь олон хүн чичилнэ, ядаж л үнэний салхинд улайж хорсоно. Ийм байдалд ямар ч хүн мухардана.

Мухардсан хүн яаж муйхарлаж болдгийг л харуулж байгаа юм. Гэхдээ Ц.Нямдоржоос эхлээд Ж.Батзандан хүртэл Монголын төрөөр хэрхэн тоглож үр хүүхэд, ах дүүгээ өндөр албан тушаалд томилсныг монголчууд мэдлээ. Энэ л чухал. Түүнээс энэ нөхдүүд Д.Мөнх-Эрдэнэ гэдэг жирийн иргэнийг юу гэх нь огт хамаагүй. Айсан хүнд аргал хүртэл хөдөлж харагддаг гэдэг. Энэ нөхдүүдийн хувьд аргал байтугай нь хөдөлж харагдсан байх.

-Тэгэхээр та дээрх хүмүүстэй холбоогүй гэсэн үг үү?

-Тийм, би энэ нөхдүүд шиг МАНАН-г мэдэхгүй. Б.Хурц, Ц.Элбэгдорж гэдэг хүмүүстэй уулзаж үзээгүй. Харин Монголын ард түмэн Ерөнхийлөгч гэдэг утгаар нь таарсан газраа зураг авхуулдаг. Энэ жишгийн дагуу тааралдаж хамт зураг авхуулсан байж магадгүй. Ц.Элбэгдорж гуай чинь Ж.Батзанданг өршөөлөөр шоронгоос суллаад Ардчилсан намд оруулж хоёр ч удаа УИХ-ын гишүүн болгосон ах нь юм биш үү.

Б.Хурц гэж хүнийг сайн яривал Ц.Нямдорж гуайтай нэг нутаг усны хүмүүс гэх юм билээ. Монголын ард түмэн хараа сайтай бас чих нь бүгдээрээ хатуураагүй байх аа. Ц.Нямдорж оо, Ж.Батзандаан, сонгогчдыг төөрөгдүүлж хуурдаг аргаа одоо зогсоо. Хэдий болтол шударга царайлж явах гэсэн юм бэ. Одоо баг чинь хууларсан. Цаашдаа үнэний нарыг үзээгүй арьс чинь гуужиж эхэлнэ ээ.

Ард түмэндээ үнэн нүүр царайгаа эртхэн харуул, зовлонгийн түргэн нь дээр гэдэг юм гэж зөвлөе. Юм л болбол МАНАН, МАФИ гэдэг үг чинь улиг, шүлэг боллоо. Мафи байгаа бол Нямдорж илрүүлээд хуулийн хариуцлага хүлээлгээч. Эрх нь танд байгаа.

-Та төрийн албанд улс төрчдийн ах дүү, хүүхдүүд, нууц амраг тушаал ахидаг, дарга бол-дог. Жирийн иргэдийн хүүхдэд дэвших боломж олдохгүй байгааг хэлсэн. Энэ яриаг сонсоод хэн нэг албан тушаалтны дэмжлэггүй, бор зүрхээрээ ажиллаж байгаа олон залуус төрийн бүх шатны байгууллагад ажиллах хүсэлгүй болсон байх гэж бодогдсон. Энэ талаар тодруулаач?

-Ц.Нямдорж гуайн хүү Н.Анхбаяр гэж залуугийн ажилласан байдлын намтрыг шүүгээд үзээрэй. Дандаа удирдах, дээд албан тушаалд томилогдож дарга хийсэн байдаг. Даргын хүүхэд дарга хийж болохгүй гэж хэлээгүй л дээ. Гэхдээ энэ хүний кэйс нь аль ч төрийн албанд байдаг мерит зарчмыг эвдсэн. Энэ нь мэргэжилтнээс эхлээд үнэхээр сайн ажиллаж байгаа бол хэнийг ч ахиулан дэвшүүлдэг зарчим.

Н.Анхбаярын тухайд тэр зарчмыг алгассан нөхөр. Аавын буянаар тээр доороос тэнгэрт тултал лифтээр явсан хүүхэд. Атташе, захирал, Ерөнхий консул, ГХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга, ГХЯ-ны ТЗУГ-ын захирал гэх мэтээр завсаргүй дарга хийсэн.

Дахин хэлье. Аав нь дарга бол хүү нь дарга байж болохгүй гэсэн хуульгүй ч жирийн иргэний мэдлэг боловсролтой, чадвартай, чансаатай хүүхэд, насаараа төрд ажилласан эрдэмтэн мэргэд, доктор, профессорт олддоггүй даргын сэнтий энэ хүнд түвэггүй олдоод байгааг л би ил тод хэлсэн. Мөн Ж.Батзандан гэж хүний ах Ж.Баатарчулууны томилгоог ч би үүнд хамаатуулж ярьсан.

Энэ нөхөр бол төрийн албаны шалгалт хэзээ ч өгч байгаагүй хүн. Төрийн албаны шалгалт өгөхөд олон шаардлага тавигддаг. Жишээ нь, компьютер, хэлний мэдлэг, багаар ажиллах чадвар, харьцааны соёл гэх мэт. Энэ нөхөр алийг нь ч хангахгүй. Тэгээд төрд насаараа ажилласан гээд байгаа. Ийм нөхдүүд төрийн албаны хүнд суртлыг бий болгодог. Ж.Батзандан ахынх нь тухай ярихаар эгчийгээ яриад байгаа.

Батзандангийн ах л муугийн жишээ болж байгаа болохоос эгч нь огт хамаагүй. Тэмээ гэхээр ямаа, тэнгэр гэхээр газар гээд байгаа хүн мухардалд орсон, үнэний буланд шахагдсан худал хүн мөнөөс мөн биз.

Жирийн иргэний хүүхэд төрийн албанд орохын тулд ямар их шаардлагыг давж, хэчнээн олон шат дамжлагыг дамжиж, ямар их хүнд суртлын ард гарч аз байвал ордог, байхгүй бол гудамжид үлддэг билээ. Гэтэл өнөөдрийн ГХЯ-ны томилгоог хар. Үйл ажиллагааг хар. Ийм болгосон хүн нь ГХЯ-ны Д.Цогтбаатар сайдын царай, дүр төрх нь. Эмгэнэл илэрхийлмээр...

-ГХЯ-ны сайд шударга томил-гоо хийхгүй байна хэмээн ганцхан жишээгээр хэлж болохгүй байх?

-Би аливааг өнгөцхөн харж дүгнэж, ярьдаг хүн биш. Энэ бол ганц хоёрхон удаагийн ноцтой, эрх ашгийн зөрчилтэй томилгоо биш. Маш олон жишээг хэлж болно. Зарим хэвлэлүүд дээр ч эрх ашгийн зөрчилтэй, ургийн модыг цэцэглүүлсэн томилгоог эрэн сурвалжлаад бичсэн байсан.

Тэр хэвлэлийг шүүхэд өглөө гэж би л лав дуулаагүй. Харин Д.Цогтбаатар л шударга шийдвэрийн тухай яриад жүжиглээд байгаа. Д.Цогтбаатар тийм л шударга юм бол даргын хүүхдүүд, хамаатнууд томилгоо хийгдээгүй гээд хэлчих, баталчих. Бас Консулын албанд гарсан орон тоон дээр хүн авах гэж байгаа бол нээлттэй сонгон шалгаруулалт зарла л даа. Үүн дээр хэнийх нь ч хүүхэд ирээд өрсөлдөг.

Зөвхөн чадалтай, чадвартай нь гадаад албанд тэнцдэг байвал хэний ч хүүхэд ялгаагүй залууст боломж олдоно. Төрийн албаны шалгалтыг нээлттэй болгочих л доо. Телевизүүдээр шууд дамжуулаг.

Бүхий л мэдээллийн суваг нээлттэйгээр энэхүү шалгалтыг мэдээлэхэд бэлэн байгаа гэж бодож байна. Хэний хүүхэд шалгалтад оров, хэрхэн тэнцэв, ярилцлагын шатандаа юу гэж ярив, ямар үзэл бодолтой, ямар хэмжээний амьдрал үзсэн юм бэ гэдгийг олон нийтэд харуулчих. Өнөөдөр дууны тэмцээнийг хүртэл телевизүүдээр дамжуулж нээлттэй шүүдэг болсон.

Ийм зарчмаар Гадаад харилцааны яам гэлтгүй төрийн байгууллагууд ажиллах боловсон хүчнээ сонгон шалгаруулчих. “Шилэн” зарчмаар ажиллах боловсон хүчнээ шалгаруулж байж шантаажны, албан тушаалын эрх ашигтай томилгоо хийгдэхгүй цэвэршиж, төрийн албаны хүнд суртал арилна.

-Манайд төрийн албаны тухай хууль бий. Уг хуульд ямар шат дарааллаар яаманд ажиллаад хэрхэн дипломат албанд томилогдохыг тодорхой заачихсан байдаг шүү дээ?

-Төрийн албаны шалгалт өгсөн хүн яаманд ажиллана. Ингээд тодорхой хугацаанд өөрийгөө боловсруулаад дипломат албаны шалгалт өгөх ёстой. Гэтэл Д.Цогтбаатар дээрх хуулийг нэг ч удаа биелүүлээгүйг би байтугай ард түмэн харж байгаа. Үнэхээр хуулиа биелүүлж байна уу, үгүй юу гэдгийг манай сэтгүүлчид эрэн сурвалжлаад гарга л даа. Ичмээр юм гарч ирнэ.

-Төрийн түшээдийн ёс зүй алдагдсаны том жишээ юм болов уу?

-Манай түшээдтэй ёс зүй ярих шаардлагагүй. Төрийнхөө ордноос, УИХ-ын индэр дээрээс Монгол Улсынхаа иргэнийг баас, шээс, шодойгоор нь дуудаж байгаа гишүүнээс ёс зүй хайх шаардлагагүй. Монгол Улсынхаа иргэнийг, эцэг эхээс өгсөн нэрийг гуйвуулж гутаадаг төрийн түшээ байх ёстой юу. Энэ бол төр нь иргэнээ доромжилж байгаа хэлбэр мөн. Ж.Батзандан “Манай эгч онц сурсан, улаан дипломтой” гэж ярьж байна билээ.

Надад ч онц төгссөн ах эгч нар зөндөө л дөө. Монголд, Ж.Батзандангаас ч илүү боловсрол, мэдлэгтэй мянга мянган залуу бий. Хэнд юу хэлж гайхуулаад байгаа юм. Хэнийг доромжлоод байна вэ. Ах, эгч нар чинь тийм мундаг юм бол өөр өөрсдийн бизнесээ хийгээд баялаг бүтээ л дээ. Төрд орж ирж яах гэсэн юм. Ийм уваагүй нөхрийн талаар одоо яримааргүй байна. Монголын ард түмэн хангалттай таньсан. Мэдсэн.

Өөрийн хүчээр амьдралаа өөд нь татах чадваргүй хүмүүс л төр рүү улайран шургалдаг юм. Төрийг хулгай хийх боломжтой том зоорь, агуулах гэж хардгаа боль. Амьдралаа залгуулах хэрэгсэл гэж хардгаа боль. АТГ энэ хүмүүсийнхээ гадаад руу хэдэн удаа явсныг шалга л даа. Насаараа төрд ажилласан хүмүүс шүү дээ. Тэр олон хаусыг хэрхэн ямар арга замаар бий болгосныг нэг удаа ч болов дуудаад асуучих.

-АТГ жил бүр ХОМ-ийн мэдээллийг олон нийтэд зарлаж харуулдаг шүү дээ?

-Ц.Нямдорж гуайн хувьд гуч, дөчин жил төрд ажилласан. 1980-аад оноос өдий хүртэл авсан цалин нь 1,000-н төгрөгнөөс нэг сая төгрөг л болсон байх. Гишүүний сая төгрөгийн цалингаар хоол хүнсээ авдаггүй юм уу, үр хүүхдээ тэжээдэггүй юм уу, өмсөж зүүдэггүй хэрэг үү. Цалингаасаа илүү орлогогүй бол яаж тэр хаусыг барьсан байх вэ. Үр хүүхэд нь бас л хамгийн үнэтэй хаусанд амьдарч байгааг хэвлэлүүд бичээд байдаг.

Хэрэглээ нь жирийн өрхийн хэрэглээнээс хэд дахин давчихсан байна. Төрд орж хаус барьдаг шигээ үр хүүхдүүдээ төр рүү шургуулчихаад аав шигээ зовохгүй, тансаг амьдар гээд байгаа юм уу. Энэ хаус барьсан хөрөнгө мөнгө, гадаад руу явж суралцсан хэрэглээний зардал гэх мэт тансаглалын ард авлига хээл хахууль байна уу гэдгийг АТГ шалгаж илүү орлогыг нь ил болго. Төрд насаараа ажилласан шударга төрийн түшээ ийм байхаар иргэд нь төрдөө итгэх үү.

-Та Бээжин дэх Консулын газрын даргаар УИХ-ын гишүүний хүү очсон гэдгийг хэлсэн. Энэ мэт улс төр дэх ургийн мод сагсайж, салаалсаар байгааг нуугаагүй. Ийм тулга тойрсон эрх ашгийг зогсоох боломжтой юу?

-Гишүүдээс хүү, охин чинь яагаад дарга болчихов гээд асуухаар их хөгийн хариулцгаадаг юм. “Манай хүүхэд төрийн албаны шалгалтаа өгсөн. Миний ямар нэг дэмжлэг, туслалцаа аваагүй. Хэдийгээр би аав нь ч гэлээ нөлөөлөөгүй.

Өөрөө бор зүрхээрээ явж байгаад л дарга болчихлоо” гэдэг. Үр хүүхдээ өөрөө мэдэг гээд хаядаг хүмүүс ард түмнээ өлхөөн гээнэ шүү дээ. Бас Монголд гишүүдийн хүүхдүүдээс өөр онц сурдаг залуус үгүй болчихсон юм уу. Яагаад эгэл ардын хүүхдүүд томилгоогоор ийш тийш явахгүй байгаа юм. Хорин жил яаманд ажилласан, архи уудаггүй, ажилдаа зүтгэлтэй хүн дарга болж чадахгүй мэргэжилтнээс дээш ахихгүй байгаагийн нууц нь ердөө л энэ.

Ийм дэмжлэггүй, танил талгүй залууст яагаад хүрд эргүүлэх боломж олдохгүй байна вэ. Ийм ажлын “машин” болсон залуусаар яамны хар бор ажлуудыг нугалуулж байна. Ер нь хуулиас гадуур ажиллахын тулд хуулийг маш сайн найруулж сурсан байх ёстой байдаг юм байна. Энэ хүмүүс гучин жил жүжиглэлээ. Хуулийн дураараа заслаа. Одоо боль. Зогсоо. Иргэд тэвчихээ байлаа.

-Таны хэд хэдэн зураг цахим орчинд тарсан. Тухайн зургийг харсан хэнд ч таатай санагдаагүй. Та үнэхээр Өвөрмонголчуудын өмнө хоол идсэн тавгаа долоосон юм уу?

-Тэр зургийг Хулан гэж Ж.Батзандангийн хамаатан бүсгүй тараасан байсан. Хоолны ширээний ард сууж байгаа зургийг минь дараад ахдаа явуулсан юм билээ. Гэтэл Батзандангийн ах миний зургийг тийм хөгийн уваагүй байдлаар эвлүүлсэн байдаг.

Намайг олон хүнээр муулуулж, үзэн ядуулж, коммент бичүүлэхийн тулд ийм башир арга хэрэглэсэн нь явсангүй дээ. Ёстой үсэрсэн шүлс нь хатаагүй байхдаа баригдана гэдэг юм болсон. Батзандан минь баригдана даа, баригдана. Ийм явуургүй, хөгийн аргаар миний нэр хүндийг унагаах гэж оролдоод барсангүй. Би ахад нь “Миний зурган дээр л толгойг минь тасдана уу гэхээс амьдрал дээр чадахгүй. Та нар шиг хүн доромжилдог хүмүүс Монголын төрөөс зайлаарай” гэж би хэлсэн.

-Таныг УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ц.Нямдоржийн хүүхэд гадаадад сургууль төгссөн мундаг боловсролтой, таныг наймдугаар анги төгсөөгүй, боловсролгүй” гэсэн байна лээ. Та боловсролгүй хүн юм уу?

-Батзандангийн ухамсарт “УИХ-ын гишүүн хүн хэнийг ч доромжилж болдог” гэсэн код суучихсан юм шиг байгаа юм. 

Монголдоо боловсрол эзэмшсэн бакалавр, магистр, докторын зэрэг эзэмшсэн мянга мянган хүмүүсийг битгий доромжил. Миний хувьд Нямдоржийн хүүхэд шиг, Батзандан шиг гадаадад татвар төлөгчдийн мөнгөөр боловсрол эзэмшиж чадаагүй ч Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэйгөө адилхан Монголдоо боловсрол эзэмшсэн.

Миний хувьд хөдөө аймагт 10-р ангиа төгссөн. ТИС-ийн компьютер, техник менежментийн сургуулийг бакалавр, МУИС-д магистр хамгаалсан. Өнөөдөр гадаадад боловсрол эзэмшээд ирсэн дарга нарын хүүхдүүд, та нар юу хийж байгаа юм бэ. Ямар ч байсан хэлтэй болсон байх. Нэг Япон эрдэмтэн хэлсэн байсан. “Аавынхаа хулгай хийсэн мөнгөөр хүүхдүүд нь гадаадад сургуульд сурахаасаа ичдэггүй” гэж.

Энэ хүүхдүүд эх орноо хайрлах, хийж бүтээх сэтгэлтэй ирж байна уу. Гадаадад л байдаг гэх янз янзын гаж буруу урсгалыг хэн Монголд авчрав. Болох, бүтэхгүй элдэв буруу хэрэглээг хэн бидний дунд дэлгэрүүлээд байна вэ. Хар тамхи, янз янзын хүйсийн урсгалуудыг хэн бий болгов. Батзандан шиг гадаадад явж явж ирсэн зарим нөхдүүд оруулж ирсэн шүү.

Харин бор зүрхээрээ, эрдэм мэдлэгээрээ шалгараад гадаадад сураад ирсэн жирийн иргэдийн хүүхдүүд эх орон руугаа тэмцэж ирж байна. Ирээд өөрсдийн бор зүрхээрээ баялаг бүтээдэг. Та нарын идэж уудаг татварын мөнгийг төлдөг. Эх орноо хайрладаг.

Идеа өвөртөлж ирээд эх орондоо нутагшуулдаг. Хөлсөө дуслуулж хөдөлмөрлөдөг, ажлын байр бий болгодог юм. Одоо Батзандан Нямдорж нарын болон тэдний төрд шургалсан хамсаатнуудын талаар яримааргүй байна. Хавраас хойш намайг зохион байгуулалттайгаар их харлуулсан. Миний хувьд тэр болгонд хариу өгч явсангүй. Одоо улс орныхоо хөгжлийн тухай гэгээлэг зүйл ярья.

-Монгол хүний үнэлэмж гадны улс оронд ямар хэмжээнд байдаг юм бол. Тэд бидний тухай ямар хэмжээний ойлголттой байдаг юм бэ?

-Гадаадад бол манай орныг их тайван намуун, өргөн уудам газар нутагтай, байгалийн асар их баялагтай, иргэд нь өндөр чадвартай, авхаалжтай, гадагшаа тэмцээн уралдаан явахдаа өндөр амжилт үзүүлдэг мундаг хүмүүс гэж хардаг юм билээ.

Гэтэл Монголдоо ороод ирэхээр гишүүд, сайд, дарга нараасаа эхлээд биеэ муулсан, гутаасан, хэрэлдсэн байдалтай сууцгааж байна. Бид өөрөө өөрсдийгөө муухай харагдуулж байна.

-Холын хүнээс үг сонс гэдэг. Та ерөнхий консулаар ажиллаж байхдаа тухайн орны хөгжил цэцэглэлтээс их зүйл харж үзсэн байх. Монголдоо нутагшуулчихаар санаа оноо ихтэй ирэв үү?

-Дипломатч хүнээс ийм л асуулт асуух ёстой юм. Дипломатчийн үүрэг бол хоёр улсын бүхий л харилцаанд гүүр болохоос гадна тухайн суугаа орныхоо хөгжил цэцэглэлтийг эх орондоо нутагшуулах талаар санаачлагатай ажиллах ёстой байдаг.

ӨМӨЗО-ны хувьд урд хөршийн хөдөө аж ахуй, аялал жуулчлалын бүс нутаг. Тиймдээ ч энэ чиглэлээр хөгжиж болох дээд түвшинд хүрчихсэн орон. Наад зах нь эко байдлаараа үнэхээр өндөр түвшинд хүрсэн.

Хот төлөвлөлт, боловсролын тогтолцоо, анагаах ухаан, соёл урлаг гэх мэт олон салбараас хийж хэрэгжүүлэх суралцах зүйл олон бий. Үүнээс гадна тэд цөлийг хангай болгочихсон байна. Гэтэл бид хангайг цөл болгож байх жишээтэй. Тэгэхээр бид байгаа хангайгаа байгаагаар нь хамгаалж чадахгүй байгаадаа дүгнэлт хийх хэрэгтэй.

-Манай сайд, дарга нар бүгд л хөгжил гэж юу байдгийг үзсэн. Тэд хамгийн өндөр хөгжилтэй орнуудаар явсан. Үзсэн харснаа яагаад эх орондоо хийхгүй байна вэ?

-Сэтгэл байхгүй л гэж харж байна. Түүнээс бидэнд авах гээхийн ухаанаар хандах зүйл олон байна. Илжигний чихэнд ус хийсэн ч алт хийсэн ч, сэгсэрнэ гэж үг бий. Илжигнээс ялгаагүй л хүмүүс төрд байгаа юм. АНУ л гэхэд 70 жил алдаж оноод төгс хөгжилд хүрч байхад Япончууд үүнийг шууд хуулаад 20 жилд хөгжсөн байдаг.

Японы хөгжлийг манай урд хөрш яаж дуурайв. Машин, гар утас хийх гэж шинээр сэтгэсэнгүй. Хуулж байна. Тэгэхээр бид саарыг нь хаяад сайныг нь дэргэд байгаа Өвөрмонголчуудаас л хуулъя.

-ӨМӨЗО-ны бизнесмэнүүд Монголд хөрөнгө оруулах сонирхолтой юу. Манай улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг ямар байдлаар үнэлдэг юм бол?

-Гадаад хөрөнгө оруулалт гэдэг гадны бүхий л хүнд нээлттэй байх ёстой. Хууль эрхзүйн орчноо ягштал заачихаад түүнийгээ дагаж мөрдүүлдэг баймаар байна. Хөрөнгө оруулалт гэдэг харилцан ашигтай хамтарч ажиллахыг л хэлж байгаа юм.

Ашиггүй ажил дээр хэн хөрөнгө оруулах вэ. Манайхан энэ зарчмаа мэддэггүй, үргээдэг. Гадны хөрөнгө оруулалтын орчин муу байна гэдэг бол хуулийн дээр гарсан популизмаас 100 хувь шалтгаалж байна гэх зэргээр яриад байвал дуусахгүй олон асуудал байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин