УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх" тухай хуулийн төслийг 2018 оны дөрөвдүгээр сард өргөн барьсан байна. Тэгвэл маргааш тус хуулийн төслийн УИХ дахь анхны хэлэлцүүлэг болох гэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсад зээлгүй иргэн, зээлийн хүүнд дарагдаагүй ААН гэж бараг алга. Банк, санхүүгийн байгууллагууд 1990 оноос хойш монополь байдлаа өдийг хүртэл хадгалсаар ирсэн нь ганцхан банкны салбар. Энэ байдал нь иргэн, ААН-үүдэд маш том дарамт учруулж байна. Үүнтэй холбоотойгоор ААН-үүдээс бидэн рүү олон санал хүсэлт их ирсэн. Иймд бид гадаадын улс орнуудад банкны салбараа хэрхэн зохицуулдаг талаар судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр энэхүү хуулийн төслийг санаачилсан юм. 

1954 онд анх Япон Улсад зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох буюу мөнгө хүүлэлттэй тэмцэх хуулийг баталж байсан. Өнөөдөр энэ хуулийг 76 улс орон хэрэгжүүлж байна. Монголд ч мөн хэрэгжүүлэх нөхцөл байдал хэдийн үүссэн гэж бид харсан. Энэ хуулиар арилжааны банкнуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг хувьчилж өгье. Дээд хязгаараас давсан хүү тооцсон тохиолдолд мөнгө хүүлэлт гэж үзэн эрүүгийн хуулиар хариуцлага тооцуулдаг болгоё гэж хуульд заасан. Ингэж бид иргэдийнхээ бизнесийн орчныг бүрдүүлж өгөхгүй бол зээлийн хүүнд дарлуулсан иргэдийн амьдрал өдөр ирэх бүр дордож байна. Үүнийг зүгээр хараад байж болохгүй" гэлээ.