Энэ долоо хоногт олон үйл явдал болж өнгөрлөө. Тухайлбал, Улс төрд Худалдаа Хөгжлийн Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Улаанбаатар хотын Банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга "Сахал" хэмээх Д.Эрдэнэбилэг нь гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн онц ноцтой хэрэгт яллагдагчаар татагдан, шалгагдаж буй билээ. Тэгвэл  "Сахал" Д.Эрдэнэбилэг "Хаан" банкны 54.4 хувийг авахаар хэлцэл эхлүүлжээ. 

Төрийн банкаар дамжуулан онц их хэмжээний мөнгө цөлмөдөг шинэ төрлийн гэмт хэргийн бүлэглэл бий болжээ. Улстөрчид төрийн банкаар дамжуулан мөнгө угааж байна. 

-Хавдартай тэмцэж буй эмч нар аа Сангийн сайд нь мөнгө нэхэгчээр нь цоллов-

Хавдар гэгчтэй нүүр тулаагүй Монгол айл бараг ховор биз. Нэг айл өрхийн хамаатан садан, ах дүүсээс нэг нь гэв гэнэтхэн л хавдар гэгчтэй нүүр тулчихдаг. Одоогоос хоёр жилийн өмнө Элэгний хорт хавдар гэгчтэй нүүр тулж, ижийгээ шаналахыг харах нь гэж ихэд л айж байсан.

Гэтэл хавдар судлалын үндэсний төвийн алтан гарт эмч нарын буянаар хөл дээрээ босоод ирсэн юм. Эрт илрүүлэг оношлогоонд хамрагдсан тулдаа хавдрыг эрт үе дээр нь мэдэж, төлөвлөгөөт хагалгаанд оров. 

Энэ хугацаанд тус эмнэлгийг хэдэн өдөр зорин очих боллоо. Мэс заслын тасгийн үүдэнд битүү хүнтэй. Зарим өдөр бүр хүн зөрөх зайгүй ачаалалтай байна. Хавдраар хагалгаанд орж байгаа хүмүүсийн ар гэрийнх нь ийн цуглаж үүдэнд чих тавин, санаа алдан эмч нарыг гарч ирэхийг хүлээнэ. Сувилагч урдуур хойгуур явах тоолонд зүрх дэлсээд байна гэх хөгшчүүл хөөрхийн хагалгаанд орсон нэгнээ эсэн мэнд гарч ирэхийг хүлээж суугаа нь монголчуудын дунд "хавдар" ямар их газар авсан болох нь нотлоно. 

Харин Монгол төрийг түшиж яваа Сангийн сайд нь ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд тэр тусмаа хавдартай тэмцэж яваа эмч нар аа хүнд өвчний нэр барьж мөнгө нэхлээ хэмээжээ. Ирэх оны төсөвт аюулын харанга дэлдээд байгаа хавдар гэгчтэй тэмцэх мөнгө төсөвлөөгүй. Монгол Улсад жилдээ 5000-6000 хүн хорт хавдраар өвчилж, тэдгээрийн 90 гаруй хувь нь эцсийн шатандаа оношлогдож байгаа. Өдөрт 10-13 хүн амиа алддаг. Оношлуулж байгаа 6000 хүнээс жилдээ 4000 орчим нь амиа алддаг. 

Ингээд Монгол улсдаа ганцхан Хавдар судлалын үндэсний төвийн захирал нь өөрийн биеэр төрийн ордонд очиж Хавдрын эмнэлгийг өргөтгөж, үйл ажиллагааг нь сайжруулахад шаардлагатай 19.8 тэрбум төгрөгийг төсөвлөж өгөхийг гуйжээ. Гэвч хэний ч төсөөлж байгаагүйгээр ичгүүртэйгээр амаа алагдуулсан гэдгийг тэд онцлон дуулгав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хүнд өвчний нэр хэлээд мөнгө нэхдэг хандлага нь буруу” хэмээлээ гэх нь тэр. Угтаа бол “Энэрмед” ХХК-ийн хавдрын өвчтэй иргэдэд зориулан барьсан шинэ эмнэлгийг түрээслэн ажиллахаар болсон юм. Үүнийг түрээсэнд шаардлагатай  19.8 тэрбум төгрөгийг улс төрчид төсөвлөж өгсөнгүй ээ. 2019 онд ХСҮТ-д  түрээсийн байранд шилжин орох байсан ч улсаас  нэг ч төгрөг өгөөгүйн улмаас шинэ эмнэлгийн байрыг тохижуулан, өвчтөнүүдээ хүлээн авахад бэлэн болтлоо үнэгүй түрээслэхээр гэрээ байгуулсан байна. Гэтэл ирэх оны буюу 2020 оны төсвөөс түрээсийн мөнгийг нь хасчихсан байгаа юм. Ингээд төсөвтөө тусгаж өгөхийг хүсэхэд сангийн сайд нь мөнгө нэхэгчээр нь цоллов. Улс төрчид ирэх оны сонгуульдаа зориулж төсвөө баталсан нь үнэн болж таарав. Ард иргэд нь хүнд өвчнөөр шаналж,  амиа алдах нь тэдэнд сонин биш бололтой. Өөрсдөө улсын төсвийн мөнгөөр тоглож суух нь ажил. Бусдын амийг аврахын төлөө мөнгө гуйсан нь өвчний нэр баригсад болчихдог "гайхалтай" улс төрчид Монголчууд юм. Тэд цалин нэмээд өгч гэж жасгаал цуглаан хийгээгүй иргэдийнхээ амь насыг аврахад мөнгө хайрлаач ээ гэсэн дээ буруутан болж байна.

Нийгэм: Олон нийтийг цочроосон үйл явдал болов. Иргэд үр хүүхдийн цахим хэрэглээг хянаж байхыг анхааруулж байна. Тухайлбал:

1. Иргэн “Э” (57 настай, эрэгтэй, дунд сургуулийн багш ажилтай) нь сурагчдад давтлага өгөх нэрийдлээр сурагч “Х” (17 настай, эрэгтэй)-г садар самуун үйлдэлд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан,
2. Иргэн “С” (35 настай, эрэгтэй, их сургуулийн багш ажилтай) нь хуурамч фэйсбүүк хаяг ашиглан удаа дараагийн үйлдлээр 12-16 насны 7 (эмэгтэй) хүүхдийг садар самуун үйлдэлд уруу татаж, бэлгийн харьцаанд орсон зэрэг гэмт хэргийг үйлдсэн байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид өөрийн хүүхдийн өдөр тутмын үйл хөдлөл, цахим хэрэглээнд тавих хяналт сул байгаагаас хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэл бий болж байна.  Мөн гэмт этгээдүүд хуурамч фэйсбүүк хаяг ашиглах замаар хохирогчтой харилцаа холбоо тогтоож, уг харилцаагаа эцэг, эхээсээ нууцлах талаар ухуулга хийх болсон, хүүхдүүд гэмт этгээдийн мэдээллийг өөрийн ангийн хүүхэд мэтээр хуурамч нэрээр гар утас болон цахим хаягтаа хадгалж байсан нь гэмт этгээдийн ухуулгад автаж, харилцаагаа нууцлах оролдлогыг хийсэн байна.

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын хэргүүд шүүхэд шилжлээ.  Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалыг АТГ болон Эрүүгийн цагдаагийн газраас Эрүүгийн хэрэн үүсгэн шалгаж хэргийг яллах дүгнэлттэйгээр прокурорт шилжүүлсэн байна. Прокурорын байгууллагаас мэдээлж байгаагаар түүний хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна. 

  1. Арилжааны банкнуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн үйлдэл: Монголбанкнаас Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банканд зээл олгохдоо маш бага хүүтэй шилжүүлсэн, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын зэс корпораци ХХК-ийнхан авахад Монголбанк баталгаа гаргасан. 
  2. Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдаж авсан асуудал. Н.Золжаргал 2013-2016 онд төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр Австри улс руу мөнгө шилжүүлсэн нь тус улсаас ирүүлсэн баримтаар тодорхой болсон сурагтай. Улмаар тэр 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэдгийг Австрийн прокурорын газраас шүүхийнхээ зөвшөөрлөөр гаргаж, Монгол Улсад ирүүлсэн
  3. Хэлцэлтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа юм байна.

Хэргийг харьяа дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авснаар урьдчилсан хэлэлцүүлгийг товлох болно. Улмаар хэргийг мөрдөн байцаалтад буцаах уу, гэм буруугийн хурлыг зарлах уу гэдгийг шийдэх юм. 

Эдийн засаг: Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан ам.долларын ханш сүүлийн долоо хоногийн турш тасралтгүй өслөө. Тэгвэл үүнийг холбогдох албаныхан зохиомол эрэлт үүссэнтэй холбон тайлбарлаж байна. Цаашид ам.долларын ханш тогтворжих төлөвтэй байгааг нэмж онцоллоо. Ам.долларын ханшийн өсөлт түр зуурынх

Спорт: Багийн спортын төрлөөр хүрэл медалийн эзэн болсон сайхан мэдээг Монголчууддаа дуулгалаа. 
 

Монголын сагсан бөмбөгийн хөгжлийн түүхийн хуудаснаа цоо шинэхэн амжилтыг  С.Тулга, С.Төгсжаргал дасгалжуулагчтай, А.Ананд, А.Алтангэрэл, Ч.Ихбаяр, Г.Ган-Эрдэнэ нар тодоос тод бичлээ. Тодруулбал, Doha 2019 World Beach Games буюу Дэлхийн элсний спортын анхдугаар наадам Катарын нийслэл Дохад болж өндөрлөв. Тус наадамд Монгол Улсаас зөвхөн 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр эрэгтэй, эмэгтэй баг тамирчид эрхээ авч оролцсон юм.

Монголын эрэгтэй баг хасагдах шатанд чадварлаг бүрэлдэхүүнтэй Хятадын багийг 20:17 оноогоор хожоод, дараа нь ОХУ-ын багт 8:21 оноогоор хожигджээ. Улмаар Дэлхийн элсний спортын наадмын хүрэл медалийн төлөө Украинтай өрсөлдөв. Хэсгийн шатанд тэдэнд 15:17 оноогоор ялагдсан бол хамгийн чухал тулаанд манай залуус маш итгэлтэй тоглож 20:16 оноогоор хожив.

Ийн анх удагаа Дэлхийн наадмаас хүрэл медалийг, тэр дундаа багийн спортын төрлөөр хүртсэн нь үнэхээр гайхамшигтай амжилт боллоо.

Соёл урлаг:  "Шинэ үе" продакшны "Жаргалтай байх нь чухал" шоу тоглолт өдөр бүр Соёлын төв өргөөний тайзнаа тавигдаж байна. Тус хамтлагийнхан уг тоглолтоороо Эх орон, Хүний итгэл найдвар, Хайр гээд бидний мэддэг хэрнээ тэр бүр анзаарч байгаагүй сэдвийг хөнджээ.

Нийгмийн бухимдал, стрессийг тоглолтын туршид мартуулж, инээдээр бялхуулж байгаад үзэгчид сэтгэл өндөр байв. "Жаргалтай байх нь чухал" шоу тоглолтыг үзсэн үзэгч бүр эрч хүч, инээдээр өөрийгөө цэнэглээд гарахаас гадна бэлэгтэй буцаж байгаа юм.

Хөгжимд дурлагч залуусын дунд хүлээлт үүсгээд байсан Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын "Зүүдний хаалган дээр" дууны клип цацагдаж Монголын рок попын ертөнцөд дахин шинэ өнгийг нэмлээ.