ХУД-ийн нутаг дэвсгэрт өнгөрөгч есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө гэрийнхээ гадна өөрийн эзэмшлийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 14 :00 цагаас эхэлж, үргэлжилж байна. 

Тэрбээр шүүх хуралд хоёр өмгөөлөгчтэй оролцож байгаа  бөгөөд түүнийг энэ сарын 18-нд батлан даалтад гарсан  гэдгийг албаны эх сурвалж хэлэв. Мөн хилийн хориг тавьсан байжээ.

Хэргийг эргэн сөхвөл, Түүний гэр болон биед үзлэг хийхэд хар тамхи илэрсэн тул хорих 461-р ангид саатуулсан. Түүний цагдан хориог сунгах эсэхийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд есдүгээр сарын 21-ны өдөр нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан юм. Иймд Нийслэлийн прокурорын газраас Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан билээ.

Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ийн шилжүүлсэн. Уг заалтад “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял онооноо" гэжээ.