Сэтгэл засалч эмч Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.


-УИХ-ын эмэгтэй гишүүд “Таван секундээс удаан хугацаагаар ширтэж харвал бэлгийн дарамт үзүүлсэнд тооцно” гэсэн заалтыг хууль, дүрэмд оруулахаар санал гаргаад байна. Ингэхээр чинь жишээ нь, эмэгтэй дуучны тоглолтыг үзэж байгаа эрэгтэй үзэгч тухайн дуучиндаа бэлгийн дарамт үзүүлж байна гэсэн үг биз дээ?

-Тэгнэ шүү дээ. Таван секунд гэдгийг хэн хэмжих юм бол, яаж хэмжих юм бол оо. Уг ойлголт нь өөрөө орчин болоод хүмүүс, нөхцөл байдлаасаа хамаараад өөр өөр байх магадлалтай. Сээтэн хаясан харц гэж байдаг шүү дээ. Гэхдээ эмэгтэйчүүд ч гэсэн эрэгтэйчүүд рүү тэгж хардаг. Эмэгтэйчүүд таалагдсан хүн рүүгээ, таалагдаж байгаа хүн рүүгээ ширтэж хардаг. Тэгэхээр үүнийг яаж авч үзэх вэ гэдэг асуудал бас гарч ирнэ.

-Эр, эм хүйстнүүд эсрэг хүйстэн рүүгээ харж, өөрийн мэдэлгүй ширтдэг нь байгалийн жам ёсны асуудал. Заримдаа ямар ч хяналтгүйгээр ширтчихсэн байдаг. Хүнд байгалиас өгсөн энэ чанарыг хуулиар хатуу барьж, боомилвол хүний сэтгэц, сэтгэл зүй, бие махбодид ямар нэг сөрөг өөрчлөлт гарах уу?

-Хэрвээ ийм хууль, журам, дүрэм батлагдвал байгалийн, биологийн мөн чанарын эсрэг хууль болно. Ажлын байран дээр илт өдсөн тохиолдлыг эс тооцвол шүү дээ. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай таалагдсан хүн рүүгээ харах нь өөрөө байгалийн жам шүү дээ. Харж байгаа болгон чинь шууд бэлгийн ажил хийе гэж уриалж байгаа юм биш. Нууцхан хайр ч юм уу, шохоорхол чинь тэр дунд явж байгаа шүү дээ. Тэгэхээр харсан болгоныг, ширтсэн болгоныг шууд утгаар нь болхи байдлаар ойлгож хэзээ ч болохгүй. Энэ бол эрүүл хүний сэтгэлзүйд байхааргүй ойлголт л доо.

-Яг үүнийг хатуу хуульчилчихсан, энэ тал дээр хатуу дэг жаягтай Япон, Солонгос зэрэг Азийн орнууд байна л даа. Эмэгтэй хүнийг санамсаргүй биеэрээ шүргэхэд л шоронд орж, харц тулгарахад л гэмт хэрэгтэн болж үлддэг, тэнд. Үүнээс болоод хүмүүсийн сэтгэцэд өөрчлөлт орж, эрчүүд нь эмэгтэй хүнээс дөлж, гучин нас гартлаа зандан явах, гэрлэлтээс татгалзах, зарим нь хиймэл хүүхэн, гэрийн тэжээмэл амьтантайгаа гэрлэж ч байх шиг. Байгалийн юмыг хуулиар хатуу барьчихаар энэ мэт сөрөг үзэгдэл гардаг бололтой?

-Гарна, гарна. Маш их гардаг. Энэ нь угаасаа уг үндэстний соёлтой холбоотой. Жишээ нь, япончууд хэзээ ч хүний нүд рүү хардаггүй ард түмэн шүү дээ. Хүний нүд рүү харвал тухайн хүнээ үл хүндэтгэсэн явдал боллоо гэж үздэг. Цаашилбал бүр доромжилсон гэдэг ойлголт явж байдаг. Тийм учраас бөхөлздөг шүү дээ. Аль болох доошоо бөхөлзөх тусам нөгөө хүнээ хүндэтгэж байна аа гэсэн ойлголт явж байдаг. Хоёр эрэгтэй хүн бизнес яриад сууж байхдаа өөд өөдөөс бараг л харж ярихгүй. Хажуу тийшээ, мушилзсан маягтай байдаг. Тэр харь, огт өөр соёлыг Монголд авчирч буулгана гэдэг бол муйхарлал. Солонгосчуудыг авч үзье.

Тэдний хувьд яахав эрчүүд нь өөд өөдөөсөө харж болдог. Солонгосын ерөнхийлөгчийг дагалдаж явсан Хэвлэлийн албаных нь дарга тухайн үедээ бас л Цэцийн дарга Д.Одбаяр шиг л үйлдэл хийсэн юм билээ. Тэгтэл энэ асуудал чинь Америкт хуулиар чанга яригддаг. Тэгээд тэр нөхөр нь Америкаас зугтаагаад Солонгостоо ирсэн байдаг. Гэхдээ тэр хүн Солонгост ирэхэд нийгэм нь гадуурхаж, өөрөө ч албан тушаал бүх юмнаасаа буусан байдаг. Энэ тухай түүх сошиалаар явж байна билээ.

Солонгосын нийгэм бол эмэгтэйчүүдийг нэлээд дорд үздэг. Күнзийн сургаалтай орон. Эцгийн эрхтэй орон шүү дээ. Солонгос, Хятад, Вьетнам зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудад ийм ёс бий. Тэгтэл хүний эрхийг дээдэлнэ гэдэг ойлголт гарч, олон улсад шуугиан дэгдээсэн асуудал гарч ирэнгүүт Солонгосын парламентын эмэгтэй гишүүд яг тэр мөчийг ашиглаад тийм хууль гаргачихсан байдаг юм.

-Монголчууд “Чи хүний нүд рүү эгцэлж харж чадахгүй юу хийчихсэн юм. Наашаа хар” гэдэг. Бас “Хулгайч шиг битгий гөлөгнөөд бай. Битгий хулгайн нүдээр сэм сэм хараад бай. Нүд рүү хар даа” гэдэг шүү дээ. Монголчуудын ёс заншил талаас харвал бас өөр өнцөг гарч ирж мэдэхээр юм?

-Харц өөрөө маш олон янз. Хайрын харц, халамжилсан харц, үзэн ядсан харц, хүндэтгэсэн харц. Үүний хажуугаар сээтэгнэсэн харц гэж бий. Гэхдээ тэр чинь өнөө биологийн мөн чанарын таалагдах, эс таалагдах харц гэж байгаа шүү дээ. Эмэгтэйчүүд ч гэсэн эрчүүдийг сексийн объектоо болгож хардаг шүү дээ.

-Үнэхээр сайхан эр хүн таарвал нөхөртэй байлаа ч эмэгтэй хүн эргэж хардаг л байхгүй юу?

-Тэгдэг шүү дээ.

-Эмэгтэй хүн ч эрэгтэй хүн рүү ширтэж, гөлөрч л байдаг. Гэтэл яагаад муу л юм болвол хойд хар овоохой гэгчээр “Таван секунд ширтвэл бэлгийн дарамт гэж үзнэ” гэдэг энэ тулгалтаа эрчүүдэд авчирч наагаад байгаа юм бол. Сайхан биетэй бөхчүүдийг харах гэж, ширтэх гэж Бөхийн өргөөнд очдог эмэгтэйчүүд зөндөө байдаг?

-Эмэгтэйчүүд бол түрүүлж үйлдэл хийх магадлал бага. Жишээ нь, гадаад гэлтгүй, Монголд ч эмэгтэйчүүдийн үйлддэг ажлын байрны бэлгийн дарамт байдаг юм. Залуухан эрэгтэйчүүдийг өдөх, өөрийнхөөрөө нь байхгүй бол ямар нэгэн аргаар дарамтлах гэдэг ч юм уу. Таалагдсан залуучуудыгаа тэгдэг. Илт илэрхийлж байгаа нь эрэгтэйчүүд давамгайлдаг болохоор л эрэгтэйчүүдэд хамааруулаад байгаа байх.

-Харах ширтэх, хүрэлцэх гэдэг энэ мэдрэмж бол чухал. Хэрвээ энэ мэдрэмжүүдийг хүчээр боож, хатуу хуулиар хоригловол учрах байсан хосууд учрахаа байх, гэрлэх нас оройтох зэргээр нийгэм, хүн ам зүйн бүтцэд сөрөг нөлөө гарах байх даа?

-Нийгэмд сөргөөр нөлөөлнө. Нэгдүгээрт, ийм хууль журам батлагдвал хэрэгжихгүй. Хэрэгжихгүй хуулиудын нэг. Батлах гэж цаг зав, мөнгө үрсэн л ажил болно. Хоёрдугаарт, энэ нь нөгөө талдаа муугаар, зориудаар, шантаажлах байдлаар ашиглах санаатай хүмүүсийн хэрэгсэл. Мөнгө нэхэхийн тулд, сэтгэлзүйн дарамт учруулахын тулд энэ заалтыг ашиглаж мэднэ. Хүмүүс янз бүрийн нөхцөлд хоорондоо зөрчилдөх тохиолдол олон. Гудманд явж байгаад хэн нэгнийг “Чи над руу ширтлээ. Бэлгийн дарамт үзүүллээ” гээд цагдаа дуудаад өгчихвөл энэ нь өөрөө эргээд нийгмийн уур амьсгалыг эрүүл бус болгоно. Зөрчлийг бүр нэмэгдүүлнэ. Үүн дээр дөрөөлөөд муу санаатай гэдэг ч юм уу, овжин зальтай хүмүүс, томчуултай нэр холбогдоод байдаг хүүхнүүдэд жинхэнэ “уран бүтээл” хийх талбар бий болно.

-Хэрвээ ийм заалт хууль, дүрэмд ороод батлагдчихвал эрчүүд ажлын байран дээрээ нарны хар шилтэй л суух нь дээ?

-Тэгнэ шүү дээ (инээв). Гэхдээ жендерийн асуудал зөвхөн эрэгтэйчүүдийн асуудал биш шүү дээ. Эмэгтэйчүүд ч гэсэн хар шилтэй явах хэрэгтэй болно л доо.

-Гэхдээ эрэгтэй хүн “Энэ эмэгтэй намайг таван секундээс илүү харчихлаа. Намайг ширтчихлээ” гээд гомдоод цагдаад хандахгүй. Тэгж явахгүй байх гэж бодож байна?

-Нэгдүгээрт, эрэгтэй хүн баргийн юм дуугарахгүй. Хоёрдугаарт, эрэгтэй хүн гэдэг утгаараа хүчирхэг, ноён нуруутай гэдэг талаасаа гомдоллохгүй. Нөгөө талдаа эрчүүд өөрийг нь эмэгтэй хүн ширтээд байгааг анзаарахгүй байх магадлал өндөр (инээв).

-Үнэн шүү.

-Тэгэхээр гомдол гаргахгүй.

-Хэрвээ ийм хууль, дүрэм хэрэгжээд эхэлбэл дунд болон дундаас дээш насныхан хуульдаа захирагдаж, хэвших гэж хэсэгтээ хэцүүднэ л дээ. Бараг л боломжгүй болов уу?

-Ямар ч байсан энэ нь нийгмийн уур амьсгалыг эвдэнэ. Ирээдүй рүү чиглэсэн байдлаар эвдэнэ. Хэт мэдрэг, хэт эмзэг, хэт өөнтөгч болгочихно.

-Уг нь хүн рүү ширтэнэ гэдэг чинь тийм ч муухай юм биш шүү дээ. Ширтэх, анзаарах, хайрлах, секс гэдэг чинь ичмээр, муухай юм биш дэг ээ?

-Жаргал шүү дээ.

-Хүн рүү таван секундээс илүү ширтэж болохгүй гээд хориглоод эхэлбэл эрэгтэй, эмэгтэй хүний зан ааш, харилцаанд ямар өөрчлөлт гарах бол?

-Наад зах нь эрчүүд ямар нэгэн байдлаар сэтгэлзүйн дарамтад орно. Айдастай болно. Яавал буруутчих бол доо гэсэн айдастай болно. Хэрвээ буруудвал Зөрчлийн тухай хууль, цаашлаад Эрүүгийн тухай хуулийн асуудал үүсэх байлгүй. Тэгэхээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй өв тэгш, чин сэтгэлээсээ харилцах чадвар нь байхгүй болно. Эмэгтэйчүүдээс айсан, эмээсэн тиймэрхүү хандлагатай болж эхэлнэ. Бүгд тэгэхгүй л дээ. Гэхдээ л тодорхой хэмжээнд тийм болно.

-Эмэгтэйчүүдэд ямар өөрчлөлт гарах вэ?

-Дээр хэлсэн шүү дээ, “би” дээрээ тавиад л юм болгоныг өөнтөгч нүдээр харна. Гэхдээ бүх эмэгтэйчүүд биш гэдгийг ойлгоорой. Дээр ярьсан томчуултай холбогддог тийм төрлийн эмэгтэйчүүд энэ заалтыг өөрт ашигтайгаар ашиглах боломжийн үүдийг нь нээгээд өгчихөж байгаа л гэсэн үг.

-Тэгэхээр та ярилцлагын төгсгөлд ийм заалтыг хуульчилж, дүрэмд оруулахыг мэргэжлийн хүнийхээ хувьд хэрхэн дүгнэж байгаагаа хэлэхгүй юу?

-Би чинь харин бүтэн нэг цагийн турш хүн рүү ширтээд суучихдаг шүү дээ, ажлын байрандаа (инээв). Би үйлчлүүлэгчийнхээ нүд рүү харахгүй бол эмчилгээ хийж чадахгүй. Эмэгтэй, эрэгтэй, хөгшин, залуу, хөөрхөн, муухай бүгдийнх нь нүд рүү харж байгаа шүү дээ. Тэгэхээр би хамгийн түрүүнд ажлаа хийж чадахаа байчихна.

Гэхдээ эмэгтэй хүний нэр хүнд рүү шууд халддаг, ёс суртахуунгүй, увайгүй нөгөө талаас хүчирхийлэгч, бие махбодийн хүчирхийлэл үйлдэгчдийн эрх чөлөөг хязгаарласан хууль, заалт болно л доо. Гэхдээ тийм хүн Монголын эрчүүдийн хичнээн хувь бэ гэдэг асуудал бий. Их л чанга зүйл, заалт гарах байх л даа. Гэхдээ магадлалаар бол хэрэгждэггүй хуулиудын л нэг болно.