-Ц.Нямдорж сайд аа, улстөрийн хэлмэгдүүлэлт хийж байгаа салбарын буглаагаа цэвэрлээч-

Хууль, зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоо, нийслэлийн намын хорооны дарга асан чинь улстөрийн хилс хэрэгт гүтгэгдэж шийтгүүлчихээд байхад ч та салбараа үл анзаарсан мэт чимээгүй байсаар байх уу. Аливаа хэргийн хохирогч, сэжигтэн, яллагдагч гээд бүгд хүн. Бүгд Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхтэй. Гэвч хуулийг хэрхэн гуйвуулж болдгийг “Хэрэг байвал тохох эзэн олдоно” гэдэг үг нотолдог. Түүнчлэн улстөрийн хүрээнийхний холбогдсон хэргүүдээс харахад л логикийн хувьд ч ойлгомжтой байгааг эрхэм сайд та хамгийн сайн мэдэж байгаа биз.

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх хэрэгт буруутган ялласан. Гэтэл тэрхүү хууль бусаар авах оролдлогын гол зангилаа “60 тэрбум”-ын схемийг зохиосон Г.Доржзодов нь гэрч болчихсон, барьж очсон “зохиол”-ыг сонссон Ц.Сандуй яллагдагч болчихсон байгаа нь цагаан дээр хараар бичигдсэн хуулийг хэрэгжүүлэхдээ хуйвалдаан явагдсан гэдгийг нь батлаад байгаа. Ц.Нямдоржийг хууль зүйн салбарыг гарын 10 хуруу шигээ мэддэг гэдэг. Тиймдээ ч С.Зоригийг хөнөөсөн хэрэг зэрэг олны анхаарлыг татсан асуудал, хэрэг бүрт түүний хэлж буй үгс жинтэй тусдаг.

Гэтэл энэ удаагийн улстөрийн хүрээнийхэн холбогдсон хэргүүдэд Ц.Нямдорж сайд огт дуугарахгүй, тайлбарлахгүй байгаа нь УИХ-ын сонгуулийн чимээ ойртсоных уу, Удирдах зөвлөлийн тань шийдвэр үү гэж асуумаар.

МАН-ыг гишүүдээ хайрцаглаж, бодлогоо боловсруулж, зангидахдаа гарамгай сайн гэдэг. Тэгвэл эрхэм сайд та намынхаа Удирдах зөвлөлийн гишүүний хувьд МАН-ыг өнөөгийн амжилтад хүргэж, өөрийгөө “золиосонд илгээлгэсэн” Ц.Сандуйгийн тухайд яагаад амаа үдээд явна вэ. Ц.Сандуйг хэлмэгдэж, МАН-ын нэрийг “60 тэрбум”-ын асуудлаас холдуулсан гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тиймдээ ч том хүрээгээр бол МАН-ыг ялалтад хүргэж, УИХ-д үнэмлэхүй олонх болох, багадаа бол таныг дахин хууль зүйн сайд болох зам, мөрийг тань эртнээс зач ирсэн Нийслэлийн МАН-ын дарга асныхаа хувь заяаг хайхрахгүй өнгөрч байгаад тань гайхах хүн олон.

Уг нь Ц.Сандуй улстөрийн соёл хүлээж, хийгээгүй хэргийнхээ төлөө бүхий л албан тушаалаа өгсөн. Гэтэл ёсзүйн хариуцлага хүлээмэгц нь дөрөөлөөд хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүйд нийцэхгүй л байлтай. Уучлалт гуйсан бол буруутан гэсэн үг биш биз дээ. Ёсзүй, хууль ёс хоёр чинь зарчмын хувьд нэг дэнс, шүүгчийн эрхийн асуудал биш биз дээ. Олон жил төр түшилцэж, хууль, шүүхийн байгууллагыг чухам сайн мэддэг болсноороо хэрэг тохох, хэлмэгдүүлэлтийг өөгшүүлдэг байдлыг таслан зогсоох ёстой юм биш үү.

Энэ ч утгаараа салбарт тань бугшсан булхайтай аргуудаас салахын тулд, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний хувьд улстөрийн хэлмэгдүүлэлтийг эдлэж суугаа Ц.Сандуйгийн асуудлыг сөхөх цаг нь болсон. Энэхүү хурлыг даргалсан  Ерөнхий шүүгч, шүүгч нар хуулийн үг, үсгийг ашиглаж, хэргийг шийдвэрлэх ёстой атал улстөрийн захиалгаар хэлмэгдүүлж, хилсээр ял үүрүүлсэн нь анхнаасаа "Ц.Сандуйг заавал ялла" гэх үүргийг дээрээс өгсөн гэдгийг ч харуулсан. Ямартаа л Улсын яллагч нь өөрийнх нь оруулж ирсэн зүйл ангийг шууд өөрчилж хүчээр яллаж байгааг гайхаж байхав дээ. Тиймээс л эрхэм сайд таныг хуулийн энэ заваан завхаралд анхаарлаа хандуулж,  таны хамгийн сайн мэдэх Ц.Сандуй гэдэг залуу  аймшигтай, хилс хэрэгт гүтгэгдээд байхад анхаарлаа хандуулж үг хэлээчээ гэж намын тань нөхөд битүүхэндээ хүлээж суугааг хэлэх байна.

Эцэст нь хүний амьдрал, хувь заяаг орвонгоор нь эргүүлсэн нэр бүхий шүүгчид нэг л өдөр үнэн худлын дэнсэн дээр зогсож хилсээр  гүтгэж ялласныхаа хариуцлагыг хүлээнэ гэдэгт итгэлтэй буйг хэлэх хэрэгтэй биз. 

Б.Отгонзаяа 

www.erennews.mn