Их спортыг дэмжигч Эрдэнэт үйлдвэр

 

    Энгүй уудам ертөнцийн хязгааргүй их зайд  хүмүүн заяаг олж мэндлэн хөрс дэлхийд мөрөө үлдээх хувьтай хүний амьдралын  үүх түүх юутай сонин агаад гайхан бишрэм. Ачтай аавын гэрт эрхэлж өссөн танхилхан охин ард олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн алдар цуутай тамирчин болох ерөөл тавилангийн эзэн бол Цээ-Оригийн  Шоовдор. Монголын волейболчид түүнийг андахгүй.

    Хүмүүний  бие махбод, бодгалиараа хийж  болох  бүх чадвар, хурд хүч, мэдрэмжийн бахдам сайхныг чухам спорт л мэдрүүлдэг. Тийм л баяр бахдал дүүрэн уран тоглолтуудаар Монголын волейболын спортод өөрийн нэрээ тодоор сийлсэн хүн бол Шоогоо багш. XX зууны спорт сонирхогчид, үзэгчдийн хувьд тэр жинхэнэ од байсан юм. Волейболоор сонирхон хичээллэгч хүүхэд залуусын өдрийн бодол шөнийн зүүд болж байсан үлгэр дуурайлал нь тэр байлаа.  Тэр одоо ч  домог хэвээр. Тэртээ 1950-аад оны дунд үед Эрхүүд сурч байсан оюутнууд хоёр бөмбөг, нэг тор авч ирж, эх орондоо волейбол хэмээх гайхамшигт спортын эхлэлийг тавьсан гэдэг. Тамирчдын бие бялдрыг өсгөлүүн, өлчир чийрэг болгоод зогсохгүй хурд, хүч, авхаалж самбааг жинхэнэ утгаар сорьдог спортын энэ төрөл хувь хүнийг төлөвшүүлдэг гайхалтай спорт. Тэр дундаа бусдыг хүндэтгэн, өөрийгөө ялах ухаанд сургаж,  багаар ажиллах чадварыг  бүрэн утгаар хөгжүүлдэг нь волейболын спортын  бас нэгэн гайхамшиг. 

    Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шоовдор волейболын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд  1958 оноос эхлэн тоглож олон улсын тэмцээнд 21 жил тасралтгүй оролцжээ. Тvvний нэрэмжит волейболын өсвөр үеийн  улсын аварга шалгаруулах тэмцээн олон жил тасралтгүй зохион байгуулж  олон ч аймгийн төвд үзэгчдийн уухай хадааж байсан юм.  Шоогоогийн багийн найз анх санаачлан төрсөн нутаг Өвөрхангай аймагтаа 1990 онд нэрэмжит тэмцээнийг зохион байгуулж байсан түүхтэй.  Ийнхүү волейболын спортод дурлан тэмүүлэх хүүхэд залуусыг хөгжих боломжийг олгож долоон жил тасралтгүй зохион байгуулсан байна.  Дундговь, Баянхонгор, Хэнтий аймгуудад буухиалсан тэмцээнийг тамирчид, дасгалжуулагчид одоо ч дурсан ярьдаг.  Гавьяатын гараар дамжсан 200 гаруй спортын мастер бий. Тэдний 30 гаруй нь олон улсын хэмжээний мастерууд. Спортын зэрэгтэй тамирчид бол хэдэн зуугаар тоологдоно.  “Их спорт хэзээ ч хүнийг ганцаардуулдаггүй юм” хэмээн ярьдаг тэрээр өдгөө шавийнхаа шавь, бас түүний шавьд ч мэдсэн сурснаа харамгүй түгээж буй буянтай багш дасгалжуулагч билээ.  

Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер, Хөдөө аж ахуйн Их сургуулийн  дэд профессор Ц. Шоовдор   гуай 3 дахь үеийн шавь нараараа хүрээлүүлсэн азтан. Урлаг, спортын аль ч төрөл хэлбэрт шавийнхаа шавь, түүний шавьд зааж сургах нь ховор тохиолдол.  Хагас зууны турш спортын талбайд илүүрхсэн түүнийг харахдаа тухайн үеийн спортын гадаад мэргэжилтнүүд “Танай баг зургаан Шоовдортой бол аль ч улсын багийг урдаа гаргахгүй дээ” хэмээн шагшиж байсан гэдэг. Тийм ч болохоор Монголын волейболыг Шоовдоргүйгээр ойлгож үл болно. 

    Өдгөө 80 насыг шүргэж байгаа Шоогоо МУИС-ийг 1969 онд улаан дипломтой төгсөж, сургуульдаа урилгаар багшилж байлаа. Түүний дараа 1973-2014 он хүртэл ХААИС-д нийгмийн ухааны багшаар ажиллаж, үндсэн ажлын цагаа дуусахаар үргэлжлүүлээд секц хичээллүүлж байж. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хичээн зүтгэж, үнэн цагаан сэтгэлээр үргэлж тууштай ажиллаж хөдөлмөрлөсөн хичээнгүй монгол бүсгүй. Түүний спортын амжилтыг үнэлж 1971 онд Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх алдар цолыг хүртээжээ. 

    Тэр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дээлтэй монгол бахархалт охидын нэг. Шоогоо бол дүүлэн нисэх мэт уран, хадаас хатгах мэт хурд хүчтэй тэгш тоглолттой тамирчин. Спортын амжилт гэдэг зөвхөн бие бялдрын  хүч нөөцөөс бус оюуны бяд чадлаас ихээхэн шалтгаалдаг гэдгийг мэдэрдэг. Тийм ч учраас математикийн гүнзгий ангийг сонгон авч волейболын  спортын шинэ залуу тамирчдыг бэлтгэж байсан алсын хараатай удирдагч билээ. Түүний хурд, үсрэлт тухайн үеийн тамирчдаас хол илүү байсан учраас эрэгтэйчүүдийн тоглодог өндөр сеткэнд тоглодог байсныг тухайн үеийн тамирчид дасгалжуулагчид хэлдэг. Ердөө 2-3-хан хормын дотор хаана яаж, хэр хүчтэй, эсвэл эргэлттэй бөмбөгөөр  довтлохыг, эргээд хэрхэн хамгаалахыг  давхар тооцдог учраас сэтгэлгээний хурдыг асар их шаарддаг спорт бол яах аргагүй волейбол. Энэ л спортын нөлөөгөөр эрүүл чийрэг бие бялдартай, ажиллаж хөдөлмөрлөх их эрч хүчтэй байдаг гэдгийг волейболынхон хэлдэг. Тэдний амьдрал ч үүнийг нотолдог. 

    Улсын шигшээ багийн үндсэн тоглогчоос гадна багийн ахлагч,  дасгалжуулагчаар тасралтгүй олон жил ажилласан тэрээр  Улсын аварга шалгаруулах тэмцээн, Монголын бүх ард түмний спартакиад, олон улсын болон  дэлхийн оюутны Универсад, дэлхийн аварга, Ази тивийн  аварга шалгаруулах тэмцээнд багаа удирдан амжилттай тоглож байлаа. Тэр тэмцээнүүдэд шилдэг тоглогчоор олон удаа шалгарч, энгэр хоосон буцаж байсан түүх үгүй ч гэхэд болно. Ахиц амжилтын түүх бүрийг өгүүлнэ гэвэл хэдэн арван хуудсаар хэмжигдэх нь лавтай. 

   Тэрээр Биеийн тамир спорт, Хөдөө аж ахуй, Ардын боловсролын тэргүүний ажилтан. Шоогоо гавьяат Монгол Улсад волейболын спорт үүсэж хөгжсөний 80, Монголын волейболын холбоо байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж  “Миний амьдралын хагас зуун жил” хэмээх дурсамж  номоо хэвлүүлжээ.  Аав ээжийнхээ гэрт ихэр юм шиг ижилдэн өссөн хоёр охин хоёулаа Шоовдор нэртэй байж.  Магад ямар нэгэн таагүй зүйлсээс цэрвэж  ийн хоёр охиноо нэрийдсэн нь цаанаа нэг учир шалтгаантай байсан ч биз ээ.  Алив муугаас эвийлэн нуусан эрдэнэ шиг  бага Шоовдор  ийн амьдралын түмэн нугачааг сөрж өндийгөөд зогсохгүй их спортын түүхэнд өөрийн хүч нөөц чадлаараа тодорсон жинхэнэ од болж чадсан. Мэдээж амжилт бүрийн ард дандаа алга ташилт, сайн сайхан урам дүүрэн байгаагүй нь лавтай. Тэр атаа хорслын хий мананг хага зүсэн цойлж мандсан нар.  Энгүүхэн яриатай, заримдаа үгнийхээ ард үг дайж шоолонгуйхэн инээх нь багахан шооч хүн гэдгийг илтгэнэ. Түүний сэтгэлийн хат бэлтгэл нь ханасан тамирчны  булчин шөрмөстэй эн тэнцүү болов уу гэмээр бядтай. Дүүлэн нисэх мэт нандин сайхан сэтгэлтэй Шоогоо он цагийн уртад хүнээс хүнд хүрч үргэлжлэх жинхэнэ домог. Түүнийг түүх мэддэг.

Б.Учрал

Фото: Б.Баттөгс