Өнгөрч буй долоо хоногийн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Улс төр Жижиг, дунд үйлдвэр­лэлийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүд болон төрийн томоохон албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэг өнгөрсөн жил илэрсэн. Тухайн үед УИХ-ын 16 гишүүн, гурван сайд, яамдын дэд сайд, Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газрын орлогч, МАН-ын нэр бүхий дарга нар хэдэн тэрбумаар нь зээл авсан нь тогтоогдож, багагүй шуугиан тарьж байсан. Өдгөө энэ хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа. Тэгвэл ЖДҮХС-гийн  хэрэгтэй огт ялгаагүй өөр нэг томоохон хэргийг АТГ-ынхан шалгаж эхэлжээ. Тодруулбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мөн л төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан танил тал, өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа зээл авч өгсөн хэрэг шалгагдаж эхэлжээ.АТГ-аас Н.Номтойбаярын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл олго” гэсэн компаниудыг шалгаж эхэлсэн байна. Гэтэл шалгалтаар нэр бүхий яамдын сайд, УИХ-ын гишүүн, дэд сайд, хэд хэдэн яамны төрийн нарийн бичгийн дарга,  НИХТ,  дүүрэг,  аймгийн Засаг дарга нарын хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байдаг компаниуд зээл авсан гэдэг нь тогтоогджээ. Дэлггэрэнгүйг эндээс уншаарай

-Ч.Сайханбилэгийг оргон зайлсан үндэслэлээр эрэн сурвалжилж байна-

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжлах саналыг АТГ-аас Интерполд хүргүүлжээ. Учир нь иргэн Ч.Сайханбилэг  гэмт хэрэгт шалгагдаж байхдаа хилээр гарсан ч ирэх ёсой хугацаагаа хэд хэдэн удаа хойшлуулсан нь ийнхүү эрэн сурвалжлах үндэслэл болсон байна. 

Түүнийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр Ерөнхий сайд асан С.Баяр,  Сангийн сайд асан С.Баярцогт нарын хамт  яллагдагчаар эрүүгийн хэрэгт татаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.  

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Монгол Улсын хил гарсан. Тэрбээр өнгөрсөн сард өмгөөлөгчөөрөө дамжуулж хилийн хоригоо цуцлуулах хүсэлтээ шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг нь хүлээж авсан юм. Гэвч түүнийг ирэх хугацаа  хэд хэдэн удаа хойшлогдсон тул оргон зайлсан гэдэг үндэслэлээр ийнхүү интерполоор эрэн сурвалжлахаар болжээ. Харин одоогоор түүний интерполоор эрэн сурвалжилж эхлээгүй байгаа юм.

Нийгэм: Түргэний эмч нар долоон хүнийг галаас аварчээ

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 04.30 цагийн үед Баянзүрх дүүргийн арванхоёрдугаар хороонд “Хүн угаартсан байна” гэх дуудлагын дагуу эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нар дуудлагаар очжээ. Улмаар байшингийн гал хажуу гэр лүү дамжиж, угаартсан иргэд галын аюулд өртсөн байсан аж. Ингээд мэргэжлийн ур чадвар гарган хурдан шуурхай ажиллаж, 2-13 насны таван хүүхэд, хоёр иргэнийг цаг алдалгүй гаргаж, эрдэнэт хүний амь насыг аварчээ.

-Шөнийн сурвалжилга: Арга нь нарийссан хууль зөрчигчдөд хүлээлгэх хуулийн хариуцлага дэндүү сул байна-

 


 

ЦЕГ болон Эрүүгийн цагдаагийн албатай хамтран манай сурвалжлах хэсэг хууль бус мөрийтэй тоглоомын газар, гулгаа массажны газрууд хэрхэн нууц байдлаар ажиллаж байгааг харахаас гадна, үйл ажиллагааг нь зогсоосон юм.

Биднийг тус газар очиход тус тоглоомын газраар үйлчлүүлж байсан байж болзошгүй 25-45 насны 18 иргэн байсан бөгөөд тухайн газрыг түр хариуцаж байгаа гэх иргэн Б: Би зүгээр эндхийг нүүлгэх гэж ирсэн. Энд үйл ажиллагаа явуулаагүй. Дарь-Эх рүү хоосон хашаанд аваачих гэж байсан. Би нэг өдрийн 60 000 төгрөгөө цалинжиж байгаа гэв. Гэвч тухайн газарт саатуулагдаад байсан хүмүүс тоглож байсан гэдгийг хэлсэн юм. Илүү ихийн эндээс уншина уу 

Эдийн засаг: Ирэх онд иргэдийн ачааг хүндрүүлэх "татварын багц хууль"-тай танилц

Шинэ он айсуй. Тэгвэл иргэд шинэ оны эхний өдрөөс л шуудхан олдог хэдээсээ татварт цөлмүүлэхээр болж байна. Тухайлбал, нийгмийн даатгал 2 хувиар нэмэгдэнэ. Түүнчлэн нэлээдгүй олон зүйлийн татвар нэмэгдэнэ. Энэ талаар эндээс мэдэж аваарай.

Спорт: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ираны жүдоч, 2018 оны дэлхийн аварга Саид Моллаиг албан өрөөндөө хүлээн авч уулзсан юм. 27 настай Иран эр удахгүй Чиндаод болох Мастерс тэмцээнд Монголын багийн бүрэлдэхүүнд оролцохоор болов.

Ираны Засгийн газраас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосон. Үүний улмаас Ираны жүдочид энэ жил Токиод болсон ДАШТ-д барилдаагүй. Харин Саид Моллаи өнгөрсөн жил дэлхийн аварга болсон амжилтаа батлах, хошой аварга болохын төлөө хүч сорьсон юм. Тэгэхдээ хагас шигшээд Бельгийн бөх  Маттиас Кассед ялагдаж, тавдугаар байр эзэлсэн билээ. Албаар ялагдахаас өөр аргагүй байснаа тэр сүүлд ярьсан. Учир нь хэрвээ ялбал нөгөө талаас Израилын Саги Муки гарч ирэх нь тодорхой байсан. Тиймээс түүнтэй барилдахгүйн тулд албаар дийлдсэн юм билээ.

Засгийн газрынхаа шийдвэрийн үл тоон, ДАШТ-д барилдсан гээд Иранчууд түүнийг ихэд шүүмжилж, тэр ч бүү хэл заналхийлсэн. Тиймээс Саид Моллай аргагүйн эрхэнд Иран руу буцалгүй Германд үлдэн, улс төрийн орогнол хүссэн юм.

Тэрбээр  жүдо бөхийн дэлхийн аваргад Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах эхний тэмцээн нь 10 хоногийн дараа БНХАУ-д болох Чиндаогийн “Мастерс” тэмцээн байх аж. Олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны цахим хуудсанд түүнийг Монгол Улсын шигшээ багийн мэдүүлэгт оруулан баталгаажуулсан байна. Ингэснээр Монголын жүдогийн 81 кг улам хүчирхэгжиж байгаа нь мэдээж. 81 кг-д ДАШТ-д хоёр удаа V байрт шалгарсан, Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй жүдоч, Азийн аварга О.Ууганбаатар, Азийн аварга, олон улсын хэмжээний мастер Н.Дагвасүрэн тэргүүтэй олон шилдэг барилддаг. Өнөө жилийн “World masters”-т Саид Моллаигаас гадна О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн нар зодоглоно.

ДАШТ-ий дараа Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер “Бид Саид Моллаигийн явдлыг олон нийтэд дэлгэсэн нь түүнийг болон гэр бүлийг нь хамгаалах зорилготой байлаа. Засгийн газрынхаа шийдвэрээр ДАШТ-д оролцож чадаагүй бусад иран жүдочдын талаар ч бид ярих болно.Саид Моллаи өөр орны нэр дээр барилдахыг хүсвэл бид түүний чансааны оноог цуцлахгүй” гэж мэдэгдсэн юм.