Нийслэлийн ИТХ-аас авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, үүнээс олох орлогыг юунд зарцуулахаа ирэх оны төсөвтөө тусгасан. Цалингаас цалингийн хооронд амь зуудаг, чанартай, сэтгэл хангалуун амьдрахад хүрэлцэхүйц орлогогүй массын хувьд “Тав дахин нэмэгдүүлсэн төлбөр” гэдэг үг хүлээж авахад бэрх, том дарамт мэт сонсогдох нь мэдээж.

Тэр тусмаа сонгуулийн өмнөх жилийн ийм шийдвэрийг яаж ч байсан улстөржүүлэх нь тодорхой. Хамгийн наад зах нь “Сонгуулийн зардлаа иргэдийн халааснаас гаргах нь” гэсэн хардлага гарах нь зүйн хэрэг. Ингээд болдог юм болдгоороо болж, олон нийтийн сүлжээгээр иргэд эсэргүүцлээ илэрхийлж, улстөржсөн хийрхүү нөхөд гудамжинд жагсаал зохион байгуулав. 

Төд удалгүй МАН-ын дарга, Ерөнхий сайд нийслэлийн удирдлагад энэ шийдвэрээ эргэж харах чиглэл өгч, хотын дарга С.Амарсайхан авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх шийдвэрийг цуцалж, хуучнаар нь үлдээх саналыг нийслэлийн ИТХ-д өргөн барихаар боллоо. Хэрэв Ерөнхий сайдын чиглэл, хотын даргын саналын дагуу нийслэлийн ИТХ гаргасан шийдвэрээсээ буцвал автомашинтай иргэд тав дахин нэмэгдүүлсэн төлбөр төлөхгүй нь. Түрийвчин дэх хэдээ бодвол сайхан мэдээ санж.
Гэвч, цаана нь нэг асуудал торж үлдээд болохгүй нь. Манай төр, засаг, удирдах байгууллагын шийдвэр улам л хэврэг, дархлаагүй, даацгүй болоод, эргэж буцсан, халирч далдирсан байдал хэтэрхий ойр ойрхон давтагдаад байх шиг. Нийгмийн сэтгэл зүйг харгалзан үзэж бодлого, шийдвэртээ тусгах нь буруу зүйл биш л дээ. Гэхдээ олон нийтийн санал бодлыг сонсох, олон талаас нь харж, тооцоо судалгаа хийх чинь шийдвэр гаргахын өмнө зайлшгүй хийх ёстой ажил, шат дамжлага биш үү. Асуудлыг бүх талаас нь харж, тооцож байж, хамгийн зөв гэсэн хувилбараа төр, засгийн төв байгууллагын шийдвэр болгож гаргадаггүй юм уу. Гэтэл сүүлийн үед гаргаж буй шийдвэр, түүнээсээ буцаж байгаа байдлыг харахад “Ингээд нэг үзье. Болохгүй бол буцаагаад, дахиад өөрөөр үзье” гэсэн, аз сорьсон байдлаар улс орноо удирддаг мэт сэтгэгдэл төрөхөөр болоод удчихлаа.
Намууд төрийн эрх авахын, улстөрчид нь дарга, сайд болохын төлөө үхэн хатан тэмцэх атлаа хүссэндээ хүрч, төр жолоодох болохоороо ямар ч бодлого, төлөвлөгөөгүй, юу хийх, хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа дүр зураг эндээс тодорно. Эмчээр бол үйлчлүүлэгчийнхээ хаана, юу нь өвдсөнийг оношилж мэдэхгүй хэрнээ эмчилж чадна хэмээн зүтгэж, юунд нөлөөлдгийг нь мэдэхгүй эм, тариа туршин, энд тэнд нь мэс хүргэж, эрүүл эрхтнийг нь тасдаж, алдаа хийснээ ойлгоод буцааж оёж суугаагаас ялгаа алга. Эргүүтсэн төлөг шиг дороо эргэлдсэн энэ байдал нь нэр хүнд, итгэл даах чадвараа нэгэнт алдсан төр, засгийг улам хүчгүй, дорой харагдуулахад нэрмээс болж буйг ч хэлэхээс аргагүй нь.
Үүгээрээ бид авто замын төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэрийг цуцлах саналыг эсэргүүцэх, эсвэл төр, засаг, удирдах байгууллагын нэгэнт гаргаад, буцсан бодлого шийдвэрүүдийн зөв, бурууг шүүх гэсэнгүй. Харин төр, засгийн санаж сэдэж эхлүүлсэн ажил үр өгөөжтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, залгамж чанартай, урт настай, голыг нь олсон, итгэл төрүүлэхүйц байх тухай хөндөж байна.
Өчнөөн ажил болж, бөөн бухимдал үүсгэн байж нэг шийдвэр гаргачихаад, хөрөнгө мөнгө зарж эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэлгүй эргэж буцах явдал манайд нийтлэг. Тэр ч бүү хэл төр, засгийн гол гол бодлого шийдвэрт ч ийм зүйл олонтаа ажиглагддаг. Хамгийн зоримог, эрэмгий гэх тодорхойлолтыг өөртөө наах хүсэлтэй өнөөгийн Засгийн газрын үед л гэхэд ямар ямар эргэж буцсан явдал гарсныг сануулъя.
“Хувь хүний орлогын албан татварыг дөрвөн шатлалтай болгосныг засаж залруулан, буцааж нэг шатлалд шилжүүлнэ. Эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийнэ. Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан, олон хүүхэд төрүүлсэн бол эрэгтэй 55, эмэгтэй 50 настайдаа тэтгэвэрт гарч болно. Тэтгэвэрт гарах насыг жилд зургаан сараар нэмж байгааг гурван сар болгож бууруулна. Мөн нийт хүүхдийн 60 хувьд өгч байгаа хүүхдийн мөнгийг 80 хувь болгож, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ч нэмнэ. Өмнөх зохицуулалтаар хувь хүний орлогын албан татвар илүү төлсөн иргэдийн мөнгийг буцааж олгоно” гэсэн Ерөнхий сайдын мэдэгдэл Засгийн газрын 100 хоногийн тайлангийн гол сюрприз байсныг санаж байна уу.
Хэвлэлийн хурал зарлан, энэ талаар мэдэгдсэнийхээ маргааш Засгийн газар ээлжит бусаар хуралдан, Хувь хүний орлогын албан татварын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болж, үүнээс 2-3-хан цагийн дараа УИХ-ын даргад төслүүдээ өргөн барьсан. Цалин, хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах орлогод ногдуулах татварын хэмжээг хуучнаар нь буюу 10 хувь болгож, нэг шатлалд шилжүүлэхээр уг төсөлд тусгасныг нь парламент хэлэлцэн, баталсан.
Уг нь өнөөгийн эрх баригчид засгийн эрх авангуутаа “Хэмнэлт, хэмнэлт, бас дахин хэмнэлт, бүсээ чангалж байж л эдийн засгаа эрүүлжүүлж авахгүй бол болохоо байж” хэмээн гасалцгааж, тэр эрчээ алдалгүй хоёр жил шогширсон. Тэдний тархи угаалтад итгэж, хувь тавилантайгаа эвлэрэхээс өөр гарцгүй гэж бодож явсан олон нийтэд Ерөнхий сайдын уян зөөлөн шийдвэр үнэхээр сюрприз болж, баярлуулсан. Ядарсан иргэдээ баярлуулах нь муу зүйл биш л дээ.

“Ингээд нэг үзье. Болохгүй бол буцаагаад, дахиад өөрөөр үзье” гэсэн, аз сорьсон байдлаар улс орноо удирддаг мэт сэтгэгдэл төрөхөөр болоод удчихлаа.

Гэвч нөгөө талаас нь харвал, Ерөнхий сайдын энэ өгөөмөр алхам 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН олонх болж, засгийн эрх авснаас хойш хийсэн реформ, шинэчлэл гэж ярьсан бүхний эрчийг сулруулж, хуучин руу нь буцаачихсан билээ. Төрийн албаныхны асар их цаг зав, хүчин чармайлт зарж, нийгмээрээ хэлэлцүүлэг өрнүүлэн, эсэргүүцэл бухимдалтай тулгаран байж хийсэн ажлын үр дүнг тэр олон нийтэд таалагдах гэсэн ганц хүслээр үгүй хийж орхисон.
МАН засгийн эрхэнд гараад долоон төрлийн татвар нэмж, хүүхдийн мөнгийг хасахад “Тохиромжгүй арга хэмжээ авлаа, данхар төрийн алба, тансаг хэрэглээндээ хязгаарлалт хийгээгүй хэрнээ иргэдийн нуруунд хамаг ачааг үүрүүллээ, нэг далайлтаар шууд долоон төрлийн татвар нэмэх нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд асар хүндээр тусна” гэсэн шүүмжлэлийг хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийт бишгүй л нэг хэлсэн, буруутгасан.
Тэгэхэд Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Чойжилсүрэн “Хүн амын цонх үе, ажиллах хүчин, Нийгмийн даатгалын сангийн ачаалал, дундаж наслалт гээд олон зүйлийг тооцож байж тэтгэврийн насыг нэмж байна. Одооноос бодлогын өөрчлөлт хийхгүй бол тун удахгүй төсөв тэтгэврийн ачааллаа даахаа болино. Эх үүсвэргүй учраас л аргаа бараад ийм алхам хийлээ. Намаа бодох уу, улсаа бодох уу гэдэг хоёр сонголт тулгарахад улсаа нэгдүгээрт, намаа хоёрдугаарт тавьсан” гэж хэдэн арав дахин тайлбарлаж билээ. Эцэст нь, иргэд “Ингэхээс өөр аргагүй байсан бололтой. Засгийн газар эдийн засгийг эрүүлжүүлж, олон жил буруу явсан санхүүгийн тогтолцоог зөв голдиролд нь оруулахын тулд энэ бүхнийг хийж” гэсэн бүдэгдүүхэн итгэл үнэмшилтэй үлдсэн. Гэтэл энэ их эргэлзээ тээнэгэлзээ, эсэргүүцэл бухимдлаа даван байж хүлээн зөвшөөрсөн шийдвэрүүдийг хэрэгжиж ч амжаагүй байхад нь, дараагийн Засгийн газар нь буцаачихсан нь даажинтай. Ингэснээр Ж.Эрдэнэбатын Засгийн газар хоёр жил шахам хугацаанд ажиллаагүй юм шиг, тэдний гаргасан тэр их хүчин чармайлт, хэрүүл тэмцэл, хэлэлцүүлэг өрнөөгүй мэт, гаргасан шийдвэр, авсан арга хэмжээ нь юуны төлөө байсан нь тодорхойгүй болж үлдсэн.
Ганц энэ удаа ч биш, өмнөх Засгийн газрууд ч ингэж л ажилласан. Дунджаар хоёр жилийн настай Засгийн газар байгуулагдсанаас хойших эхний хэдэн сард ажилтайгаа танилцаж, бодлого чиглэлээ боловсруулаад, үлдсэн саруудад нь яаж огцрохгүй байх талаар бодсоор халаагаа өгдөг. Дараагийнх нь гарч ирээд өмнөхийнхөө хийсэн судалгаа, санаачилсан ажлыг өшиглөж орхиод, бүхнийг шинээр эхлүүлдэг. Ийм чөтгөрийн тойрогт Монгол Улс эргэлдсээр хайран цаг хугацаа, олон боломжоо алдаж буй тухай жирийн иргэдээс эхлээд эрдэмтэн мэргэд нь хэлж л байдаг. Улстөрчид харин үүнийг тоож сонсохгүй, өөрсдийнхөө дүрмээр тоглосоор. Үр дүнд нь нийгэм бухимдалтай, ядуу, төр иргэддээ итгэл үнэмшил төрүүлдэггүй, хүндлэл хүлээдэггүй хүчгүй, сулбагар хэвээр он  цагийг үдсээр байна. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин