Манай улсад зам тээврийн ослоор жилд 500-600 хүний амь нас хохирч, 1000-1200 хүн хүндэвтэр хүнд гэмтэж бэртэж байна. 2019 оны 11 дүгээр сарын байдлаар 1004 хүн хүндэвтэр, хүнд гэмтэж, 535 хүн амь насаа алдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмтсэн хүн 11.9 хувиар, нас барсан хүн 5.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  Нийт амь насаа алдсан хүмүүсийн 20.5 хувь буюу 110 нь мотоциклтой хөдөлгөөнд оролцсон гэх судалгаа байна.

Судалгаагаар мотоцикл жолоодож байгаа иргэд нь жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхгүй, хамгаалах малгай өмсөхгүй, жолоочийн албан журмын даатгалд даатгуулахгүй, мөн улсын бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэлийн дугаар аваагүй, техникийн хувьд бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал буурахгүй байна.

Энэ оны эхний 11-н сарын байдлаар мотоциклтой холбоотой 474 осол гарсны 385 буюу 81,2 хувь, 110 хүн нас барсны 107 буюу 97,3 хувь нь орон нутгийн замд  гарсан байна.

Нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарч, зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдан халтиргаа, гулгаа үүссэнээс авто замын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан мотоциклоор замын хөдөлгөөнд оролцогчдын эрүүл мэнд, учирч болох хор хохирол, осол гэмтлээс урьдчилсан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 01-ээс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хооронд “Замын хөдөлгөөнд мотоциклтой оролцохыг түр хугацаагаар хориглох тухай” захирамжийг  Аймгийн засаг дарга нар гарган өөр өөрийн аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж байна.

“Замын хөдөлгөөнд мотоциклтой оролцохыг түр хугацаагаар хориглох тухай” аймгуудын засаг даргын захирамж гарснаас хойш мотоцикл унаж хөдөлгөөнд оролцсон 29 осол бүртгэгдсэний 27 буюу 93.1 хувь нь орон нутгийн замд гарч 6 хүний амь нас эрсэдсэн байна.