Эрх баригч МАН-ын голдуу албан тушаалтнууд ЖДҮХС-гаас “зээл” авсан, зарим нь тэр мөнгийг ББСБ-д оруулж хүүлсэн, зориулалтын бусаар зарцуулсан зэрэг үйлдэлтэй “ЖДҮ-гийн хэрэг” АТГ, прокурор, шүүхийн гар дамжаад удлаа.

Энэ хэрэгт ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг тэргүүтэй долоон хүн холбогдож, яллагдагчаар татагдаад шалгуулж байна.Гишүүд сугараад үлдэж байгаа бололтой юм.

Хэргийг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн аравдугаар сарын 31-нд шүүхэд шилжүүлсэн. Улмаар дээрх хүмүүст холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Энэ үеэр яллагдагчаар татагдаад байгаа хүмүүс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрчээ. Тэд Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг нь хүлээн авч, уг хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Одоо энэ хэрэг прокурорын хяналтад байгаа гэх мэдээлэл бий.

Ер нь бол энэхүү “ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.

“Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.

Энэ удаа дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна.

УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ.

Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “…33 ирсэн байна. Хурлын ирц 51.6 хувьтай байгаа учраас хурал эхлэхэд бололцоотой байна. Өнөөдрийн хурлаар УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудалтай холбоотой санал хэлэх гишүүд байна уу. Энхбаяр гишүүн.Өөр гишүүн алга байна” гэсний дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “…Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлаар үдээс хойш, маргааш Их хурал хуралдана. Үүн дээр Хөдөө аж ахуйн сайдын асуудлыг тохироод оруулна гэдгээ яриад, дээрээс нь Боловсролын сайдыг чөлөөлөх тухай ярьсан байгаа. Тэрийг дэмжээд дэмжээд, шийдээд шийдээд, яриад явчихвал яадаг юм бэ. Байнгын хороогоор ярьсан.Тэгэхээр өнөөдөр дуусгая” гэв. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “…Дарааллын дагуу асуудалдаа оръё. Улсын ерөнхий прокуророос оруулж ирсэн дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх асуудалтай холбогдуулаад УИХ-ын дарга өчигдөр орой санал хэлсэн. Тиймээс Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдсан.Өнөөдөр бас хуралдсан. Дүгнэлтээ гаргасан. Тэгэхээр Халдашгүй байдлын дэд хорооны саналыг сонсоод, гишүүд тодруулаад явчих нь зөв байх.Үүнийг өнөөдрийн чуулганаар заавал хэлэлцэж дуусгах юм. Дэд хороооны дарга Нямдорж танилцуулна” гэжээ. Ингэхэд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “…Надад горимын маягийн санал байна.Тэр Их хурлын даргаа дууд л даа.Тэгэхгүй бол нууцаар хуралдаад ийм юм хийчихлээ гээд эхэлнэ дээ.Тэр хүмүүсээ ирүүл.Тэгж байж ярьсан нь дээр.Үүнтэй тэмцэж байгаа учраас намайг оролдоод байгаа юм гээд юм яриад байгаа шүү дээ” гэжээ.

Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “…Хэлэлцэх асуудлаа баталчихсан.Сая та бүхэнд УИХ-ын Тамгын газраас Улсын ерөнхий прокурорын албан бичгийг тараасан. Өчигдрөөс хойш бүлгийн хурал гурван удаа хойшилсон байгаа. Мэргэжлийн, ахмад, туршлагатай парламентчидаас бүрддэг Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж дүгнэлт гаргасных нь дараа бүлэг хуралдвал гишүүд илүү мэдээлэлтэй, ойлголттой байна байх гэсэн үүднээс энэ дэд хорооны дараа хурлаа хийж байгаа юм. Одоо Халдашгүй байдлын дэд хорооны санал дүгнэлтийн талаар Нямдорж дарга та бүхэнд мэдээлэл өгнө” гэлээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “…Уржигдар 14:16 цагт Ерөнхий прокурор дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад өгсөн юм байна лээ. Тэр өдөр 17:00 цагаас Халдашгүй байдлын дэд хорог хуралд гэсэн санал УИХ-ын даргын зөвлөлөөс гарсан ч хуралдаж чадаагүй. Өчигдөр бид нар хуралдсан. Солтан гишүүн Баян-Өлгийд явж байсан учраас хуралдаанд оролцож амжаагүй.Тэгээд гурван гишүүнийх нь асуудлыг хэлэлцэж дуусаад Солтан гишүүнийг ирэхээр нь үргэлжлүүлэхээр болсон. Өнөөдөр Солтан гишүүний тайлбарыг сонсоод Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн санал нэгтэйгээр дараах дүгнэлтийг та бүхэнд танилцуулж байна.

 

 

Хуралд Ерөнхий прокурорын танилцуулга хийгдсэн. Асуулт, хариулт явагдсан. Дараа нь гишүүн тус бүрийн тайлбарыг сонссон. Дэд хорооноос гарч байгаа санал дүгнэлт бол нэгдүгээрт Улсын ерөнхий прокурорын түдгэлзүүлэх бичигт дурдсан асуудал болон гишүүдийн өгсөн тайлбараас тодруулж нэг мөр болгох асуудал цөөнгүй байна.

 

 

Хоёрдугаарт, АТГ-аас гишүүдийг тус бүр нэг удаа гэрчээр дуудаж байцаасан. Тэднээс мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан үндэслэл харагдахгүй байна. Гуравт, уг асуудлын шалгалт дуусаагүй байхад энэ удаад, энэ удаад гэдэг үгтэй юм шүү. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй байна гэсэн үндэслэлээр Ерөнхий прокурорын саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжээгүй.Ийм гурван санал, дүгнэлт гарсныг та бүхэнд танилцуулж байна.

Эхний гишүүн Ундармаа байгаа. Дараагийн гишүүн Энхболд, тэрний дараа Дамба-Очир гишүүн байгаа. Ерөнхий прокурорын ярьснаар бол энэ зээл авсан асуудлын шалгалт төгсгөлийн хэсэгтээ орж байгаа гэсэн үг хэлсэн. Нэр холбогдсон гишүүн цөөнгүй байгаа. Энэ асуудлын хяналт шалгалт нөгмөсөн дуусч, хоёр тийшээ ялгарсны дараа авч үзэхгүй бол хэсэг байж байгаад ганц хоёрыг ч юм уу, гурав дөрвийг оруулдаг. Дахиад байж байгаад увуулж цувуулаад оруулаад байх ерөнхий нөхцөл харагдаад байгаа. Ийм учраас шалгалтын дүн нэгмөсөн дууссан үед санал оруулж ирвэл хэлэлцэх нь нэлээн зохистой юм болов уу гэдэг зүйл Дэд хороон дээр яригдсан. Миний танилцуулах зүйл энэ байна.Гишүүн тус бүрийн тухайд бол Ерөнхий прокуророос бичиг ирсэн юм байна лээ. Тэр бичгийг та бүхэнд тараасан.Уншиж танилцсан байх гэж найдаж байна” гэв.

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “…Өнөөдөр бүлэгт үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлаа дүгнэж цэгнээд, цаашдаа яаж явах гэж байгаа юм бэ. Энэ олон сар УИХ-ын нэгдсэн чуулганд оролгүйгээр улс төрийн үйл ажиллагаа идэвхтэй, идэвхгүй ийм нэг хэлбэрээр хандаад бүтэн сар гаруй болчихлоо. Тэгэхээр бид үүндээ бодитой дүгнэлт хийх ёсгүй юм уу. Энэ асуудлыг яаж, хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээ ярьж байж ард түмний өгсөн 65 суудалтай намын эрх  ашгийг бодох цаг болоогүй юу. 65 суудалтай намынхаа бүлгийг эвлүүлж, хавлуулж, ярьж хөөрөх юм байна уу. Байхгүй юу. Бид буруу ишилсэн сүх шиг хоёр тийшээ харж хэвтээд ард түмний сонголтыг үл хүндэтгээд хаях гээд байгаа юм уу. Ямар улс төр явуулах гэж байгаа юм бэ.

 

 

Ямар ч байсан хүчирхийлээд, бярдаад, хүчээр ямар ч улс төрийг аль нь ч хийж чадахгүй байна гэдгээ хараад ойлгож байгаа байх. Тийм учраас цаг барахгүй байх үүднээс нэгдүгээрт энэ асуудлаа ярьж байж дараагийн асуудлуудаа яриач ээ гэсэн зарчмын ч юм уу, горимын ч юм уу санал гаргаж байна” гэв.

 

 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “…Хурлаар хэлэлцэх асуудал батлагдчихсан. Дэгээрээ гялс хуралдчих нь зөв байх. Би энэ дөрвөн гишүүний асуудалтай холбоотой Дэд хороод, Байнгын хороодын санал дүгнэлтүүд дээр шууд санал хураагаад явчихсан нь дээр байх гэсэн горимын санал гаргах гэж байгаа юм. Одоо асуулт, хариулт гээд бөөн хэрүүл болно. Ер нь асуудал ойлгомжтой байгаа шүү дээ. Мэдээж, бид нар өгч явуулахгүй нь ойлгомжтой. Өмнө нь өгөөд явуулсан. Одоо нэг нэгээрээ, гурав, дөрвөөрөө сугалуулдаг асуудал байхгүй гэж ойлгож байгаа. Тийм учраас үүн дээр асуулт, санал гээд байх юм байхгүй. Гишүүдээ авч үлдэнэ гэдэг дээрээ Дэд хороод, Байнгын хороодын саналаар шууд санал хураачих нь зөв болов уу гэсэн горимын саналтай байна. Горимын саналаар санал хураалгаж өгөөрэй” гэхэд Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “…Хоёр Байнгын хороо хуралдах юм. Элдэв-Очир гишүүн шууд санал хураачихвал яасан юм бэ гээд байна. Гэхдээ одоо зургаа, долоохон гишүүн байгаа юм. Товч товчхон ярьчих уу, эсвэл горимоороо явах уу. Юу гэж бодож байна. Хоёр Байнгын хороо хуралдана. Улс төрийн нөхцөл байдлыг би ярина. Тэрийгээ хэдүүлээ маргааш тав дахь өдөр ч юм уу, бид нар ярилцаж байгаад цаг тогтоод, тэгээд хэдүүлээ улс төрийн нөхцөл байдлаа ярина. Намын даргыг, Ерөнхий нарийн бичгийн даргыг, УИХ-ын даргыг гээд бүгдийг нь байлгаж байгаад ярих нь зөв. Тэрийг би ойлгож байна. Одоо цаг хугацаандаа тулчихсан асуудлуудаа яриад шийдээд явчихвал яасан юм бэ гэж бодож байна. Тэгэхээр Элдэв-Очир гишүүнийхээ саналыг хураачих уу. Эсвэл бусад гишүүнд, түрүүний горимоо эхлээд яриадхъя. Мөнхбат гишүүн өөр горим ярих гэж байна уу, микрофоныг нь өгөөдөх” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “…Энэ бичгийг Энхболд дарга аваад Нямдорж, Лүндээжанцан нарт гээд цохчихсон  байсан юм. Энхболд дарга өөрөө яриад хурлаа хий гэсэн. Ийм учиртай. Хоёрдугаарт, ийм асуудал яригдахаар заавал Халдашгүй байдлын дэд хороо хуралддаг учиртай юм л даа. Хуралдахгүй байх арга байхгүй. Лүндээжанцан, Раднаасэд, Нямдорж, Цолмон нарт гээд Энхболд дарга гарын үсэг зурчихсан. Тэрний дагуу хуралдсан. Яг номоороо явж байгаа” гэхэд Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “…Одоо зургаан гишүүн байна.Үүнийг сонсчихъё. Тэгэх үү, Элдэв-Очир гишүүн ээ. Заавал санал хураалгахгүйгээр энэ зургаан гишүүнээ сонсоод явчихъя, Оюунчимэг гишүүн” гэв.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “…ЖДҮ-гийн асуудлыг яаж улс төр болгох вэ, хэзээ хаана ярьсан, хэзээ зохион байгуулсан, бусад баримтыг устгасан гээд олон мэдээлэл байгаа. Тэрийг дараа цаг нь болохоор ярих байх .Энэ бол энэ дотроос гарсан. Манай энэ дотор сууж байгаа нөхдүүд хэсэг нөхдийнхөө эсрэг зохион байгуулалттайгаар эрүүгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн гэдгийг ярьсан. Өнөөдөр яг таван нөхөрт маань эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах санадыг прокурор оруулчихсан. Хэрэг бодитой гэдгийг нь нотолчихсон. Прокурор үндэслэлтэй гээд үзчихсэн. Энэ бол амаргүй буюу үндсэндээ улс төрийн дараагийн 2020 оны сонгуульд эхний ээлжинд энэ таван хүн байхгүй.  Цаана нь нэлээдгүй улсууд байгаа. Нэлээдгүй гэж байгаа шүү. Энэ болгон эндээс гарсан. Тэгэхээр энэ асуудлыг нуруун дээрээ үүрсэн Батзориг сайд үгээ хэлээч. Юу болсон юм бэ. Бүлэг ямар чиглэл өгч байсан юм бэ. Тухайн үеийн төсвийн ажлын хэсэг гэж яасан юм бэ. Үүнийг өг гэж яаж шахсан юм бэ. Энэ гишүүд таныг шахсан юм уу. Нэг газар цуглаж байгаад зохион байгуулалттайгаар хийсэн юм уу. Бодит байдлыг гишүүддээ сайхан хэлээч. Ийм, ийм юм болсон. Бүлгээс ийм чиглэл өгсөн юм. Ажлын хэсэг ингэж төсөв өөрчилсөн юм гээд. Сангийн сайд бас үгээ хэлэх хэрэгтэй. Юу гэж байсан юм гээд. Сангийн сайдууд байж байна. Их хурлын индэр дээрээс олон гишүүн хэллээ шүү дээ. Зохион байгууллалтайгаар, онц ноцтой бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хажууд, урдаас харж байгаад хэлсэн. Ингээд улс төрийн үйл явц болсон. Мэдээж, энэ бол сонгууль болоход хохиролтой дуусна. Сонгуулийн сезон эхэлчихлээ. Нэг жил гаруй үлдлээ. Саяын болсон үйл явцын өрнөлөөс харахад манай 65-аас 40-өөд гишүүн ямар ч байсан ирэх сонгуульд маш хүнд тамгатай орох байх. Амаргүй болох байх. Энэ нь мэдээж бид нарт маш хүнд сонгууль болно гэдэг тодорхой. Тэгээд одоо яах вэ, нэгэнт ийм асуудал үүсчихээд цагдаа шалгаж тогтоогоод, прокурорын үндэслэлтэй шахаж байгаа гэдэг чинь их эвгүй байхгүй юу. Алга таших юм биш шүү дээ. Тэгэхээр Батзориг сайд аа, бодит үнэнийг хэлээч. Нөгөө талаас ЖДҮ-ийг дэмжинэ гэдэг чинь юу юм бэ. Олон түмэнд тараагаад өгчих юм яриад байгаа. Боломжгүй улсуудад тарааж өгөх төсөл байсан гээд байгаа. Ер нь үйлдвэрлэл хөгжүүлэх ямар бодлого байдаг юм бэ. Үүнийгээ та нар ярь л даа. Ярих юм алга. Нэгэнт энэ дотроосоо хэдэн нөхдөө шоронд явуул гэдэг улс төр хийсэн шүү дээ. Тэрийгээ Мөнхбат хэлж л байна. Бодит үнэнийг хэл. Юу болсон юм бэ. Миний хувьд ЖДҮ-гийн зээл авсан хүн. Дүрэм журмын дагуу сонгон шалгаруулалтад ороод ирсэн. Зориулалтын дагуу ашигласан. Шалгасан. Дууссан. Нуугаад, хаагаад байх юм байхгүй. Ил тод шүү дээ. Энэ ямар авлига авсан биш, хулгай хийсэн биш, улсын мөнгө ашигласан биш. Салбарыг нь зарласан. Төсөл хөтөлбөрт нээлттэй сонгон шалгаруулалтад оролцоод авсан. Ийм л улсууд байж байгаа. Мэдээж, улс төрийн байгууллага хурдан шуурхай ажиллаж, харж байгаа шүү дээ. Тийм том том асуудлууд, том том хулгайн асуудал байхад л орохгүй хаяж үлддэг мөртлөө энэ ЖДҮ-гийн асуудлыг ямар хурдан оруулж, энэ жагсаал цуглаантай холбоотой дөрвөн гишүүний асуудлыг яаж хурдан оруулж ирж байна вэ. Их л хурдан шуурхай ажилладаг юм байна.Тэгэхээр Батзориг сайдын үгийг сонсмоор байна.Т а үнэнийг хэлээч” гэсэн байр суурийг илэрхийлэв.

 

УИХ-ын гишүүн Б.Батзориг “…ЖДҮХС-гаас олгосон зээлийн асуудлаар сүүлийн хэдэн сар маш их улстөржлөө шүү дээ. Энэ зээл яаж олгогддогийг манай эрхэм гишүүд бүгд мэдэж байгаа. 2018 оны төсөв яригдаж байхад ЖДҮХС дээр мөнгө тавина, тавихгүй гэж байгаад сүүлд нь тавьсан. Засаг төр тэр үед солигдох гэж байсан. Юу яригдаж байсныг манай гишүүд бүгд мэдэж байгаа. Яривал их юм байгаа. Гэхдээ одоо ярих цаг нь биш болов уу гэж бодож байна. Би бас олон хүнтэй зөвлөж байна.  Ахмад гишүүдтэй би байнга уулзаж зөвлөлдөж байгаа. Ярина л даа. Тэгээд 70 тэрбум төгрөг 2018 оны улсын төсөв дээр тавигдсан. 27 тэрбум төгрөг эргэн төлөлтөөр тавигдсан. Нийтдээ 97 тэрбум төгрөг 2018 оны төсөвт тавигдсан шүү дээ. Прокурорын бичгийг харахад сайд тушаал гаргаад л энэ зээлийг чинь зүгээр нэг олгосон юм шиг нийгэмд ойлгуулаад байгаа байхгүй юу. Энэ чинь тусгай журамтай шүү дээ. 2016 оны Засгийн газрын тогтоолтой. Энэ зээлийг таван жилийн хугацаатай гурван хувийн хүүтэй, хөнгөлөлттэй олгодог. Эхний жил нь хүүгээ төлөөд үндсэн зээлээ төлөхгүй гээд Засгийн газрын тогтоолоор батлаад өгчихсөн. Энэ тогтоолын дагуу зээл олгогдсон. Тэгээд 2016 оны Засгийн газрын тусгай сангийн хуультай баталсан.Энэ журмын дагуу л олгогдсон.Манай гишүүд бүгд саналаа хэлсэн шүү дээ.Ер нь гишүүд саналаа хэлдэг. Тийм ч үүрэгтэй. Ард түмний төлөөлөл бол гишүүд. Ард түмэн гишүүддээ мэдээж ханддаг. Албан бичгээр, аман яриагаар манайхан бүгд хандсан. Одоо хэвлэл мэдээллээр бүгд явж байгаа. Яг үнэндээ үнэхээр улстөржиж бие биеэ алж байгаа. Сүүлийн хэдэн сар үнэхээр хүнд байгаа. Зээл маш нарийн шалгууртай олгогддог гэдгийг ерөөсөө ярихгүй байгаа. Зүгээр нэг тушаал гаргаад олгодог гэж яриад байгаа. Энийг чинь сонгон шалгаруулахдаа олон нийтэд зарладаг. Тэгээд хүмүүс материалаа өгдөг тусгай хугацаатай. Тэр материалыг нь аваад сан дээр бичиг цаасных нь иж бүрдэл төслийг нь шалгаруулаад төсөл сонгон шалгаруулах хороо руу оруулдаг. Тэр хорооны хурал дээр дэмжигдсэн төслийг сайд баталгаажуулах тушаал гаргадаг шүү дээ. Ийм л журамтай шүү дээ. Үүнийг манайхан бүгд мэдэж байгаа. Манай 65 гишүүн бүгдээрээ л төрийн өндөр албан тушаал хашиж байсан. Төрийн ажил яаж явдаг вэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Тэрний дагуу хийгдсэн ажил шүү дээ. Харин бидний талцал хуваагдал биднийг ийм байдалд оруулж байгаа гэж би ойлгож байгаа. Цаашаа 2020 оны сонгуулиар нэлээн гарна. Сая Ж.Мөнхбат гишүүн бас ярьж байна. Жагсаал хийнэ гэж байна. Яг үнэнийг хэлэхэд Ж.Мөнхбат гишүүн ч гэсэн зээл олгооч ээ гэж ярьж байсан шүү дээ. Тэр хүмүүс нь шалгуур даагаагүй. Би сангийнхандаа хэлж байсан. Та нар хуулиа бариарай. Барьцаагүй, бичиг баримтгүй, төсөлгүй зээл нэгийг ч олгож болохгүй шүү гэдэг зүйл тавьж байсан. Одоо энэ олгогдсон зээл бүгд барьцаатай. Би түүнд бардам байна. Барьцаагүй нэг ч төгрөгийн зээл олгоогүй. Муу төсөлд олгоогүй гэж бодож байна” гэжээ.

 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “…Би энд орж ирээд байгаа дөрвөн гишүүнийг явуулж болохгүй гэж бодож байгаа. Яагаад гэхээр УИХ-ын тухай хуулийн 7.1.15-д зааснаар Их хурлын гишүүн аливаа албан байгууллага,  иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, шаардлагатай бол холбогдох байгууллага албан тушаалтанд уламжилж хариуг нь авч өгөх үүрэгтэй. Энд явж байгаа хүмүүсийн бичиг сачгийг нь харахаар ЖДҮХС-д дэмжиж өгөөч ээ гэж бичиг хийж өгсөн учраас “Чи холбоотой” гэдэг байдлаар татах гэж байх шиг байгаа юм” гэлээ.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “…Гаднаас шидсэн чулууг дотор оруулж ирээд, хоорондоо хэрэлдээд хуваагдаад, энэ үл ойлголцол маань үзэн ядалт болчихсон явж байна. Цаашлаад өс хонзон болох нээ. Үүнийгээ хэзээ хагалж, хэзээ ярих юм бэ. Бүлэг хуралдаж чадахгүй. Ний нуугүй бие биеийнхээ үгийг хүлээцтэй сонсоод, асуудлаа яриад ойлголцоод, зөв талаасаа ойлголцох хүсэлт гаргах юм бол бид ойлголцоно шүү дээ. Гэтэл энэ бүлэг яагаад хуралддаггүй, энэ асуудлыг ярих боломж яагаад бид олгодоггүй юм бэ. Өнөөдөр тэгээд нэг нэгээр нь асуудлыг яриад, дөрвөн гишүүний асуудал, дараа нь УИХ-ын даргын асуудал гээд, тэр болгон дээр хуваагдаад, ойлголцохгүй, бие биеэ буруутгасан нүдээр хараад байх юм бол үзэн ядалт маань улам даамжирна. Тийм болохоор асуудлыг томоор харж болохгүй байна. Яавал бид нар улс орныхоо, намынхаа том эрх ашиг гэдэг юмаа, журмын нөхдөө бодох вэ гэдгийг урдаа тавиад, үүн дээрээ тохиролцчихоод, алхмаа хийчихээд, дараа дараагийнхаа асуудал руу орж болохгүй юу. Ингээд явах юм бол бид ойртсон, нягтарсан, асуудлаа шийдэж чадсан, гарц шийдэл олсон юм руу явах гээд байна. Тэгэхгүй бол таван цаг болох гэж байна.  Тийм болохоор эхлээд дөрвөн гишүүнийхээ асуудлыг ярьчихъя гээд хуваагдаад, дараа нь УИХ-ын даргыг огцруулах хуулийн асуудал ярина гэж дахин хуваагдаад явах юм бол хагарал, хуваагдал маань улам томроод үл ойлголцол руу, үйл ойлголцол маань үзэн ядалт, үзэн ядалт маань цаашлаад өс хонзон гэдэг юм руу явах гээд байна. Тиймээс Тогтохсүрэн дарга аа, яавал энэ ойлголцлоо бий болгож том асуудлуудаа эхэлж ярих юм бэ.Үүн дээр бүгдээрээ ярилцмаар байна.Ингэхгүй бол үнэхээр хэцүү байна.Тэгээд бие биетэйгээ ярьж чадахаа больсон. Дуугарч чадахаа больсон.Бүлэг нь сууж байгаад бие биеийнхээ үгийг тэвчээртэй сонсоод, авахыг нь аваад, хаяхыг нь хаяад, авах гээхийн ухаанаар хандаж чадахаа байсан. Ерөөсөө арван үгний нэг нь буруу байхад нэг буруу үгийг нь өлгөж аваад “Чи ёстой ингэлээ” гэдэг. Ес нь зөв байхад есийг нь сонсож чадахаа байсан. Энэ байдлаа бид нар эвдмээр байна.Үүнийгээ өөрчилмөөр байна.Үүнийг эхэлж яримаар байна. Тэгж байгаад юмаа ярих юм бол бид гарц шийдэл гаргаж чадна ” гэв.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “…ЖДҮ гэдгийг улстөржилт гэж харж байна даа.Ямар ч байсан манай гишүүд дөрвөн гишүүнээ явуулахгүй нь мэдээж.Ер нь энэ гишүүдийг ингэж хуулийн байгууллагаар татна, барина, нэр төрд нь халдаж байгаа бол олон түмнийг төлөөлсөн гишүүдийн дархлаа бол үнэхээр байхгүй болсныг харуулж байгаа юм.Магадгүй, шударга ёсныхоо төлөө, зөв юм хийснийхээ төлөө мөнгөтэй хүмүүсийн захиалга болж байгаад татуулах байдал ямар нэгэн гишүүнд ирэхэд байг гэхгүй” хэмээв.

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “…Өнөөдөр бид нар ЖДҮ-гийн асуудал орж ирсэн тулдаа ярьж байгаа юм. Гэхдээ энэ ЖДҮ-гийн асуудалд холбогдсон гишүүд маань нэг гомдол яриад байгаа юм. Хэдэн хүн зохион байгуулалттай хүний муу үзэх гээд гэж, үгүй шүү дээ. Харин нэг хэсгийнхээ мууг үзэх ажил жилийн өмнөөс эхэлсэн байхгүй юу. 30 тэрбум чинь 30 гэр бүл, концессчин, олигархиуд, дөнгөж өнөөдөр сая хүртэл жагсаал хийгээд Энхболд, Мөнхбат, Номтойбаяр гээд нэрийг нь зоож байгаад Монголын ард түмэн зарлаад байхад, Төрийн ордонд хэвлэлийн мэдэгдэл хийгээд зогсож байна шүү дээ. Нэг талаас ярьдаг үнэтэй, цагаантай хүн гэж байдаггүй шүү дээ. Үүнийг яагаад хоёр талаас нь ярьж болоогүй юм бэ. Хоёрдугаарт, өнөөдөр нийгэмд үүссэн бухимдал 60 тэрбум болчихлоо. Энэ 60 тэрбумчдыг, Миеэгомбын Энхболдыг зайлуулахгүй бол Ардын нам 2020 онд ялагдах нь, бузар булайгийн туйл, шившиг боллоо гэж манай хэсэг нөхөд маань ярьсан. Яг үүнтэй чинь адилхан ЖДҮ-гийн асуудал тийм болчихсон байгаа шүү дээ. Гуравдугаарт, энэ асуудлыг яригдаад эхлэхэд цэг тавьж болох байсан. Би нэг юманд харамсч байгаа юм, Энхбаяр гишүүн ээ. Дараагийн жагсаал ЖДҮ-гийн жагсаал болж магадгүй шүү. Энийг би хийх гэж байгаа юм биш. Нийгэм чинь хийх байх шүү. Тийм учраас үүнийг яаж болиулах вэ гэдгээ бид нар бодох, ярих цаг болжээ. Нэг сайд, даргын суудал онгойхоор улайрч гүйлддэгээ боль.Би ах нарыг шүүмжилмээр байгаа юм, Энхтүвшин сайд аа, Нямдорж сайд аа, Нямаагийн Энхболд сайд аа, Улаан сайд аа.Би харин Лүндээ даргыг үүн дээр зарчим заасан гэж бодож байгаа.Нэг даргын суудал онгойх сураг дуулдахаар гүйлдчихдэг.Яагаад Хүрэлсүхийг Энхболдтой, Мөнхбатыг Оюун-Эрдэнэтэй суулгаж байгаад “…Муу нуснууд минь болиорой” гээд, хэрэгтэй бол шанаадаад, алгадаж байгаад ч гэсэн энэ намын эв нэгдлийг та нар авч гарч чадаагүй юм бэ. Яагаад та нар нэг талд нь гараад өнөөдрийг хүртэл дэвэргээд, өөгшүүлээд явуулсан юм бэ. Энэ үнэн шүү дээ. Ийм л юм болсон. Ийм боломж манай 1950 оны ах нарт байсан. Би үнэхээр харамсаж байгаа юм. Арай  ч дээ. Энэ намыг ийм болгоход гурван сайд, нэг горилогч, та дөрвийн алдаа байгаа шүү. Тэрийгээ хүлээн зөвшөөрөөрэй. Одоо яах юм бэ. Бие биеэсээ өс авах гэж байгаа юм шиг цаашаа явах уу. Жил гаруйн дараа болох сонгуулийнхаа ялалт, намын хамтын эрх ашиг, эв нэгдэл, зөвшилцөл, ойлголцол  гэдэг юмаа яриад цаашаа алхахгүй юм уу. Үүний төлөө шаардлагатай бол буулт, санаачилга, зориг гаргах цаг нь болсон юм биш үү.Үүнийгээ яриагүй байж энэ хэдэн хүн нь зөв юм, гүтгүүлж байгаа юм, улс төрийн хэлмэгсэд болж байгаа юм гээд.Эд нар нь чөтгөр юм гэээд.

 

 

Мөнхбат, Номтойбаяр хоёр энэ 60 тэрбумыг өмөөрөөд, Энхболдыг өмөөрөөд, өнөөдрийн жагсаалыг болиулах гэж хамаг юмыг хийгээд, хүн цуглуулаад, хууль хүчнийхэнд хүртэл нөлөөлж байгаа гэж дөнгөж сая ярьж байна. Нэг ч тийм юм болоогүй. Батзориг сайдын хэлж байгаа үнэн. Би Батзориг сайдад тойргийнхоо хүнийг дэмжчихээч гэсэн. Өрөөндөө дуудаж байгаад Мөнхбатын утсаар ярьснаар чамд зээл өгөхгүй гээд гаргасан байна лээ. Тэр хүн аваагүй юм. Тэр үнэн.Тийм учраас ойлголцол, зөвшилцөл рүүгээ явах нэг гарц үлдсэн байна.Үүний дараа асуудлаа яриад, тэгэхгүй бол УИХ-аа тараа” хэмээв.

 

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “…Тэгэхээр ингэе, түрүүнд Мөнхбат дарга бид нар ярилцсан.Сая Мөнхбат, Оюунхорол, Бямбацогт, Цогзолмаа нарын гишүүд улс төрийн нөхцөл байдлынхаа талаар бүлэг дээрээ ярья гэсэн тодорхой санал хэлж байна.Тэгэхээр бид түрүүнд ярилцаад өмнө нь байгуулаад үр дүнд хүрээгүй зөвшилцлийн ажлын хэсгийг шинээр байгуулъя гэж байгаа.Энэ хурлын дараа ярьж байгаад хоёр талаасаа тодорхой тооны хүмүүс гарч, зөвшилцлийн ажлын хэсгийг шинэчилж байгуулаад нөхцөл байдлаа, ирээдүйн юмнуудаа ярина.Тэгээд ойрын үед, өнөө маргаашгүй, цаад тал нь нэг дэх өдрөөс хэтрэхгүйгээр улс төрийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаа ярина.Нэлээн сайн ярих шаардлагатай гэдэгтэй санал нэг байгаа шүү.Та нарын сая ярьж байгаа асуудалтай холбогдуулаад ийм чиглэл гарч байгаа шүү.

Одоо ингээд хэлэлцэж байгаа асуудлаа шийдээд явчихъя. Бөөнд нь, Халдашгүй байдлын дэд хорооны саналыг дэмжье гэдгээр санал хураачихъя .Санал хураалтад 39 гишүүн оролцож, 37 буюу 94.9 хувь нь дэмжсэн байна. Ингээд дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэхгүй гэдгийг дэмжсэн учраас Байнгын хороод болон УИХ-ын нэгдсэн чуулган дээр манайхан энэ бодлогоо авч гарна гэж бодож байна” гэснээр энэ хурал өндөрлөжээ…

 

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин