Монголчууд  бахархалт шувуутай, бардамнах зүйл олонтой ард түмэн. Гэвч бодит байдалд төрийн бодлого нь ч, нийгмийн хандлага  ч эсрэгээрээ байдаг нь даанч  гашуун. Ардын дуунд үлдсэн  арван лангийн ембүүнд алгаа тосдог үйлдэл нь  орчин цагт  доллар харахаар ухаанаа алддаг  болсноор илрэх болов.Төрийн түшээдээс өгсүүлээд нь  авлигын мөнгийг оймс, дотоож, хөхөвч рүүгээ боодол боодлоор нь чихэж булайгаа чирэв. Бахархалт шувуугаар бахархах бус барьж зарахаа боддог болсон  үзэгдэл ч ийм л зам, жамаар өрнөж байна. Дээдчүүд  нь  шонхор шувуугаа  арабуудад зарж ашиг олдог, доодос нь шонхорын өгөөш болгох тагтаа, ногтруу мэтийг барьж зараад бор ходоодоо дүүргэдэг  ажээ.

 

Бахархалт шувууг тойрсон далд  “бизнес”-ийг гэмт хэрэгт тооцохгүй…  

 

Он солигдохын өмнөхөн  шонхор шувуутай холбоотой хэрэг зөрчлийн талаар  лавлахаар  ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны  Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах  хэлтсийг зорьсон юм. Жижүүрийн дэргэдэх харилцуураар зорьсон хэргийг минь асууж, хариулт өгсөн  байцаагч “Шонхор шувуутай холбоотой асуудлыг гэмт хэрэгт тооцохгүй болсон учир манайд хамааралгүй. БОАЖЯ-наас шонхор шувуу барих  зөвшөөрлийг  өгдөг.  МХЕГ үүнд  хяналт тавьж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан  этгээдэд  зөрчлийн дагуу  арга хэмжээ авч шийд­вэрлэнэ. Дараагийн удаад та энэ асуудлаар  наашаа ирэх  шаардлагагүй. МХЕГ, БОАЖЯ-ны байцаагч, мэргэжилтнүүдээс тод­руу­лаарай” гэв. Урд нь жуулчны визээр орж ирээд  шонхор шувуу барьсан, хилээр гаргасан гэх асуудлын мөрөөр Цагдаагийн байгууллага шалгадаг.Тагнуулын ерөнхий газар ч хяналт тавьдаг байсан.Тэгвэл энэ бүхэнд нь эрх баригчид цэг тавьжээ. Иймд АТГ-аас  шонхор шувуутай холбоотой, хууль бус зөвшөөрөл өгсөн, нөлөөлсөн гэх мэт  авлига, албан тушаалын  хэрэг шалгагдсан, эсэхийг лавлахад мөн л “Тийм зүйл байхгүй”  гэлээ.

Гэтэл  өнгөрсөн намар  Төв аймгийн Эрдэнэсант сумын III багийн  нутагт  Арабын Нэгдсэн Эмират Улсын ханхүү, шейх Хамдан бин Мухамед бин Рашид Эл Мактум олон отог буулган  шонхор шувууг барьсан, хилээр гаргасан байж болзошгүй    баримт мэдээллийг өнгөрсөн зун, намар нэгэн сонины сэтгүүлчид  газар дээрээс нь сурвалжлан  хүргэж байв.  Мөн өнгөрсөн есдүгээр сарын эхээр   Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх  Таван толгойн авто тээвэр шалган бүртгэх хяналтын цэгээр “Фургон”, “Ланд круйзер -100”  маркийн тээврийн хэрэгслүүд  16  идлэг шонхор, 36 ногтруу шувуу тээвэрлэж явсныг МХЕГ-аас  түр саатуулан шалгаж байна гэсэн мэдээлэл ч бас гарч байлаа. Түүнчлэн шонхор шувуугаар  далд бизнес явуулсан  гэх  асуудлын мөрөөр байгаль орчныг хамгаалах чиглэл бүхий ТББ,  Мэргэжлийн анчдын холбооноос   хуулийн байгууллагад хандсан барамтууд ч байна. Тухайлбал “… БОАЖЯ 2015 оноос эхлэн гадаадад гаргаж буй идлэг шонхор шувууны тоог хууль зөрчиж жил бүр Засгийн газрын нууц тогтоол батлуулдаг. Төлбөр хураамжийг нь бүрэн төлүүлэхгүй улсын онц их хэмжээ /2015-2019 онд 30 орчим тэрбум төгрөгөөр хохироож байгааг шалгаж өгнө үү”, “…Эрх бүхий албан тушаалтнууд 2017-2018 онд шонхор шувууг хилээр гаргахдаа Засгийн газрын тогтоолоор тогтоож өгсөн  төлбөр хураамжийг багаар тооцон авч бусдад давуу байдал бий болгосныг шалгаж өгнө үү” гэсэн өргөдөл, гомдлууд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, Нийслэлийн прокурорын газарт өгч байж.

Хуулийн байгуул­лагууд гомдол, мэдээллийн мөрөөр хавтаст хэрэг нээсэн ч төд удалгүй   “Гэмт хэргийн шинжгүй “ гэх үндэслэлээр  өнгөрсөн есдүгээр сарын 27-нд хэргийг хаажээ. Энэ дотор бас нэг бүрхэг асуудал байгаа нь шонхор шувууг тойрсон асуудлыг шалгуулах хүсэлт  гаргасан иргэн, ТББ-ыг  хохирогч, нэхэмжлэгч биш гэж үзжээ. Тэгвэл  дээрх хэргийг шалгуулахаар хүсэлт гаргасан  зарим хүнийг эргүүлээд  “гүтгэсэн, нэр төрд халдсан”  гэх үндэслэлээр хуулийн байгууллагууд  шалгаж эхэлсэн гэх  сураг дуулдав.  Эндээс үзэхэд  шонхор шувууг тойрсон элдэв асуудлыг гэмт хэрэгт тооцохгүй байх  дохио, зангаа хуулийн байгууллагуудад  нэгэнт өгөгджээ гэж ойл­гогдохоор. Тодруулбал,  энэ нь Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгэнтээ “Нүүдэллэж яваа, нөхөн сэргэх баялаг болох  шонхор шувууг барьсан, зарсан гэх асуудал гэмт хэрэг биш” гэж хэлсэн­тэй холбоотой байх. Тэрнийх нь дараахан   Монгол дахь шонхорын наймааны загалмайлсан эцэг, загалмайлсан эх гэх нууц нэрээр ТЕГ дээр шалгагдаж байсан  хоёр хүн хэргээс мултран  зугтаж алга болсон гэх мэдээлэл ч бас дуулдаж л байв.  Бодит байдал ийм байгаа бол   статистик мэдээлэлд  2019 онд хүрээлэн буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг  өмнөх оноос  25 хувь  өссөн үзүүлэлттэй гарчээ.

 

Нууц тогтоол “нууц”-аар  үргэлжилсээр байх уу?

 

Засгийн газрууд  нууц тогтоолоор халхавчлан соёлын болон тусгай зориулалттай, бэлэглэлийн гэх нэр зүүн  “шонхорын наймаа” хийж ирсэн  тухай  анх дуугарсан нь ТББ-ууд ч биш юм. Үүнээс өмнө УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр  2018 оны тавдугаар сард  Хөдөө, аж ахуйн байнгын хорооны хуралдаан дээр БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбатад хандан “Засгийн газар нууц тушаал гаргаж 750 идлэг шонхор хил давуулан  зарсан. Үүний үнэлгээг тооцож үзэх юм бол 25 тэрбум төгрөг болж байна” гээд  салбарын сайд түүнээс хариулт нэхэж байв. Түүний дурдсан 750 идлэг шонхор хилээр гаргасан гэх асуудал  нь  Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын  тэргүүлж ирсэн гурван  Засгийн  газарт хамааралтай  юм.  Тэгвэл Н.Цэрэнбат сайд   “Нууцын хуулиараа л асуудал явна. Байнгын хороон дээр нууцын журмаар мэдээлэл өгнө” гээд хариулт өгөөгүй. Харин   экс сайд Д.Оюунхорол “Төрийн  ажлын залгамж шинж чанар үргэлжлээд явж байгаа. Ж.Энхбаяр гишүүн аливаа зүйлд үндэслэлгүй, сэтгэлийн хөдлөлөөрөө, попорсон мэдээлэл хийдэг. Нэг дор тийм олон шувуу гарах ямар ч боломжгүй. Аль ч сайдын үед. 250-300-гийн хооронд л гаргах шийдвэр гарч байсан. Энэ жишиг өмнө ч байсан одоо ч байгаа” гэсэн. Тэгэхээр нууц тогтоол нэрээр 250-300 идлэг шонхор гаргадаг ажил үргэлжлээд явах нь ээ.

Ер нь бол Ерөнхий сайд Н.Алтанхуягийн  үед шонхор шувууг  Монголын  бахархалт шувуугаар батламжлан   зарласан байдаг. Улмаар  2013 онд шонхор шувууг ашиглах зорилгоор хилээр гаргахыг  Засгийн газрын тогтоолоор хориглосон нь дахин таван жилээр сунгагдан хэрэгжиж байгаа. Тэгсэн атал  Засгийн газрууд  нууц тогтоол гарган  250-300 идлэг шонхор шувууг  хилээр гаргаж ирсэн. Татвар, хураамжийн талаарх мэдээлэл нь ч  бүрхэг  байдаг. Манай улсад шонхор шувууны  гадаад зах зээл дэх жишиг үнийг 2009 онд тогтоон   Засгийн газрын 112 дугаар тогтоолоор  баталснаас үзэхэд  арабууд нэг шонхор барихад 11760 ам.доллар буюу 24 орчим сая төгрөгийг төлөх хуулийн заалттай юм.

 

МХЕГ-т ногтруу, тагтаа барьсан зөрчлүүд л  бүртгэгджээ

 

Идлэг шонхор тойрсон хэргүүдийг цагдаагийн байгууллага шалгахаа больж, МХЕГ хариуцахаар болжээ. Иймд МХЕГ-ын хүрээлэн буй  байгаль орчны асуудал хариуцсан байцаагчаас  ховор ан, жигүүртэн амьтадтай холбоотой зөрчлийн талаар  тодруулахад  өнгөрсөн онд Дархан-Уул аймагт дөрвөн идлэг шонхор зөвшөөрөлгүй барьсныг илрүүлж байгальд  буцааж тавьсан. Дундговь аймагт 68 ногтруу барьсныг ил­рүүлж хохирлыг төлүүлсэн. Төв аймгийн Эрдэнэсант суманд идлэг шонхор барьсан арабууд хуулийн дагуу  зөвшөөрлөө  авсан байсан. Нэг шонхор барихын тулд нутаг залгаа  олон сумын нэрийг зөвшөөрөлд бичдэг. Яг барих ёстой шонхор мөн эсэхийг барьсны дараа сонголт хийж, бусдыг нь буцааж тавьдаг” гэлээ.

Дэлхийд 58 төрөл, зүйлийн шонхор байдгаас цагаан, эгэл, идлэг, шилийн, начин, зээрд зэрэг 10 гаруй зүйл нь манай оронд байдаг.  Мөн идлэг шонхорын үржлийн бүс нутаг нь манай орон юм. 2019 оны байдлаар улсын хэмжээнд 10.300 идлэг шонхор байгааг  БОАЖЯ-наас мэдээлсэн. Гэсэн ч энэ тоо бодитой эсэх нь  эргэлзээтэй. Ганц жишээ хэлэхэд,  Монголын ихэнх нутаг  үлийн цагаан оготнод идэгдсэн тул улсын төсвөөс  багагүй мөнгө зарцуулахаар төсөвлөсөн. Энэ нь идлэг шонхор цөөрч буйн дохио юм. Учир нь  шонхор шувуу үлийн цагаан огот­ноор  хооллодог учраас бэлчээрийн эко системд чухал нөлөө үзүүлдэг. Нөгөө талаар  шонхор өөрөө үүр  засдаггүй, бусдын бэлдсэн үүрэнд  өндгөө  гаргадаг  учраас ихээхэн эрсдэлтэй. БОАЖЯ болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотын Байгаль орчны албаныхны хооронд байгуулсан гэрээний дагуу “Идлэг шонхорын  хиймэл үүр” барих төслийг Монголын шувуу хамгаалах төвийнхөн 2010 онд хэрэгжүүлсэн  ч шонхор шувууг өндөр хүчдэлээс хамгаалж тэр бүр чадахгүй байна. Хамгийн гол нь “Үндэсний бахархалт шувуу” хэмээн батламжлан  зарласан  Монголын төр, эрх бариг­чид нь өөрсдөө шонхор шувууг мөнгө босгох “далд бизнес” болгочихоод байгаа нөхцөлд хамгаалах та­лаар  хэчнээн ярьж, би­чээд ч нэмэргүй юм шиг. Шуудхан хэлэхэд хуулиа гууль болгосон энэ байд­лаас “МАН-ын 60 тэрбумын сүлжээ” гэх танил сценар  харагдана. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан шонхор шувуугаар сонгуулийн мөнгө босгож байгаа юм биш биз гэсэн хардлага байсаар л байна.

Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.1.3  БААСАН  № 1 (6226)