Монголчууд 60 сая толгой малтай улс хэмээн гайхуулах дуртай. Өнгөрсөн онд махны үнэ тэнгэрт гарч нэг килограмм мах 20 мянга хүрэхээ дөхсөн. Энэ үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Мах, гурилын үнэ нэмэгдвэл Ч.Улаан сайд толгойгоороо хариуцаарай" гэчихсэн.

Гэтэл өнөөх сайд маань махны квотыг өөртөө урвуулан ашигласан гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дэлгэв. Тэрбээр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төслийг өргөн барьсан гэдгээ мэдэгдсэн юм.

Б.Пүрэвдорж "Өнгөрсөн есдүгээр сард малын үнэ хангаллтай хэмжээнд өссөн байсан. Нэг төлөг 100 мянга, эм хонь 130 мянга, эр хонь 160 мянган төгрөг байсан бол өнөөдөр 20-30 мянган төгрөгөөр унасан байна. Бод мал нэг тус бүрдээ 200 мянган төгрөгөөр ханштай болсон байна. Үүний шалтгаан нь ХХААХҮ-ийн сайд БНХАУ-ын компаниудад олгосон квоттой холбоотой. 

Монгол Улс 140 гаруй махны үйлдвэртэй. Эдгээрийн зөвхөн 10 хувьд нь БНХАУ-руу мах экспортлох квот олгосон. Ингэхдээ авлигаар квот өгдөг. Квотгүй үлдсэн 130 гаруй махны үйлдвэр нь квот авсан  10 гаруй компанийн нэр дээр махаа экспортлох хүсэлт тавьдаг. Уг хүсэлтийн хариуг өгөхдөө бид нар авлига өгч мах экспортлох квот авсан учраас нэг кг адууны мах тутамд 12 юанийн төлбөр авч байж, махыг нь экспортолно гэдэг шаардлагыг тавьдаг.  Тэгэхээр адууны мах кг нь 5000 төгрөгийн үнэтэй байхад энэ үнэтэй дүйцэхүйц  кг тутамд 4800 төгрөгийн авлигыг бий болгож байна. Энэ төлбөрийг төлсөн махны үйлдвэрүүд буцаагаад ямар замаар мөнгөө олж авдаг вэ гэхээр нэгдүгээрт, өөрсдийн ашгаа бууруулж  хоёрдугаарт, малчдын малын махны үнийг унагаах зорилгоор дээрх авлигын мөнгийг төлж байна.

Мөн өнгөрсөн хугацаанд нэг хонь, ямаа борлуулсан  малчин 20 мянган төгрөгийн авлигыг Ч.Улааны халаасанд шууд бусаар төлж байна. Тиймээс Монголын малчид зарсан мал бүрийг бог тутамд 20 мянга, бод тутамд 200 мянган төгрөгөөр  тооцвол хэдэн зуу, мянган төгрөг Ч.Улааны халаасанд төлснөө гаргах боломжтой.

Ч.Улаан зөвхөн Хятадын махны компаниудад мах экспортлох зөвшөөрөл олгосон. Нийтдээ махны квот авсан 12 компанийн ес нь Хятадын компани. Дотоодын гурван компани нь сайд, дарга нарын компани. Тухайлбал, У.Хүрэлсүх Ерөнхий сайдын төрсөн дүүгийнх нь компани 5000 тонн мах гаргах зөвшөөрөл аваад квотоо зарж байгаа. Ийм луйврын системийг үе үеийн ХХААХҮ-ийн  сайд нар хэзээ ч хийж байгаагүй юм. Энэ хулгайн системийг ганцхан Ч.Улааны үед хийж эхэллээ. Өнөөдөр махны компаниуд бүгд хүнд байдалтай байна.

Квот нэрийн дор дотоодын махны компаниудын үйл ажиллагааг боомилж эсрэгээрээ Хятадын компаниудыг дэмжсэн Ч.Улааныг огцруулах нь зүйтэй гэж үзэн 250 мянга гаруй малчдын нэрийн өмнөөс  хуулийн төсөл өргөн барьж байна” гэсэн юм.

Ч.Улааны сайд өмнө нь эхнэрийнхээ дүүд амьд мал экспортлох эрх өгөх гэж байсныг нь Ерөнхий сайд зогсоосон гэх юм билээ.