УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2020.01.24/ хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрээ гаргана. 

Тэгвэл УИХ-ын Н.Номтойбаяр уг асуудалтай холбогдуулан хэвлэлийнхэнд тайлбар өглөө. Тэрбээр "Талийгаач Б-гийн ар гэрийнхэнээс намайг гүтгэхээс гадна онц хүнд гэмт хэрэгт алуурчин болгож, яллах арга хэмжээ зохион байгуулалттайгаар явуулжээ. Иймээс цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө би баримтаа өгнө" гэлээ. 

Түүний нүд сэтгүүлч нарт мэдээлэл өгөх үеэр хөхөрсөн байдалтай байсан бөгөөд үүнийг нь тодруулахад, Нүдний хөхрөлт гавлын яс хоёр газраа хагарч нэлээд хүнд бэртэл авсан. Үүнийгээ би зөвтгөх гэхгүй холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээхэд миний бие бэлэн. Залуу хүн алдсан байна. Энэ алдаандаа бас хүлцэл хүсье. Хэн нэгэнд гомдол тунхирсан асуудал байхгүй" хэмээн тайлбар өгсөн юм.

-Та бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулахад бэлэн үү?

-Нэгдүгээрт би өөрийгөө хууль зөрчөөгүй гэдгээ нотлох ёстой. Би УИХ-ын дарга, бүлгийн дарга нарт өөрийнхөө тайлбар мэдүүлгийг хүргүүлсэн. Нэгэнт би хууль зөрчөөгүй, гэмт үйлдэл хийгээгүй учраас өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй ээ. 

-Талийгаачийн ар гэрийнхэн яагаад таныг буруутгаж байна вэ?

-Нэг дүү нь Дорнодод, бас Өвөрхангайд нэр дэвших гэж байгаа юм билээ. Уржигдрын мэдээлэлтэй холбогдуулан маш ноцтой хэд хэдэн үйлдэл гарсан. Би дөрвөн өргөдөл цагдаад өнөөдөр өглөө. Телеграф тестийг би өөрийн хүсэлтээр хоёр удаа шалгуулсан. Телеграф тестийн дүгнэлтийг ил мушгиж гуйвуулсан. Телеграф тестийг авсан цагдаагийн ажилтан надад танилцуулсан. Нууцын зэрэгт хамаарахгүй асуудал. “Талийгаачийн унасан газар явсан уу, цохисон уу” гэх мэт хардалт байгаа. Энэ дагуу бүх асуултыг асуухад миний хариултууд 80-90 хувь нь үнэн гэж гарсан. Үүнийг би дэлгэнэ. Шүүх шинжилгээний дүгнэлт өнгөрсөн оны долдугаар сард УИХ дээр ил болчихсон материал. Тархины цус харвалт гэж тогтоогдсон шүүх шинжилгээний дүгнэлтийг яагаад мушгин гуйвуулж байна вэ.

-Таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх болсон шалтгаан нь юу вэ?

-ХНХ-ын сайдаар ажиллаж байх хугацаандаа хууль дүрэм зөрчсөн гээд байгаа. Би хууль зөрчсөн асуудал огт байхгүй. Одоо орж би үүнийгээ нотолно. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалд  анх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр  би өөрөө санаачилга гаргасан. Яагаад ийм аргагүй байдалд хүрсэн бэ гэхээр надаас огт тайлбар, мэдүүлэг авахгүй байсантай холбоотой. Надад Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх бий. Нотлох баримтаа би шалгуулах эрхтэй. Тиймээс би аргаа бараад хэвлэлийнхэнд арванхоёрдугаар сарын 12-ны өдөр мэдээлэл хийсэн. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ир гэж хэлсэн. Түүнчлэн уг асуудлаар УИХ дээр ч гэсэн улс төр болгож ярьж байгаа.  Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн чуулганы хуралдаан дээр хэн, юу гэж ярьсныг та бүхэн ч мэдэж байгаа байх. Энэ мэтчилэн ордонд янз бүрийн хов жив их яригдаж байна. Тиймээс улстөржүүлээд байгаа асуудлыг улс төрийнх нь ордонд яръя л даа.

Яг одоо МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Дараа нь УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдах юм.