Дэлхий нийтээр коронавирустархан олон хүнийг айдаст автуулж байгаатай зэрэгцэн худал мэдээлэл тараахыг хориглож, Улсын онцгой комисс болон, Эрүүл мэндийн яамнаас гаргасан албан мэдээллийг эх сурвалж болгон ашиглахыг иргэдэд зөвлөж байгаа билээ.

Тэгвэл Гадаадын иргэн харьяатын газрын мэргэжилтэн “БНХАУ-ын 50 иргэнийг хууль бусаар хил нэвтрүүлж, Монголчуудыг коронавирусээр сүйрүүлнэ” хэмээн заналхийлсэн агуулгатай зүйлийг олон нийтийн газарт ярьсанаасаа болж ажлаасаа халагджээ.

Эл асуудлаар ГИХГ-ын дарга Д.Мөрөнтэй холбогдон ёс зүйгүй авир гаргасан тухайн мэргэжилтэнд ямар хариуцлага тооцож байгааг асуухад “Тусгай албаныхан уг хэргийг шалгаад дуусч байгаа байх. Бид тийм ёс зүйгүй хүнийг ийм ажилд ажиллуулахгүй. Ажлаас нь нэн даруй чөлөөлнө” гэсэн юм. Уг ёс бус асуудал гаргасан мэргэжилтэн нь ГИХГ-т 2016 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд Буянт-Ухаа боомтод хяналтад тавьж ажилладаг байжээ.