“ДЦС-2” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү, Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Б.Даваадулам, “Цагаан давс” компанийн захирал Д.Баатар нарт холбогдох хэргийг прокурор яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан талаар бид өмнө нь мэдээллэж байсан.

Шүүхээс хэргийг прокурорт буцаасан юм.  Үүнийг прокурор эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээжээ. 

С.Бямбаахүү, Б.Даваадулам, Д.Баатар нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон”, 23.2-1-ийн “Хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн.  

Хэргийг эргэн сануулахад, С.Бямбаахүү нь  “Дулааны цахилгаан станц 2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 9-10 дугаар сарын үед Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Даваадуламтай бүлэглэн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ажлын байран дээрээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Дулааны цахилгаан станц 4” ТӨХК-нд гарсан аваарын үеэр өөрийн байгууллагын агуулахад байсан нийт 57.88 /тавин долоо зууны наян найман/ тонн мазутыг нийлүүлсэн.

Үүнээс санхүүгийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан 24.519 /хорин дөрөв мянганы таван зуун арван ес/ тонн мазутын төлбөрийг гарган авахын тулд “Цагаан давс” ХХК-ийн захирал Д.Баатараар “25 тонн мазутыг түр хадгалуулах талаар, мөн уг хадгалуулж байгаа мазутыг худалдан авахыг санал болгосон” утга бүхий 2 удаагийн албан бичиг, мазут худалдах, худалдан авах гэрээ, гэрээ дүгнэсэн акт зэргийг хуурамчаар үйлдсэн байна. Улмаар  24.519 тонн мазутын төлбөр болох 24.232.945 /хорин дөрвөн сая хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун дөчин тав/ төгрөгийг “Цагаан давс” ХХК-ийн Хаан банкин дахь данс руу шилжүүлсэн бөгөөд шилжүүлсэн мөнгөнөөс 14.000.000 төгрөгийг өөртөө авч, бусад мөнгийг Б.Даваадулам, Д.Баатарнарт өгөх замаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэргээр шалгагдаж байгаа юм.