Монгол улсын иргэн Н.У нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн бөгөөд түүнийг  эрүүлжүүлэх байр эсвэл хамгаалах хүнд хариуцуулж өгөөгүйн улмаас 2018 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 11 дүгээр гудамжинд  нь осгож нас барсан байна.

Энэ хэрэгт Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн  хоёр  офицерыг буруутгасан бөгөөд тэдэнд анхан шатны шүүхээс ял оноожээ. 

 

Ял сонссон цагдаа нар хэн бэ? 

Монгол Улсын иргэн М.Т. 1986 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн офицер, ам бүл 4, эхнэр, хүүхэд, эмээгийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй. 

Монгол Улсын иргэн Б.С. 1994 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн офицер, ам бүл 5 эхнэр, хүүхэд, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүрэгт ршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй. 

Тэд ямар хэрэг үйлдэв? 

М.Т, Б.С нар нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамтран эргүүлийн офицерийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа “Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”, Монгол Улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны 629 дугаартай “Албадан эрүүлжүүлэх” код журамд заасан үүргээ биелүүлээгүй буюу согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн Н.Уламбаярыг эрүүлжүүлэх байр эсвэл хамгаалах хүнд хариуцуулж өгөөгүйн улмаас 2018 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 11 дүгээр гудамжинд Н.У нь осгож нас барсан байна. 

Хэргийн талаар тэд юу ярив? 

М.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед дуудлага мэдээ манайд байхгүй байсан. Нэг хэлтэст явж байгаа эргүүлийн машинаар нэг нэгэндээ тусалж, нэмэлтээр очих үүрэгтэй. Одхүү над руу тэр өдөр ярьсан. Тухайн өдөр би удирдаж яваагүй чиг үүргийнхээ хувьд хуулиараа миний хариуцах үүрэг тусдаа. Мөн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ гэмт хэргийг санаатай гэж үзэх нь буруу. Болгоомжгүйгээр үйлдсэн гэмт хэрэг юм. Санаатай гэж яаж тогтоосон юм бэ. Тухайн үед энэ хүнийг санаатай тэгье гэж бодоогүй. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны 629 дугаартай “Албадан эрүүлжүүлэх” код журмын заалтад авто эргүүл ажиллах журам дээр жолооч цагдаа нар ямар ч үүрэг хүлээхгүй болон эргүүл ахлаж явсан хүн болон офицерынхоо удирдлагаар туслах үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Би ямар нэгэн хэрэг зөрчил гарсан үед нэмэлт хүч дуудах буюу тусламж дуудах үүрэгтэй. Бид хоёр бол тусдаа үүрэгтэй. Жолооч бол замын хөдөлгөөнд оролцох зорчигчдоо аюулгүй хүргэж өгөх үүрэгтэй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн юм. 

Б.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний хувьд тухайн үед шүүгдэгч М.Тын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үүрэг гүйцэтгэх хугацаанд ажлын туршлагын хувьд надаас илүү байсан болохоор тэр үед энэ хүний удирдлага нь дор үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр шүүгдэгч М.Т рүү Одхүү залгасан энэ шийдвэрийг шүүгдэгч М.Т дур мэдэн өөрөө гаргасан. Одхүүтэй ярилцсаны үндсэн дээр гаргасан. Үнэнгэрэл гэж эргүүлийн офицер над руу ярьсан зүйл байхгүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, талийгаачийн оршуулгын зардлыг өөрийн хариуцах хэмжээнд төлж барагдуулсан. Хохирол төлбөрт нийт 5.273.505 төгрөгийг төлж барагдуулсан. Миний хувьд саяхан хүүхэдтэй болсон эхнэр, нялх хүүхдийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Энэ  хэргийн хохирогч шүүх танхимд ийнхүү хохирол нэхэмжилжээ

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би энэ шүүх хуралдаанд хохирогчийн амь нас эрсэдсэн асуудлаас ар гэр нь хохирсон хохирогчийн бодит болон бодит бус зардал, гэм хорын хохирлоо нэхэмжилж байгаа. Оршуулгын нийт зардал 25.000.275 төгрөг, гэм хорын хохирол дээр хүү М нь аавынхаа амь эрсдсэнг сонсоод солонгост ажиллаж байсан гэрээний хугацааг цуцалж ирсэн. Тухайн үед 3 жилийн гэрээгээр ажиллах байсан буюу авах цалин нь 55.000.000 төгрөг, насанд хүрээгүй хүүхдийн сурч боловсрох ахуйн зардал 40.000.000 төгрөг, гэр бүлийн эхнэр болон ахуйн хэрэгцээнд нь 20.000.000 төгрөг, эцэг эхийн асаргаа сувилгаанд нь 20.000.000 төгрөг, талийгаачийг оршуулснаас гадна дахин экскумаци хийлгэсэн мөрдөн байцаах ажиллагааг дахин бодит байлгах үүднээс шүүх шинжилгээний байгууллагаас гарсан дүгнэлтүүдийг ар гэрийн зүгээс эсэргүүцсэн. Хэдэн асуудлуудыг тодруулах үүднээс дахин шинжилгээ хийлгэсэн байгаа. Энэ зардал дээр 2.706.702 төгрөг, талийгаач 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1 жилийн ой болж үүнд 3.568.778 төгрөгийг зардал гарсан. Нийт шууд ба шууд бус зардалд ар гэрийн зүгээс 31.550.554 төгрөг, гэм хорын хохиролд нийт 135.870.600 төгрөгийг нэхэмжилнэ. Дээрээс нь өмгөөлөгчийн зардлыг нэхэмжилсэн байгаа. Анх 2 өмгөөлөгч авсан байсан. Ганбат өмгөөлөгч болохоор шинжээч, эмч, өмгөөлөгч тусгай мэргэжлийн хүн байсан. Энэ хүн харамсалтай нь экскумаци шинжилгээнд тусгай чадвараар нь дүгнэлт гаргуулах зорилгоор авсан боловч хуульчийн ёс зүйгээ зөрчсөн тул үүргээ биелүүлээгүй тул татгалзсан. Ар гэрийн зүгээс өчнөөн дарамт шахалтыг үзлээ. Цагдаагийн байгууллага, ажилтан нар үнэхээр хариуцлагагүй. Цагдаагийн байгууллагаас гадна хуульчдын ёс зүй гэж алга. Нэг нь биеэ хамгаалаад үндсэн үүргээ мартсан. Та нар чинь хамтарч ажиллаж, хууль сахиулж, нийгэмд үйлчлэх үүрэгтэй хүмүүс биз дээ. Шүүгдэгч М.Т нь цагдаагийн байгууллагад 10 жил ажиллаж байгаа жолооч, жолооч хүн ийм байдаггүй. Миний аав, ээж насаараа жолооч хийсэн хүн гярхай байдаг байтал би хаана очсноо мэдэхгүй байна гэж биеэ бодсон бэртэгчин зантай байж болохгүй, залуу хүн байж. Шүүгдэгч Б.Сын хувьд залуу хүүхэд, дөнгөж ажил хийж байгаа туршлага дутсан хүн байж болно. Гэтэл шүүгдэгч М.Т нь амиа бодсон байж болохгүй. Хүний амь хохирчоод явж байхад цагдаагийн байгууллага яасан, аваад явсан гэх 3 дугаар хэлтэс, 1 дүгээр хэлтэс дээр яваад очсон хариу өгөөгүй. Бие эрүүл явсан хүнийг та нар машиндаа суулгаад аваад явсан. Тэнд ямар процесс болсныг далдлах гээд байгааг би ойлгохгүй байгаа. Бүхэл бүтэн цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжилсан. Монгол улс даяар 102 дугаарт зарлуулан эрэн сурважилсан. Над руу 3 өдрийн дараа та хүнээ олсон уу? гэж залгасан. Хариуцлага гэж танай байгууллагад байна уу? итгэмжлэгдсэн төлөөлөгчөө. Нэгдүгээр хэлтэс дээр эрүүлжүүлсэн гэхээр нь би очсон. Тэр өдөр би хэдэн удаа очив. Би 5 удаа очлоо. Очиход 4 удаа үүдэнд сууж байгаа нөхөр юу? хийж сууж байгаа бүү мэд. Тэнд жижүүрийн офицер Жанчивдорж, Зоригт гэж хүмүүс байсан. Сүүлдээ би эрүүлжүүлэх рүү нь орсон, сүүлдээ загнуулсан “хичнээн удаа та залгадаг юм байхгүй гэж хэлээд байхад чинь” гэсэн. Бүх баримтууд бүртгэлүүдийг үзсэн тэр дотор байгаагүй. Цагдаагийн байгууллага юуны төлөө ажиллаад байгаа юм бэ? дээгүүр байгаа хэдэн дарга нар нь зөөлөн суудлаа хамгаалсан нөхдүүд. Одоо энэ хүүхдүүдийн төлөө явж байгаа нэг ч хүн байхгүй. Би ганцхан өөрийнхөө дүүгийн төлөө үнэн зөвийг олох гээд яваад байна. Дээр нь бас энэ хүүхдүүдийн ажил амьдрал явж байгаа. Би өнөөдөр хууль зүйн яамны сайдаас эхлээд доод талын нэгж хүртэл нь явсан. Одоо танай жижүүрийн албанаас эхлээд тухайн өдрийн гарсан дуудлага бүртгэл нь хүртэл юу ч байгаагүй. Ганцхан 10 дугаар сарын 07-ны өдөр оршуулах хүртэл таниулах ажиллагаа явуулаагүй. Би явж очсон моргод орсон мөн байсан. Шүүхийн шинжилгээний алба харин хаана, хэзээ, нэртэйгээ нас нэр хүйс, дугаар зэрэг байдаг юм байна лээ. Та нар ямар үед нь хурдан ажилладаг юм бэ? би бүтэн өдөржингөө хайсан. 08:30-21:50 минут хүртэл явсан олоогүй. 102-иор улс даяар эрэн сурважилсан. Тэгтэл 102-иос та хүнээ олсон уу? гэж бүхэл бүтэн 3 хоногийн дараа залгасан. Ямар ч уялдаа холбоогүй ажилладаг. 3 дугаар хэлтэс дээр тухайн хэсгийг хариуцдаг цагдаа руу очсон. Яах гээд байгаан та гээд нэг юм сууж байсан. Та нар чинь иргэдэд үйлчлэх ёстой биз дээ. Эрүүгийн тасгийн дарга гэж өөрийгөө өмгөөлсөн хүн. Тэр Оюунболд гэж хүн би ажлаа аваад дөнгөж 1 сар болж байна. Бараг надад хамаагүй гэж хэлсэн. Батхуяг гэж хүн сүүлдээ Т шиг юм яриад сууж байсан. Хүн алдаа эндэгдэл гаргаж болно. Тэрийгээ уучлалт гуйгаад эмгэнэл илэрхийлж болно биз дээ. Монгол улсад хүний амь нас гэж үнэгүй болцон юм уу, өнөөдөр сая дахиж ярьж байна. Т нь С үхвэл үхжил бай гэсэн байдлаар ханддаг. Та ийм байдалтай ажиллаж ирсэн. Ар гэрээс нь бас тэгж ханддаг. Шүүх хохирогчийн ар гэрийн аюулгүй байдлыг хангана гэдэг боловч би анхны хурал дээр шүүгчийг гарсан дараа би бараг нүдээ сохлуулахаа дөхсөн. Би хэрэг гарснаас хойш энэ хоёр хүүхдэд нэг ч муу муухай үг хэлээгүй. Би үнэхээр харамсаж байна. Хууль зүйн сайдад нь хэлнэ дараачийн шат руу явуулна. Улсын ерөнхий прокурорт нь явуулна дараачийн шат руу явуулдаг. Би танай нэгжийн бүр доод шатнаас нь явсан. Бүр анхны нэгжээс нь явсан мөрдөн байцаах газраар явсан. Тусгай субьектээр нь хүртэл явсан. Дотоод хяналт шалгалт гээд бас дотроо нэг том нэгж байдаг юм байна. Нээх том, том нэр зүүсэн мөрөө даахгүй болчихсон офицер нар байсан. Үүднээсээ авхуулаад очоод уулзтал маш их хүнд сурталтай хүмүүс байсан. Би бүр маш олон сар явсан. Явсаар байгаал Баатаржав гэдэг хүн дээр очоод ерөнхий газрын дарга дээр хүртэл очсон. Тэр үед засгийн газрын хуралтай гэж байсан. Энэ асуудлыг нь ойлгоно. Нэгдүгээр орлогч нь гээд Отгонжаргал гэдэг хурандаа бүх зүйлийг сонссон. Нэгжүүд дээрээ алдаа дутагдлаа засах гэж үйл ажиллагаа явуулсан байх. Үнэхээрийн гутамшигтай байсан. Би анхны хурал дээрээ хэлсэн зүйлээ хэлье. Энэ шинжилгээний байгууллага гэж мундаг байгууллага байдаг. Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний төв гэж байдаг. Тэнд гарсан шинжилгээний дүгнэлт нь эцсийн дүгнэлтээр гаргадаг нь үнэхээр харамсалтай. Тэр шинжилгээнд өгсөн зүйлээ эд мөрийн баримтаар баримтжуулдаг байх гэтэл эд мөрийн баримтыг яаж хадгалдаг юм бэ та нар. Хэдэн долоо хоног газар чулуудаад жорлонд хэвтэж байгаа зүйлээр та нар яаж шинжилгээнд өгч, яаж дүгнэлт гаргасан юм. Анхны мөрдөн байцаагч нь “та яваад тэр камерын бичлэгээ шалга” гэж хэлсэн. Иргэн хүн шалгах ёсгүй. Эд мөрийн баримт алдагдахаас өмнө танай тэр эрүүгийн хэлтэс чинь ажиллаж байх ёстой. Би жорлонгоос хүртэл дүүгийнхээ хувцсыг авсан. Эд мөрийн баримт болгоод би шүүх хуралдаанд битүүмжлээд авчирсан байгаа. Би шүүхийн шийдвэрийг хүндэлж энд нь устгуулна. Одоо энэ хоёр хүүхэд дээр хариуцлагын асуудал тооцоод л өнгөрч байгаа. Хэн нь миний дүүгийн амь насыг хохироосон юм бэ гэдэг хариуцлагын асуудал гарч ирж байна. Эсвэл цагдаагийн байгууллага нуун дарагдуулаад байгаа юм уу, бүр ерөнхий газраараа. Үнэхээр харамсалтай байна. Хохирсон ар гэр, гэр бүлийг ингээд доромжлоод байх юм. Ажилтан нь хүртэл ажиллуулж байгаа хүн нь хүртэл ийм хандлагатай. Өнөөдөр та хоёрын хэрэг юу болж байна гэж асууж байгаа ч зүйл байхгүй байна. Би энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө ийм олон зүйл бичсэн. Энэ хугацаанд хэвлэл мэдээлэлд хандана гэж бодсон. Энэ хугацаанд аймшигтай хэргүүд Монгол Улсад их гарсан. Би дахиад талийгаачийнхаа нэрийг хэлж ясыг нь өндөлзүүлээд яахав гэж бодсон. Энэ байгууллагын буруутай үйл ажиллгаанаас болсон. Өнөөдөр энэ хоёр хүүхдийг буруутгаад хаяад явья гэж бодсон байх. Өнөөдөр бас шинэ иргэн мэндэлсэн байна. Үхэх төрөх хоёр адилхан гэдэг. С шинэ хүүхэдтэй болсон байна эгч нь баяр хүргье. Би нээрээ үнэндээ гайхаж байна цагдаагийн үйл ажиллагааны доголдол систем нь юуны төлөө ажиллаад байгаа юм. Ингээд харахаар жигтэйхэн утас компъютер хэрэглэсэн хүмүүс, яваад орох гэхээр юу ч тэмдэглэл байхгүй. Тусгай субект Баатаржав гэдэг хүнтэй уулзсан чинь тэр хүний компъютер дээр 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 9:30 минутанд цагдаагийн бие бүрэлдэхүүнээр Уламбаяр гэж бүртгэгдсэн байна гэсэн. Та нар албаар осгосон гэсэн дүгнэлтийг гаргуулаад нэг өдрийн дотор задлан шинжилгээ хийлгээд ар гэрт нь мэдэгдэхгүй явчихсан байсан. Та нар хаана ингэж хурдан ажиллаад байдаг юм бэ, шуурхай албанд ирсэн мэдээллийг “Tab” дээр ирээд, ирсэн мэдээллээ гүйцэтгээд явдаг гэсэн. Хэргийн газар мөрдсөн мөрдөгч тогтоол үйлдээд ийм нөхцөл байдалтай, ийм хэрэг гарсан байна гээд мөрдөгч Т гэдэг мөрдөгч байсан. Шүүх шинжилгээний байгууллага дээр цогцос авч очиж өгөөд, хүлээж авсан эмч хүлээж авлаа, ар гэрээс нь гарын үсэг зурсан уу, газрын дарга зөвшөөрөл өгсөн үү гэх үндсэн дээр эмч задалдаг байх гэж би бодсон. Иргэн ийм ойлголттой байдаг. Гэтэл Одонтунгалаг гэдэг эмчийн ганцхан гарын үсэгтэй. Намайг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэсэн тогтоол дээр нь ганцхан эмчийн гарын үсэг байсан. Задлан хийсний дараа та одоо гарын үсгээ зур гэж хэлсэн. Энэ бүх материал хойноос нь орсон материалууд. Одоо харахаар Даваасүрэн даргын гарын үсэг, тамгатай. Одонтунгалаг эмч, Тын гарын үсэгтэй байсан. Чи над дээр намайг ямар зүйл дээр гарын үсэг зуруулах гэж байгаа юм бэ гэж асуусан хүнд эхлээд эрх үүргийг нь танилцуулж байгаад юун дээр гарын үсэг зуруулах гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Тусгай мэргэжлийн хүмүүс нь хүртэл хулгайч зантай. Ийм байдлаар ажил явахгүй. Тийм болохоор би Цагдаагийн Ерөнхий газраас энэ хүний амийг бүрэн нэхэмжилнэ. Хэвлэл мэдээллээр цацна гэхээр ухаан алдатлаа айдаг. Зүгээр зэрэг дэв нэмж байдаг. Хэдхэн сарын дотор ямар ч их сэлгээ хийдэг. Тэр учрыг нь бүр ойлгохгүй юм. Тухайн үед байсан хүмүүсээс одоо нэг нь ч алга. Баатаржав даргаас бусад нь байхгүй. Тэр цаг үедээ бүгд амиа бодож байгаад дараагийнхаа сэнтий рүү залардаг. Үүдэнд нь очихоор дандаа 2-3 таван хошуутай хүмүүс байдаг. Та нар ямар хандлага гаргаж ажилчдын ар гэрт хандаж байдаг юм бэ, эргүүл хамгаалалтын албаны нэг өдрийн ажлыг би харсан. Өөрөө ч гэсэн тусламж үзүүлж энд тэнд унасан байгаа хүнийг зохих хүнд нь болон байгууллагад хэлдэг. Иргэнийхээ үүргийг гүйцэтгээд тусламж үзүүлсэн. Цагдаа хэзээ ч ганцаараа үүрэг гүйцэтгэхгүй. Тусламж хэрэгтэй хүнд түрүүлж очоод амь насанд нь эрсдэл учруулахгүйн тулд түрүүлж очих сэтгэл бахархал та нарт байх ёстой. Би Монгол улсад хаанаас яаж хайх уу, бүх газраар нь хайсан. Түргэн нь хүртэл яаж ажилладагийг би харсан. Би бүр жолооч цагдаагийн харж байгаад офицерыг нь ирүүлж байгаад Нийслэлийн цагдаа руу шууд ярьсан. Тэгсэн “та яасан юу гэсэн хүн бэ?” гэж бүр утасны жижүүр юм уу? бүү мэд бүүр тээр шаасан. Тэгэхээр нь ямар хүн ажилладаг юм бол гээд яваад очсон. Дэд хурандаа Эрдэнэбат гэдэг хүн сууж байсан. Би тэр хүнд гомдоллосон. Тэр хүнийг чинь аваад явсан одоо яваач ээ гэж хэлсэн. Би гомдолтой байна. 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гарсан жижүүр, тэр өдөр хэнтэй уулзсан гэх бүх баримт нь надад байгаа. Энд миний цаг нар, амьдралын үнэ цэнэ байгаа. Би ийм учраас шүүхийн байгууллага үнэн зөвийг олоосой гэж бодож байна. Би Сын хувьд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Тд хуулийн дагуу хариуцлага оногдуулж өгнө үү, гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна.” гэжээ. 

Шүүхээс хэргийг хэрхэн шийдэв? 

М.Т, Б.С нарыг хууль сахиулагч албаны үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон. Улмаар Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Сд цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Тд цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсэн.