Хан-Уул дүүрэгт байрладаг “Улаанбаатар Зоо & Аквариум” амьтны хүрээлэн хөл хорионы үеэр уйл ажиллагаагаа зогсоосны улмаас санхүүгийн хүндрэлд орчихоод байна. Тиймээс тус хүрээлэнгийнхэн амьтанд хайртай хүмүүс, олон нийтээс хандив тусламж хүсэж байгаа юм.

Коронавирусийн халдвартай холбоотойгоор үйл ажиллагаагаа өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл зогсоогоод байсан юм.

Эхний хоёр сарын хугацаанд хүрээлэнгийн хамт олон дотоод нөөц бололцоогоо ашиглаж, амьтдын хоол тэжээлээс эхлүүлээд, ажилчдын цалин хөлс, ашиглалтын зардлаа зохицуулж ирсэн ч энэ сарын дунд үеэс нөхцөл байдал хүндэрч, цахилгаан, дулааны төлбөрөө төлж чадахгүй байдалд хүрчээ.

“Үүд хаалгаа бариад хоёр сарыг ардаа хийлээ. Гэсэн ч түрээс, дулаан, цахилгаан, ус, амьтдын хоол хүнс, асаргааны зардал, мал эмнэлгийн зардал тогтмол гарч, бид санхүүгийн маш хүнд байдалд ороод байна.

Дулаан, цахилгаан, ус тасарвал манай амьтны хүрээлэнд маш том эрсдэл үүсэж 40 гаруй нэр төрлийн загас, 20 гаруй нэр төрлийн далайн амьтад, 20 орчим төрлийн хэвлээр явагч амьтан, 20 гаруй нэр төрлийн жигүүртэн шувуу, 30 гаруй нэр төрлийн амьтад, нийт 200 гаруй амьтан амьдрах нөхцөлгүй болно.

Манай үйл ажиллагаа хэвийн ажиллаж эхлэх үед бид үүссэн өр, төлбөрийг барагдуулж ажиллах болно. Иймд манай амьт-ны хүрээлэнгийн дулаан, цахилгаан, усыг таслахгүйгээр дэмжлэг үзүүлж өгөхийг хичээнгүйлэн хүсье" гэж “Улаанбаатар Зоо & Аквариум”амьтны хүрээлэнгийн захирал Б.Оргил энэ сарын 18-ны өдөр хүрээлэнгийнхээ албан ёсны пэйжээр холбогдох газруудад хандаж хүсэлт тавьсан байна.

Мөн хандивын дансаа байршуулж, өгөөмөр сайхан сэтгэлтэй хүмүүсээс тусламж гуйж байгаагаа илэрхийлжээ.

Хүмүүс хандивын дансаар мөнгө шилжүүлж байгаа бөгөөд эхний ээлжинд ирсэн хандивын мөнгөөр амьтдадаа нэн шаардлагатай байгаа хүнс, тэжээл, бэлдмэлийг нь авч өгчээ. Одоогоор тус хүрээлэн үйл ажиллагаагаа зогсоож, өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа учир гаднаас хүн дотогш нэвтрүүлэхгүй байгаа юм байна.

Зөвхөн амьтан маллагчид, малын эмч нарыг дотогшоо тусгай хамгаалалтын хувцастай нэвтрүүлж байгаа аж.

“Улаанбаатар Зоо & Аквариум” амьтны хүрээлэнгийн захирал Б.Оргилтой уулзаж ярилцлаа.

-Танай хүрээлэн байгуулагдаад хэдэн жил болж байна вэ?

-Нээгдээд хоёр жил, хоёр cap болж байна.

-Танайх хамгийн эхний хөл хориогоор л үйл ажиллагаагаа зогсоожээ?

-Тэгсэн. Нэгдүгээр сарын 24-нд хаалгаа барьсан.

-Хаалгаа барьсан гэдэг чинь нэгдүгээр сарын 24-нөөс хойш ямар ч орлогогүй байгаа гэсэн үг биз?

-Ямар ч орлогогүй байгаа. Бид хоёр сарын хугацаанд бүгдийг өөрсдөө болгочихлоо л доо. Тэгээд үнэхээр болохоо байгаад хүмүүсээс хандив тусламж гуйсан юм.

-Амьтад, шувуудын хоол тэжээлийг гаднаас захиалж авчруулдаг уу?

-Шувууны хоолыг Хятадаас захиалж авчруулдаг юм. Бас загасны хоолыг урдаас захиалгаар авдаг. Амьтдын хоолны хувьд талыг нь урдаас авчруулдаг, үлдсэнийг нь эндээс жимс, ногоогоор болгодог.

-Ховор содон хоол иддэг, хоол нь олдохгүй байгаа амьтан бий юү?

-Өвөрмөц хоол тэжээлтэй амьтан гэвэл манай сармагчин л ёстой есөн шидийн юм иднэ дээ. Бидний хувьд амьтдынхаа хоолыг бол өөрсдөө болгоод л байгаа юм. Ашиглалтын зардал буюу цахилгаан, дулааны төлбөр дээрээ л бид хэцүүдчихээд байна.

-Энэ хүнд үед банк-зээлдэгч, түрээслэгч-түрээслүүлэгч хоорондоо аль болох уян хатан нөхцөлтэйгөөр зохиц гэдэг чиглэлийг төрийн зүгээс өгөөд байгаа?

-Манайх Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, УБЦТС ХК-д албан бичиг өгсөн юм. Тэд төлбөрөөс чөлөөлөх боломжгүй гэсэн албан хариу өгсөн л дөө. Тэгээд бид аргаа бараад амьтны хүрээлэнгийнхээ пэйжид нөхцөл байдлаа дэлгэж, хандив тусламж гуйсан юм.

Олон хүн тэр мэдээллийг шэйрлэж нийтэд тараасан л даа. Тэгтэл Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас манайхыг дуудаад “Дараагийн төлбөр гарахад ямар ч байсан таслахгүй байх арга хэмжээ авч өгье” гэсэн хариу өгсөн.

Хөнгөлөлт үзүүлж чадахгүй нь, харин төлбөрөө дараа нь төлөхдөө бага багаар цувуулдаг ч юм уу, тиймэрхүү байдлаар төлөх гэрээ хийж болно гэсэн нааштай хариу өгчихөөд байж байна.

-Хөл хориог дахиад сунгачихлаа шүү дээ?

-Тэглээ. Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл. Тэгэхээр нөхцөл байдал дахиад л хүндрэх нь.

-Танай хүрээлэнгийн цахилгааны төлбөр сард хэдэн төгрөг гардаг вэ?

-Цахилгааны төлбөр сардаа 4-5 сая төгрөг гардаг юм. Дулааны төлбөр 2.5-3 сая төгрөг. Усны төлбөр сард сая орчим. Тэгээд бодохоор манай ашиглалтын зардал сард арав гаруй сая төгрөг болчихоод байдаг юм. Дээрээс нь түрээс төлдөг. Харин манай түрээслэгчийн зүгээс энэ хүнд нөхцөлд түрээсийг тэглэчихсэн байгаа.

-Коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжид мал амьтан, гэрийн тэжээмэл амьтдаас хол бай, бүү ойрт гээд байгаа. Тэгэхээр хөл хорио тавигдсан ч танайд эцэг эхчүүд нэг хэсэгтээ хүүхдээ дагуулж ирэхгүй байх сөрөг нөхцөл байдал гарч мэдэх нь байна шүү?

-Нээгдлээ гэхэд эхний нэг cap үйлчлүүлэгч ирэхгүй байх гэж бодож байгаа шүү дээ. Хэдийгээр карантинтай байгаа, үйлчлүүлэгчгүй болсон, олны хөл гишгэхгүй байгаа ч гэсэн бид тогтмол хугацаанд нь мал эмнэлгээ дуудаж, вакцин хийлгэдэг амьтдаа вакцинд нь хамруулаад л, үзлэгтээ ороод л явж байна. Халдваргүйжүүлэлтээ ч цаг тухайд нь хийж байгаа. Хүрээлэн дотроо амьтан маллагч, тэжээгч, асрагчид нь ажиллаж байгаа.

-Өдөрт хүрээлэнгийн 200 гаруй амьтан хэдий хэрийн хэмжээний хоол иддэг юм бэ?

-Зарим амьтдыг өдөрт хоёр удаа хооллоно. Өдөрт дөрөв ч хооллодог амьтан байгаа.

Жишээ нь, сармагчинг бид өдөрт дөрөв хооллодог шүү дээ. Өглөө нэг, өдөр хоёр, орой нэг хооллоно. Том амьтдаа өдөрт 2-4 удаа хооллочихоод байдаг юм гэв.

Нэг өдрийн хоолны зардал нь 300 гаруй мянган төгрөг болдог аж.

Та бүхэн “Улаанбаатар Зоо & Аквариум” хүрээлэнгийн хамт олонд туслахыг хүсвэл Бат-Өлзийгийн Оргил ХААН БАНК- 5034945856 тоот дансанд хандив өргөж болох юм байна.

Тус хүрээлэн нь байгуулагдсан цагаасаа хойш цэцэрлэг, сургуулийн олон зуун хүүхдийг хүлээн авч үйлчилсэн бөгөөд эцэг, эхчүүд, сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс талархал хүлээгээд байгаа чухал газруудын нэг юм.

Өдрийн сонин