Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийслэлийн хотын хөгжил дэвшилд ач холбогдолоо өгөх өгөөжтэй олон арван ажлыг эхлүүлээд байгаа билээ. Энэ ажлын хүрээнд нийтийн болоод иргэдийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн обьект болон газруудыг чөлөөлөх ажлыг шат дараатай зохион байгуулж байна. 

Газрын болон Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох заалтуудад үндэслэн, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 29/33 дугаар тогтоолын II-2.8.9 дүгээр заалт буюу нийтийн эзэмшлийн газарт зохих зөвшөөрөлгүй байрлуулсан тоосгон гаражуудыг албадан чөлөөлж, тоглоомын талбай бүхий автомашины давхар зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж барьж тохижуулах хүрээнд нийслэлийн Газар зохион байгуулалтын алба газар чөлөөлөх ажил зохион байгууллаа.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дэвсгэр, 24 дүгээр сургуулийн баруун талд байрлалтай тоосгон 15 гаражийг өнөөдөр /2020*04*22/ нурааж, газар чөлөөлж эхэллээ. Энэ ажлыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний А/186 тоот Газар албадан чөлөөлөх тухай захирамжийн дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Цагдаагийн газрын хэв журам сахиулах алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс зохион байгуулж буй юм.

Чөлөөлсөн газарт Чингэлтэй дүүргийн I, II, III хорооны иргэдэд үйлчлэх жишиг өрхийн эмнэлгийн барилга барихаар зураг төсөл гаргажээ.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хороо хариуцсан мэргэжилтэн Ю.Одгэрэл “Тус 15 гараж нь газар эзэмших зөвшөөрөлгүй. Хэрэв зөвшөөрөлтэй бол иргэдтэй гэрээ байгуулж, нөхөн олговор олгоно. Газрын тухай хуулийн 57.3-д заасны дагуу эдгээр гаражийн эздэд өнгөрсөн сарын эхнээс газраа чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн. Гаражийн зарим эзэн бидэнтэй уулзаж, хорооны иргэдэд үйлчлэх жишиг өрхийн эрүүл мэндийн төв барих учир нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нураахыг зөвшөөрч, чөлөөлж өгсөн. Огт эсэргүүцсэн иргэн байхгүй. Нийслэлийн Засаг даргын Газар эзэмших эрх олгох тухай 2020 оны гуравдугаар сарын 25-ны А/423 дугаар захирамжид жишиг өрхийн эмнэлэг барих тухай тусгасан” гэв.

Энэ онд Чингэлтэй дүүргийн хэмжээнд 30 гаруй байршил дахь зөвшөөрөлгүй гараж, барилга, хашааг нурааж, газар чөлөөлөх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах аж. Чингэлтэй дүүргийн I, II, III хороонд 15 мянга орчим иргэн оршин суудаг.

Энэ талаар Тус дүүргийн II хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч О.Буянтогтох “Манай хороо 3606 хүн амтай, 983 өрхтэй. I, II, III хорооны иргэд I хорооны харьяа өрхийн эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ авч, шинжилгээ өгдөг. Тиймээс манай хороонд жишиг өрхийн эрүүл мэндийн төв барих болсон нь иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэх юм” гэв.       

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “2020 онд газрын зөрчил арилгалт, иргэдийн чөлөөтэй зорчих боломж бүрдүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр баригдах барилгын газрын нөөц сайжруулах зэрэг олон зорилт бий. Үүний хүрээнд 2020 онд долоон дүүргийн хэмжээнд 150 байршилд 420 объектын зөрчлийг илрүүлэн газар чөлөөлөх төлөвлөгөөтэй. Газар эзэмших зөвшөөрөлгүй объектын эздэд анх баригдаж байхаас нь эхлээд удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлсэн иргэд өөр хүнд зарсан тохиолдол гарсан. Гэхдээ мэдэгдэл хүргүүлснээр иргэд бидэнтэй уулзаж, зөвшилцсөн. Өрхийн эрүүл мэндийн төв барих ажил газар чөлөөсний маргаашнаас эхлэн явагдана” гэв. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба өчигдөр ХСҮТ-ийн баруун талын гаражуудыг нурааж, орц, гарц нээсэн. Нийслэлийн хэмжээнд газар эзэмших зөвшөөрөлгүй ТҮЦ, гэр 103, хашаа, хайс 119, өргөтгөл 93, гараж, контейнер 105 байна.   

Өнгөрсөн онд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан Нийслэлийн Засаг даргын 2019 оны Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А/322 дугаар захирамжийн хүрээнд 90 байршилд 141 объект чөлөөлсөн. Мөн Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай А/688 дугаар захирамжаар 150 байршилд 170 объект чөлөөлж, 240 байршилд зөрчил арилгуулж, нийт 311 объект чөлөөлсөн юм. Газар чөлөөлөх ажил хийснээр хорооллын дундах авто замын 87 байршилд орц, гарц нээж, нийтийн эзэмшлийн 31 байршлын 4151 м2 газар, явган хүний зам хаагдсан 56 байршилд 10189 м2 талбай чөлөөлж, тохижилтын ажил хийх боломж бүрдсэн.