Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлтэй ярилцлаа.


-Ерөнхий сайд асан М.Энхсайханыг баривчилсан явдлыг та “Нийгмийг тестэлж үзэж байна” гэж онцолсон. Ямар зорилгоор ингэж үзэх болов?

-Шүүх өчигдөр ямар ч хуулийн үндэслэлгүйгээр М.Энхсайханыг барьж хорьсон явдал нь нийгмийг тестэлж байгаагийн шинж. Олон түмнийг тестэлж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн хуульгүйгээр барьж хориход олон түмэн яаж хандах вэ гэдэг тест явуулж байна.

Хэрэв энэ тест амжилттай туршигдвал цаашид М.Энхсайханд нэлээд том ял өгөхөөр төлөвлөж байгаа юм байна. Яагаад гэвэл шүүх улайм цайм хууль зөрчинө гэдэг нь эрүүл ухаанд багтахгүй шүү дээ. Цагаан дээр хараар биччихсэн хуулийг юман чинээ тоохгүй байна. Бүр хөгийн инээдтэй нь түүнийг онлайн сүлжээнд идэвхтэй байлаа гэдэг үндэслэлээр хорилоо. Сүүлийн үед Засгийн газар, эрх баригчдаас явуулж байгаа бодлого М.Энхсайханыг хорьж байгаа явдал хоёрын жишээ, эрх баригчдын зүгээс тавьж байгаа асуудлууд хараарай. УИХ-аар коронавирусээр далимдуулан онлайн сүлжээнд санал бодлоо илэрхийлэх хүмүүсийн эрх чөлөөг хязгаарлах тухай хуулийг хэлэлцэж байна. Эдгээр үйлдлүүд нэг уур амьсгал, нэг үзэл санаан дор яваад байна. Бусад улсыг хар, Европын зарим орнууд коронавирусээс болж бид ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хязгаарлахгүй гэж мэдэгдэж байна. Ялангуяа Скандинавын орнууд бүр карентин ч тогтоохгүй байна шүү дээ. Учир нь бүгдийг карентилбал иргэдийнхээ эрх, эрх чөлөөнд халдсан хэрэг болж, Үндсэн хуулиа зөрчинө гэж үзэж байх жишээтэй. Өөрөө өөрсдийгөө карантилах нь иргэдийн сонголт бай ёстой гэж байна. Гэтэл манайд яаж байгааг та нар харж байна. Бүгдийг карантилсан. Иргэд эсэргүүцэхгүй байгаа. Гэтэл сүүлдээ дахиад онлайн сүлжээгээр чөлөөтэй санал бодлоо илэрхийлсэн иргэдийг яллах гэж байна. Үүгээрээ зөвхөн онлайн сүлжээний “ам”-ыг барих гээд байгаа ч юм биш явж явж эцсийн цаад дүндээ хэвлэл мэдээлэл рүү, сэтгүүлчид рүү, хэвлэлийн эрх чөлөө рүү халдах гэж байгаа юм. Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар дуу дуугаа авалцаад коронавирусийг далимдуулаад нэг удаагийн хууль санаачилж байна. Үнэндээ тэд ЖДҮ-гийнхээ хэргийг сонгууль өнгөртөл нуух гэж л ийм зүйл хийж байгаа юм.

-Олон нийтийн сүлжээнд М.Энхсайхан гуайгаас ч илүү идэвхтэй хүмүүс, жишээ нь Ерөнхий сайд С.Баяр, Да.Ганболд болон танаас эхлээд олон бий. Баривчлагдах дараагийн хүмүүс ч та хэдийг гэцгээж байна?

-Тийм ээ. Өөрөөр хэлбэл, биднийг айлгаж байгаа ухаан нь. Онлайн сүлжээгээр янз бүрийн юм яриад үзээрэй. Барьж аваачаад хорино гэж байна. Дээрээс нь М.Энхсайханыг хорьж байгаа бас нэг шалтгаан бий. Тэр нь цэвэр улс төрийн ажиллагаа. Түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй л гэж хорьж байгаа юм. Өөр юу ч биш. Шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл М.Энхсайхан нэр дэвших эрхтэй. Харин УИХ-ын сонгууль болтол шүүхийн шийдвэр амжиж гарахгүй болчих гээд байсан учраас тэд хорьчихлоо. Жишээ нь, М.Энхсайхан бие дааж нэр дэвшихээр байсан бол энэ сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө аудитад өөрийн биеэр аваачиж өгөх байсан. Харамсалтай нь хоригдчихсон хүнд энэ боломж хаагдчихаж байгаа юм. Ингээд бие дааж нэр дэвших боломж нь М.Энхсайханы хувьд хаагдчихлаа гэсэн үг.

-Одоо эргээд харахад бүхий л Ерөнхий сайд нар цагдан хоригдсон байна. Дээр нь нэр бүхий сайд нар ч мөн адил. Монгол төрийн сайд нар яагаад ингэж толгой дараалан хоригдоод байгаа юм бол. Та юу гэж боддог вэ?

-Өнгөрсөн түүхээ харах юм бол Манжийн эрхшээлд байх үед Монголын төрийн зүтгэлтнүүдийг Манж, Бээжингийн захиалгаар толгойг нь авдаг байсан. Зөвлөлтийн нөлөөнд байх үед манай Ерөнхий сайд, Төрийн тэргүүнүүдийг Сталин, зөвлөлтийн коммунистуудын захиалгаар егүүтгэдэг байлаа. Одоо үүний үргэлжлэл болсон гурав дахь том давлагаа эхэлж байна. Хамгийн гол нь Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа стратегийн ордуудад гадаадын хөрөнгө оруулалт оруулах төрийн бодлогыг гэмт хэрэг гэж зарласан. УИХ-ын популист, коммунист гишүүдээр гадаадын хөрөнгө оруулалтыг гэмт хэрэг гэж зарлуулснаар энэ бүх үйл явдал эхэлсэн. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалтыг татах төрийн бодлогыг гэмт хэрэг гэж зарласан учраас төрийн бодлогыг хэрэгжүүлсэн хүмүүс нь гэмт хэрэгтэн болж хувирсан. Ингээд төрийн бодлогыг хэрэгжүүлсэн хүмүүсийг нийгэмд хог, шаар, авлигач, хулгайч, дээрэмчин мэтээр харуулж, олон нийтээр жигшүүлэх кампанит ажлуудыг сурамгай хийсэн. Хүн төрөлхтний түүхэнд ийм хорон үйл ажиллагааг коммунистууд, фашистууд, нацистууд л хийж байсан юм. Өмнөх төрийн бодлогоо гэмт хэрэг гэж зарлаад, төрийн зүтгэлтнүүдийг нь егүүтгэсэн. Яг ийм процесс манайд явж байна.

-Шударга бусын хонгилын тухай яриа одоо шинэ биш боллоо. Эхлээд хэн нэгнийг нийгэмд муухай харагдуулдаг. Дараа нь барьж хорьдог. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг үүнийг ихээр ярьдаг. Саяхан хүртэл ЗГХЭГ-ын дарга асан Г.Дэнзэн шударга бусын хонгил яаж ажилладаг тухай хурц ярилаа?

-Хүмүүс сайн анзаарахгүй байгаагаас биш 30-аад оны хэлмэгдүүлэлт эхэлчихээд байгаа юм. Монголын хууль зүйн практикт энэ нь хэдийнэ бий болсон. Эхлээд хэн нэгнийг нийгэмд шүүхээс өмнө хүмүүсийг гэм буруутай болгож харагдуулаад олон түмний тархийг угааж байгаад дараа нь ардын дайсан болгоод яллачихдаг. Яг энэ технологийг одоо хэрэглэж байна. Үүн дээр М.Энхсайханыг цагдан хорьж байгаа гурав дахь шалтгаан харагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгтэй холбогдсон асуудлыг ярьж болдоггүй. Үүнийг нь баталгаажуулж, М.Энхсайханаар гарын үсэг зуруулчихсан. Үүнийхээ дараа прокурор, АТГ түүнийг нийгэмд шууд гэмт хэрэгтэн болгож зарласан. Харин хэрэг нь шүүхэд очсоны дараа хэргийг нээлттэй ярьж болно. Тэртэй тэргүй шүүх хурал нээлттэй явах эрх зүйн үндэстэй шүү дээ. Хэрэг нь нээлттэй болохоос өмнө прокурор, АТГ нийгмийн тархийг угаачихсан учраас М.Энхсайхан зөрүүлээд зарим нэг зүйлийг онлайнаар дэлгэсэн. Өөрийнх нь эсрэг тархи угаалт яваад байхад залруулга, тайлбар хийх эрх тэр хүнд бий шүү дээ. Гэтэл үүнийх нь төлөө цагдан хорьж байна. М.Энхсайханд нийгмийн өмнө өөрийгөө өмгөөлөх эрх өгөхгүй байна.

-Тэгвэл энэ шударга бусын хонгилыг эхлүүлсэн хүн бол тантай ардчиллын төлөө хамтран зүтгэж байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Тэр нь одоо ч энэ Ерөнхийлөгчийн үед үргэлжилж байна гэлцэх юм. Та үүнтэй санал нийлэх үү?

-Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болж гарч ирэхэд нийгэм түүнд нэг л зүйлийн маш том захиалга өгч байсан. Авлигатай хайр найргүй тэмц гэж. Хоёр дахь удаагаа сонгогдоход бас л тэр захиалгыг өгсөн. Би түүнийг сайн мэдэж байна. Тийм учраас Элбэгдорж авлигатай тэмцэх ажлыг далайцтай эхлүүлсэн. Энэ үед магадгүй янз бүрийн завхрал, нугалааг хуулийн байгууллагууд гаргасан байх. Өөрөөр хэлбэл, бодлогыг завхруулах нугалаа явуулсан гэж боддог. Н.Алтанхуяг эндүүрээд Элбэгээ рүү заагаад байдаг юм. Яг үнэндээ хуулийнхан нугалаа явуулчихсан. Би дахин хэлье. Ц.Элбэгдоржид нийгэм булзах аргагүй нэг захиалга өгсөн нь авлигатай тэмц л гэсэн. Тийм учраас үүн дээр Ц.Элбэгдоржийг буруутгах ямар ч аргагүй. Харин хууль зөрчсөн хуулийн байгууллагын үйл ажиллагааг шалгахад ямар ч асуудалгүй. Бодлогыг нугалж завхруулсан хүмүүсийг шалгаж болно. Гэтэл хуулийн байгууллагын завхрал руу хандахаас илүү Ц.Элбэгдорж руу л заагаад байдаг юм.

Харин Х.Баттулга Ерөнхийлөгч болсноос хойш хуулийн байгууллагууд улайм цайм улс төрийн захиалгатай болсон. Санаж байгаа бол Ерөнхийлөгч прокурор руу матаас бичиг барьж очоод Элбэгдоржийг яллаад өгөөч гээд зогсож байсан шүү дээ. Урьд нь хэзээ ч Төрийн тэргүүнүүд ийм үйлдэл хийж байгаагүй. Прокурор хараат бус үйл ажиллагаатай гэдгийг тэд мэднэ. Гэтэл Х.Баттулга, З.Энхболд хоёр прокурорын зөвлөгөөн дээр очоод ийм захиалга өгсөн. Тэд нийгмээс санаа зовж, ичиж зовоогүй. Үүнийгээ шударга ёс гэж нэрлэсэн. Хоёрт, шүүхийг ҮАБЗ-ийн мэдэлд оруулчихлаа. Шүүгчдийг хоолоор нь, ажил албаар нь барьцаалчихсан. Өмнө нь хуулийн байгууллага төрийн бодлогыг завхруулж байсан бол одоо төр өөрөө шууд улайм цайм хуулийн байгууллагыг хяналтандаа авч, улс төрийн захиалга өгдөг боллоо. Сая М.Энхсайханыг хорихоос өмнө дөрөвдүгээр сарын 17-нд З.Энхболд ярилцлага өгсөн байдаг. Ярилцлага дээрээ “М.Энхсайханыг нэр дэвшүүлэхгүй. Яагаад гэвэл энэ хүн хэрэгт холбогдсон” гэж ярьсан. Энэ хүн өөрийгөө шүүх гээд бодчихсон байна. Шүүхээр хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад З.Энхболд шийдвэр гаргачихаад хүнийг гэмт хэрэгтэн гэж зарлаад сууж байна шүү дээ. З.Энхболд шүүх биш. М.Энхсайханыг гэмт хэрэгтэн мөн бишийг, сонгуульд нэр дэвших эсэхийг тогтоох ёсгүй. Хамгийн хачирхалтай түүнийг ингэж ярилцлага өгсний дараа М.Энхсайханыг цагдан хорьчихлоо.

Уг нь М.Энхсайхан иргэнийхээ журамт үүргийг биелүүлээд мөрдөн шалгах үйл ажиллагаанд ямар ч саад учруулаагүй. Маш дуулгавартай, бүр хууль шүүхийн байгууллага шалгах нь зүй ёсны хэрэг гэж журамт иргэний ёсоор хэлж байсан хүн. Би санаж байна, Элчин сайд байхдаа ажлаа өгөөд өөрийнхөө зардлаар нисэж ирээд шалгуулсан. М.Энхсайхан бол хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаанд ямар ч саад учруулаагүй. Нэг ёсондоо хуулийн өмнө үлгэр жишээ иргэн байсан. М.Энхсайхан шиг Ерөнхий сайдыг ингэж байна гэдэг нь “Та нар хохь чинь шүү, аятайхан байгаарай” гэдэг сануулгыг л нийгэмд өгч байна.

-Саяхан телевизийн нэгэн нэвтрүүлэг дээр ардчиллын партизанууд бүгд цуглаж суугаад ярилцлаа. Өмнө нь бол та хэд хэд тус тусынхаа мөрийг хөөсөн хүмүүс байсан. Харин өнөөдөр ингэж нэгдэж байгаа нь нэг нэгээр хэрэгт холбогдон явах нь, асуудал бишидлээ гэж нийлцгээх болов уу гэж улс төрийн хүрээнд ярилцах боллоо?

-1990 онд ардчилсан хувьсгалын ололт, Монголын ард түмний сонголт өнөөдөр нурахад бэлэн болчихоод байна. Монголын ардчилал устахад бэлэн болоод байна. Тэгэхээр бид нийлэхээс өөр аргагүй. Бид хүчээ нэгтгэнэ. Бид ардчиллаа хамгаална, тэмцэнэ. Би жишээ нь УИХ-ын сонгуульд нэр дэвшье гэж огт бодоогүй. Залуучууд маань нэр дэвшиг, бид одоо болсон. Залуу насандаа ардчилсан хувьсгал хийлээ. Өнөөдрийн ардчилсан нийгэмд амьдарч байгаа залуус нийгмийн шинэчлэлээ цааш нь үргэлжлүүлэг гэж бодож байлаа. Нэг ёсондоо тэтгэвэртээ гаръя гэж бодож байв .Гэтэл зүгээр хараад сууж болохгүй цаг ирж байна. Одоо бол бие дааж нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн. Ардчиллын дайснуудтай тулалдахаас өөр арга алга. Үнэндээ эрх баригчид, энэ олигархуудын өөрсдийгөө магтуулах, мандуулах, хайрлуулахаар бэлтгэсэн тавилттай жүжиг, тархи угаалтад ард иргэд живч, жинхэнэ үнэнийг олж харах аргагүй болчихоод байна. Сонгууль бол сонгогчдод очиж бүх үнэнийг хэлэх боломжийг олгодог гарц. Тиймээс Монголын ард түмэнд болоод байгаа бүхнийг газар дээр нь очиж үнэнээр хэлэхийн тулд нэр дэвших хэрэгтэй болж байна. Түүнээс биш миний хувьд УИХ-ын гишүүн болох нь арав дахь асуудал. Тийм учраас М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Да.Ганболд, С.Баяр гээд бүгд нэр дэвшээсэй гэж хэлмээр байна. Ийм үед нэр дэвшихгүй бол туйлын нийгмийн хариуцлагагүй явдал болно. Яагаад гэвэл энэ сонгуулийн дараа ардчиллын хувь заяа шийдэгдэх гэж байна.

Өнөөдрийн ардчиллыг бүгд мэдэж байгаа. З.Энхболд АН-ын дарга шиг байна. Тэр яриаг нь хараарай. Хэнийг нэр дэвшүүлэх вэ, хэнийг дэвшүүлэхгүй вэ, ямар намтай нийлэх вэ, ямар намтай нийлэхгүй вэ гэдгийг тэр л мэдэж ярьж байна. Уг нь З.Энхболдод ийм эрх байхгүй. Яг үнэндээ намын даргын ахлах зөвлөх нэрийн дор жинхэнэ намын дарга болчихоод байна. С.Эрдэнээ З.Энхболдын хэлснээр явж байна. Тийм учраас би З.Энхболдтой үзнэ.

-Ардчилал нурахад бэлэн болчихоод байна гэж байна. Энэ бүхнийг хийсэн хүмүүс нь ардчиллынхан өөрсдөө гэж нийгмийн нэг хэсэг үздэг. Та бүхнийг шинэ хүмүүсийг гаргаж ирэх ёстой гэж шаардах хэсэг ч байдаг. Ардчилал ийм нөхцөлд тулсныг товчхоноор та юутай холбож тайлбарлах вэ?

-Ер нь ардчилал маш их эмзэг шүү, ийм эмзэг зүйлийг цаг тутамд хамгаалан ардчиллыг төгөлдөржүүлэх ажлыг хийж байх ёстой гэдгийг бид хойш нь тавьчихаж. Үнэндээ ардчиллаа бөөцийлөх ажлыг орхигдуулчихаж. Энэ бол бидний буруу. Гэхдээ одоо “Тийм ээ бидний буруу, залуучууд аа та нар яваач” гээд суухаар энэ залуучууд санаснаар явж өгөхгүй байна. Манай залуучууд албан тушаал, карьер, гишүүн болохоос өөр юм бодохгүй болчихож. Тэгээд яахын уствал устаг гээдл хаях юм уу. Тэгж болохгүй. Ардчиллаа үгүй хийхийг хараад сууж байснаас үхсэн нь дээр биз дээ. Ардчилалд аюул учраагүй бол улс төрд би юугаа хийхэв, мөрөөрөө фермерийнхээ ажлыг хийгээд явж баймаар байна.

-АН-ынхны залуу үеэ бэлтгэх ажилд ер нь хэр анхаарч байна?

-Залуучуудыг бэлтгэх ажил дээр бид маш муу анхаарсан. Ямар сайндаа өнгөрсөн хойно нь “Боловсрол төвтэй улс төр” гэдэг залуучуудыг боловсруулах, ардчилалд бэлдэх ТББ байгуулаад сууж байхав. Одоо л эхэлж байна. Одоо л телевизийн өмнө бөөнөөрөө суугаад ярьж байна. Үүнийг аль хэдийнэ хийх ёстой байсан.

-Ярилцлагын төгсгөлд таны нэр хууль шүүхийн байгууллагад татагдаад байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн талаар асуумаар байна. Хэн хэрхэн холбогдож ямар хууль зөрчсөнийг хууль шүүхийнхэн тогтооно. Харин энэ төсөл бол одоо ч нийслэлчүүдэд хүлээлттэй байдаг том ажил. Тиймээс энэ төслийн үнэ цэнийн талаар та хэлэх ёстой хүний нэг?

-Энэ бол маш чухал асуулт. Маш их юм яримаар байна. Би нэг их хэлж байгаагүй. Гэхдээ би хэд, хэдэн онцгой зүйлийг зориуд хэлье. 2000 оноос эхлээд гэр хорооллын хашааны газрыг албадан чөлөөлж, дээр нь барилгын бизнес хийх гэсэн бүлгийн санаа бодол яваад байсан. Тэр үед УИХ-аас шийдвэр гарах шахсан. Өөрөөр хэлбэл, албадан чөлөөл, тэгээд барилгажих талбай болгоод компаниудад өгнө гэсэн шийдвэр гаргангаа алдсан. Үүнийг би би гэр хорооллынхон, Сэлэнгийнхээ тариаланчидтай хамтраад трактортой орж ирээд болиулчихсан. Гэтэл 2010 оноос эхлээд нөгөө санааг ахиад гаргаад ирсэн, эрх барьж байгаа МАН-ынхан. Одоо бол албадан чөлөөлөх биш. Гэр хорооллынхноос газрыг нь Хотын захиргаа нь үнийг нь тогтоож байгаад хямдхан үнээр авдаг хэлбэр рүү шилжсэн. Үүнийг би 2012 онд гарч ирээд болиулчихсан юм. “Үгүй ээ, хашааны газарт захиргааны үнэ тогтоож болохгүй. Ингэж хүмүүсийг хуурч мэхэлж авч болохгүй. Хашааны газрын эзэн өөрөө мэдэж хөрөнгө оруулагчидтай ярь. Гурван өрөө байр гэнэ үү, таван өрөө гэнэ үү. Үүнийг хашааны газрын эзэн өөрөө шийднэ. Үүнийг л дахин төлөвлөлт гээд байгаа юм шүү дээ. Ингээд хашааны газрын үнэ өссөн. Зарим газар хоёр,зарим газар гурван өрөө байраар хашааны газрыг сольж байлаа. Хашааны газар дунджаар гурван өрөө байр болж байлаа. Жишээ нь, Сонгинохайрханы нэг айл хашааны газраа хоёр өрөө байр, машины гарааш, орон сууцны доод давхрын үйлчилгээний талбайгаас 100 ам метр талбай авах нөхцөлтэйгөөр газраа байраар сольж байлаа. Ингэж л үнэд хүрсэн. Тийм учраас гэр хорооллынхон дахин төлөвлөлтөд орно гэж бүгдээрээ оочерлоод эхэлсэн. Тэгтэл энэ дахин төлөвлөлтийг гутаах багц арга хэмжээ явуулж эхэлсэн.Компаниудад мөнгө дутуу байхаар нь би 40 тэрбум төгрөгийн асуудлыг Засгийн газраар шийдүүлээд Хотын даргын ажлаа өгөөд буусан. Гэтэл МАН-ын засаг гарч ирээд үргэлжлүүлээгүй. Хамгийн түрүүнд дахин төлөвлөлтийн ажлыг зогсоосон. Нөгөө миний шийдэж өгөөд явсан санхүүжилтийг зогсоочихсон. Ингээд компаниуд ямар ч санхүүжилтгүй болж, орон сууцны барилгуудаа барьж чадахгүй болчихсон. Хашааны газраа чөлөөлөөд орон сууцаа хүлээж байсан баахан иргэд ингэж байргүй болсон. Үүнийг над руу шууд чихэж, шууд гүжирдсэн. Бат-Үүл баахан хүмүүсийн голомтыг самарлаа, орох оронгүй болголоо гэж. Ингэж л намайг гутаахын тулд дахин төлөвлөлтийн ажлыг гэмт хэрэг болгочихоод өнөөдөр намайг яллах гэж байна. Өнөөдөр ямар байдалтай байна гээч, гэр хорооллын хашааны газарт захиргааны үнэ дахин тогтоосон. Гэр хорооллын хашааны газрыг захиргааны тогтоосон үнээр хурааж авч, өндөр орон сууц барьж бизнес хийдэг бүлэглэлийн ажил дахиад сэргэсэн. Өөрөөр Улаанбаатар хотод гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил огт яваагүй.

Б.ЭНХЗАЯА