Гаднын хэвлэлүүдээр Европын холбооны “Хар жагсаалт”-нд Монгол Улс орсон гэх мэдээлэл түгсэн. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийх үеэрээ өөрийн байр суурийг илэрхийлсэн. Тодруулбал, “Тийм албан ёсны мэдээлэл ирээгүй” хэмээж, үгүйсгэсэн.

Харин энэ талаар  Г.Занданшатар, “Монгол Улс “Хар жагсаалт”-нд орсон. Ойрын хугацаанд хар, саарал жагсаалтаас гарах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэхэд шинээр томилогдож байгаа Монголбанкны тэргүүн дэд болон дэд ерөнхийлөгч нар үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэсэн юм. 

Үүнээс гадна Европын холбооноос Монгол Улсыг албан ёсоор өөрийн “хар жагсаалтад” оруулсан гэдгээ мэдэгдлээ.

Энэхүү хар жагсаалтад мөнгө угаадаг, терроризмыг санхүүжүүлдэг болон санхүүгийн хувьд эрсдэл учруулах аюултай орнуудыг багтаадаг юм.  

Манай орноос гадна Панам, Бахамын арлууд, Маврик, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Мьянмар, Никарагуа, Зимбабве гэх 12 орныг ч мөн уг жагсаалтад багтаасан хэмээн зарласан бөгөөд Европын холбооны санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй гэж үзсэн ажээ.  

Европын Холбооны гишүүн орнуудын банк, санхүүгийн байгууллагууд эдгээр орнуудтай харилцаж буй үйлчлүүлэгчдийнхээ үйл ажиллагаанд илүү их анхаарал тавьж, хяналтаа нэмэгдүүлэх тухай уг баримт бичигт дурджээ. Мөн энэ жагсаалтад багтсан улс орнуудын бизнес эрхлэгчид Европын Холбооны санхүүжилтийг шинээр авах эрхгүй болох, Европын Холбооны банкууд болон бусад санхүү, татварын фирмүүд эдгээр улстай харьцаж буй үйлчлүүлэгчдээ илүү нарийвчлан судлах үүрэг хүлээж байгаа аж. Энэхүү журам ирэх аравдугаар сараас хэрэгжиж эхлэх юм байна.