Монгол нутагт хадгалагдан буй археологийн дурсгалуудыг шинжлэх ухааны эргэлтэд оруулж, хадгалан хамгаалах, олон нийтийн хүртээл болгоход шинжлэх ухаан, судалгаа, соёлын олон байгууллага, эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөр шингэж байдаг билээ. Монгол улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн доктор Ц.Төрбат ахлагчтай судлаачид Монгол Алтай судлалын хүрээлэнтэй хамтран 2008-2010 онуудад “Монгол Алтайн баруун хэсгийн түүх, археологийн дурсгалууд II, Ховд” төслөөр олон тооны дурсгал илрүүлжээ. Судлаачид хадны 6 оршуулгын олдвор хэрэглэгдэхүүнийг судалж, ХБНГУ-ын Райнландын Орон нутгийн холбооны харьяа Бонн дахь Ландес Музей болон Көльний Мэргэжлийн дээд сургуулийн Сэргээн засварлалт, бэхжүүлэлтийн ухааны, Офенбах дахь Германы ширний музей зэрэг газруудад 3 жилийн хугацаанд сэргээн засварлаж бэхжүүлсэний дараа эх нутагтаа авчирсанаар Монголын Үндэсний Музейн үзэсгэлэнгийн танхимд “ТАЛЫН ДАЙЧДЫН ӨВ СОЁЛ” үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна.

Түүнчлэн МУИС-ийн багш, доктор У.Эрдэнэбат ахлагчтай судлаачдын 1997 онд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн нутаг Дугуй цахирын хадны оршуулгын олдворуудын эрэгтэй хүүхдийн торгон дээл, түүний хуулбар үзвэрүүд үзэсгэлэнд тавигсдан юм.

Үзэсгэлэн энэ сарын 8-ний өдөр Монголын үндэсний түүхийн музейд нээлтээ хийсэн бөгөөд нээлтэд УИХ-ын гишүүн, ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэл, ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Трийдеманн, Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, Академич Б.Энхтүвшин нар болон бусад холбогдох албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийтийн төлөөлөл оролцлоо.

“ТАЛЫН ДАЙЧДЫН ӨВ СОЁЛ” үзэсгэлэнд Түрэгийн үеийн дайчдын төмөр дөрөө, эмээлийн мод, оломны арал, Хятан гүрний үеийн эсгийн хэвнэг, малгай, торгон дээл, загасны хайрсаар хийсэн хавтага зэрэг анх удаа монгол нутгаас илэрч олдсон олдворууд болон 14 дүгээр зууны үеийн дайчдын бүсний тоног, модон аяга зэрэг 170 шахам үзмэрийг дэлгэн үзүүлж байна. Мөн тус үзэсгэлэнгээс Түрэгийн үеэс Монголын эзэнт гүрний үе хүртэл монголын тал нутгийг зургаан зууны турш байлдан дагуулж байсан талын морьтон дайчдын гол зэвсэг болох нумын хийц загвар хэрхэн хувьсаж өөрчлөгдсөнийг үзэх боломжтой юм. Үзмэрт нүүдэлчдийн соёлын гайхамшигт өв болох нуман ятга хөгжим багтаж байна. Уг хөгжмийн их бие болон царыг зурж чимэглэснээс гадна эртний Түрэгийн “руни” бичгээр бичсэн бичээс буй нь хүн төрөлхтний хосгүй гайхамшигт дурсгалд зүй ёсоор багтах юм.

ХБНГУ-д сэргээн засварлагдсан археологийн эдгээр олдвор хэрэглэгдэхүүн нь нүүдэлчдийн оршуулгын өвөрмөц нэгэн хэлбэр “хадны оршуулга”-аас илэрч олдсоноороо өвөрмөц юм. Эдгээр нь нийтийн тооллын 7 дугаар зуунаас 13 дугаар зууны үе буюу 700-1400 онд хамаарч байгаа аж.

Мөн энэ үеэр түүх соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг нээн судлахад онцгой үүрэг гүйцэтгэсэн н.Энхтөр, Н.Дандар нарыг ССАЖЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнасныг ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэл гардуулан өгсөн юм.

Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улс Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярыг тохиолдуулан цуврал арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь бөгөөд энэ оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 6 дугаар сарын 9-ний өдөр хүртэл Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх юм.