Энэ сарын 3-нд ТЕГ-ын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан хурандаа Ш.Амгаланг гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилсан. Улмаар 48 цаг саатуулаад сулласан билээ. Болсон үйл явдлын талаар хурандаа Ш.Амгалангийн эхнэр С.Оюунгэрэлтэй ярилцлаа.


-ТЕГ-ын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан хурандаа ш.Амгалан буюу таны нөхрийг энэ сарын 3-нд гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилсан. Тухайн үед болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Энэ сарын 3-ны ням гаригт Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр сэтгүүлчид амарч байх үед дээрх хууль бус баривчилгаа явагдсан. Тэр өдөр миний бие нөхөр Ш.амгалан болон охин а.алтанзул нарын хамт төрсөн нутгийн зүг идээ будаа өргөхөөр Эмээлт рүү явсан юм. үдийн 14:00 цагийн үед гэнэт гурван машин шахаж замын хажуугийн жалга руу унагах дөхсөн. Ингээд зогсоход толгойдоо хар маск зүүсэн нэр зүс нь мэдэгдэхгүй 20 гаруй залуу дайрч миний нөхөр хурандаа Ш.амгаланг чирч буулгаад микро автобус руу чихэж суулгасан. Урд жолоо барьж явсан охин бид хоёрын биед халдаж баривчилсан. Юу болоод байгаа талаар тодруулахад “Тагнуулынхан байна. Битгий олон юм яриад байгаарай. Дуугүй суугаад яв” гэж заналхийлсэн. Ямар ч гэм буруугүй хүнийг хууль зөрчиж баривчилсан. Товчхондоо ийм л явдал болсон.

-Гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрөл, биеийн байцаалтаа та бүхэнд танилцуулсан уу?

-Ямар ч зөвшөөрөл танилцуулаагүй. Гэнэт л хар машинууд гарч ирээд шахсан. Хамгийн ноцтой нь тухайн үед замын цаашаа наашаа явах хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан байсан. Хэрэв бид замын хажуугийн жалга руу унасан бол ямар ч хөндлөнгийн гэрч байхгүй. Манай гэр бүлийг цааш нь харуулах даалгавартай байсан гэж хардаж байгаа. Тиймдээ ч гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрлийн бичиг харуулаагүй байх.

-Тухайн өдөр танай гэрт нэгжлэг хийсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ямар ч гэм буруугүй охин бид хоёрыг баривчилсны дараа манай гэр рүү авч очоод, утас холбоог таслаад жижиг өрөөнд хорьсон. Ингээд ямар ч зөвшөөрөлгүйгээр оройн 23:30 цаг хүртэл гэрт нэгжлэг хийсэн. Цар тахлын үед арван хэдүүлээ гэрт орж ирчихээд нохойн хороо шиг л болгосон.

Нэгжлэг хийхэд хөндлөнгийн гэрч байх ёстой. Тухайн үед гэрч байгаагүй. Хөргөгч гал тогоо, хувцасны шүүгээнээс авахуулаад боогоод тавьсан хогийг маань хүртэл аваад гарсан байна. Үүнээс гадна ажлын компьютер, кассет зэргийг аваад явсан. Мөн Үндсэн хуулийн Цэцэд хандсан хоёр бичгийн хариу, “Ш.Амгалан хурандаа зөрчил гаргаагүй” гэсэн баримт бичгийг урж хаясан байна лээ.

-ТЕГ-ын дарга генерал Д.Гэрэл болон ТЕГ-ын Гадаад тагнуулын газрын дарга асан хурандаа Ш.Амгалан нарын хооронд ямар зөрчил байсан юм бэ?

-2017 онд генерал Д.Гэрэл томилогдож ирэхдээ ганц хүнийг л ажлаас нь хална гэж занаж байсан. Тэр нь миний гэр бүлийн хүн хурандаа Ш.Амгалан байсан юм. Тухайн үед ТЕГ-ын Гадаад тагнуулын хэлтсийн дарга, терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Д.Гэрэл албан тушаалаа аваад л миний нөхрийг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн.

Манай нөхөр твиттерт бодит байдлыг жиргэдэг байлаа. Д.Гэрэлийн тухайд БНСУ-д Элчин сайд байхдаа Хотгор шанагын уурхайн наймаанд гар бие оролцож байсан хүн шүү дээ. Тус наймаанд оролцсон БНСУ-ын эрх бүхий албан тушаалтнууд бүгд ял авсан. Харин Д.Гэрэлийн тухайд ТЕГ-ын даргын албан тушаалд ирсэн байдаг. Энэ тухай жиргэхэд л илт дургүйцдэг байсан.

-Таны гэр бүлийн хүн ажлаа хүлээлгэж өгснөөс хойш ямар дарамт шахалтууд ирж байв?

-Ажлаа хүлээлгэж өгснөөс хойш 10 орчим хоногийн дараа манай орцонд хүн дүүжлээд алчихсан байсан. Цагдаа дуудаад шалгуулахад асрамжийн газар өссөн 19 настай СУИС-ийн оюутан Б.Амгалан гэж хүү болохыг танилцуулж байсан. Миний нөхөр Гадаад тагнуулын хэлтсийн дарга байсан хүний хувьд ТЕГ-ын дарга Д.Гэрэлд “Манай орцонд миний нэртэй хүүхдийг дүүжилж алсан байна. Энэ хэргийг шалгаж өгнө үү” гэсэн өргөдөл бичихэд огт тоогоогүй. Тагнуулын байгууллагын тухайд өмнө нь ажиллаж байсан хурандаатай ижил нэртэй хүүхэд орцонд дүүжлэгдчихээд байхад шалгах үүрэгтэй биз дээ.

Мөн 2019 оны долдугаар сарын 11-нд буюу наадмын өдөр миний нөхөрт зөрчлийн хэрэг нээж өгөөч гэсэн гомдлыг Тагнуулын байгууллагад гаргаж байсан. Үндэслэл нь Тагнуулын байгууллагын нэр хүндэд халдаж жиргэсэн гэх утгатай. Гомдлыг нь шалгаад зөрчлийн хэрэг нээх боломжгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон. Дараа нь есдүгээр сарын 17-нд Хилийн цэргийн баярын өдрөөр мөн л зөрчлийн хэрэг нээхийг хүсч цагдаад гомдол гаргаж байсан. Үндэслэл нь өмнөхтэй яг адилхан. ЦЕГ-аас шалгаад зөрчлийн хэрэг үүсгэх боломжгүй, хувь хүн үзэл бодлоо илэрхийлсэн гэж дүгнэсэн.

Гурав дахь нь энэ сарын 3-нд Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ээлжит дайралтаа хийж баривчилсан. Д.Гэрэлийн тухайд дандаа баяр ёслолын өдрөөр сиймхий тааруулж манай нөхөрт хэрэг үүсгэх гэж халддаг. Сүүлийн энэ сарын 3-ны гүйцэтгэх ажиллагааг бол манай гэр бүлийг устгах зорилготой байсан гэж хардаж байгаа. Замын хөдөлгөөнийг хаачихсан ямар ч гэрч байхгүй үед замын хажуу руу шахаж жалга руу унагахыг завдсан.

-Ш.Амгалан хурандааг Гадаад тагнуулын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ гадаадын тагнуултай хамтран ажилласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм билээ...

-Хэлмэгдүүлэх гээд л байна л даа. Миний нөхрийг ТЕГ-ын Гадаад тагнуулын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа гадаадын тагнуулын байгууллагад ажиллаж байсан гэх мэдээлэлтэй гэх хилс хэргээр бүх насаар нь хорих ял тулгаж болзошгүй байна. Энэ талаар ТЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Т.Баярхүү мэдээлсэн.

Дээрх мэдээллийн дараа л миний нөхрийг сулласан. Тавдугаар сарын 3-нд баривчлаад 5-нд сулласан. Прокурорын зүгээс цааш нь үргэлжлүүлж хорих боломжгүй гэж үзсэн. Д.Гэрэл бол 2012 онд ТЕГ-ын даргаар ажиллаж байсан хүн шүү дээ. Тухайн үед сөрөг тагнуулын газрын дарга н.Цогтбаатар гэж залуу хурандааг гадаад тагнуултай хамтарч ажилладаг гэж хэлмэгдүүлээд шоронд хийж байсан. Ар гэрийнхэн нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж байсан. Тухайн үед Д.Гэрэл 60 настай байсан. Энэ жил 70 насны босгон дээр Гадаад тагнуулын хэлтсийн даргаар ажиллаж байсан шударга зарчимч Амгалан гэж хурандааг хилс хэрэгт сэжигтнээр 48 цаг хорилоо. Хүнд хилсээр ял тулгаж ТЕГ-ыг хувийн өс хонзондоо ашиглаж болохгүй. Амьд явах баталгаа алга байна.

Энэ хэрэг нь өөрөө ноцтой. Маш нууцын зэрэглэлтэй гэж байгаа юм. Маш нууцын зэрэглэл гэдэг халхавч доор хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, хэлмэгдүүлж байна. Өнөөдөр чинь 1937 он биш шүү дээ. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байна шүү дээ.

-Энэ талаар НҮБ-д хандсан гэж сонссон?

-Сая Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүний эрхийн комисст өргөдөл өглөө. Тус баривчилгааны үеэр охин бид хоёрын биед маш бүдүүлгээр хандсан. Тагнуулын байгууллагад ажилладаггүй биднийг баривчлах эрх зүйн үндэслэл байхгүй. Шүүх эмнэлэгт хандаж шинжилгээ өгсөн байгаа. Мөн БЗД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргасан. Авлигатай тэмцэх газарт ч өргөдөл гаргасан.

-Нөхрийн тань биеийн байдал ямар байна вэ?

-Сэтгэл зүйн хүчтэй дарамт авлаа. Даралт нь ихэсч биеийн эрүүл мэнд хэвийн бус байна. Гүйцэтгэх ажиллагааны үеэр гуя руу нь тариа хийсэн байж болзошгүй байгаа. Тойроод хар масктай хүмүүс шавчихсан байсан учраас хэн яасан нь тодорхойгүй байна. Баривчлагдсаны дараа хорих 461 дүгээр ангид шинжилгээ өгсөн байна лээ. Шинжилгээний хариу нь гараагүй байна. Баривчилгааны дараа бие нь их хямарлаа. Гэр бүлээрээ сэтгэл зүй хямарсан байгаа ч Д.Гэрэлээс айхгүй. Манай гэр бүл АТГ-ын тэргүүн комиссар З.Дашдаваа, ЦЕГ-ын дарга генерал С.Баатаржав, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт бүгдэд нь өргөдөл өгсөн. Энэ хүмүүс шударгаар ажиллаж Д.Гэрэлийн үүсгэсэн хонгилоор орж буй хүнийг битгий хэлмэгдүүлээсэй гэж хүсч байна.

-Д.Гэрэлийн үүсгэсэн хонгил гэдэг зүйлээ тодруулахгүй юу?

-Шударга бусын хонгилын ганц жишээг л дурдъя. Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалангийн хүү Хатанбаатар манайд нэгжлэг хийхэд удирдаж ажилласан. Д.Гэрэл, Ж.Амгалан нар нэг нутгийн хүмүүс. Ураг төрлийн холбоо бий болчихсон байгаа. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгүүлч Н.Өнөрцэцэг рүү хандаж “Сэтгүүлч та ёс зүйтэй байгаарай” гэж хэлж байсан. Хууль зөрчиж томилогдсон ТЕГ-ын дарга Д.Гэрэл ёс зүйтэй юм уу гэдгийг энэ ярилцлагаар дамжуулж асууя.

-Ш.Амгалан хурандаа ямар шалтгаанаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж байсан юм бэ?

-Д.Гэрэл генерал Төрийн албаны тухай хууль зөрчиж 66 настайдаа ТЕГ-ын даргын албан тушаалд очсон. Энэ тухай Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргахад авч хэлэлцээгүй. Тухайн үеийн Цэцийн дарга Д.Одбаяр “Энэ асуудлын талаар Ерөнхий сайдад ханд” гээд л өнгөрөөж байсан. 65-аас дээш настай хүн төрийн алба хаших нь хууль зөрчсөн үйлдэл шүү дээ.