Виньяаса йогийн багш Л.Баясалмаатай ярилцлаа.


-Йог бол зөвхөн дасгал хөдөлгөөн гэж ойлгох нь бий. Нөгөөтэйгүүр өөрийгөө танин мэдэх үйл явц ч гэдэг?

-Йог гэдэг өөрөө их өргөн ойлголт л доо. Энэ талаар ярих болбол үүх түүхтэй нь ярих шаардлага үүснэ. Ер нь өөрийгөө таньж мэдэх үйл явц гэдэг ойлголт илүү дөхөм. Өөртэйгөө нүүр тулж, өөрийгөө ямар чадамжтай, ямар хүн бэ гэдгийг ойлгож авахын тулд бид йог хийдэг гэж ойлгож болно. Йог гэдэгт дасгал хөдөлгөөн, бясалгал цогцоороо багтдаг. Зөвхөн махан биеийн дасгалаа хийгээд тархины дасгал болох бясалгалаа орхигдуулбал йогийн мөн чанар алдагдана. Тиймээс үр дүн ярих гэж байгаа бол йогийг угаас нь эхэлж зөв суурьтай сурах хэрэгтэй болдог. Өнөөгийн бидний энэ их завгүй амьдралын хэв маяг орчин үеийн хүний бие болоод сэтгэл зүйг ихээр эвдэж байна. Асар хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа энэ амьдралын хэмнэлийн завсарт түр зуур ч болов амсхийгээд өөртэйгөө нүүр тулаад үзвэл бид юунд зориод, яаж амьдраад байгаа утга учраа ойлгоно. Үүнийг л йогоор ойлгож авах юм уу даа. Йог бол тоолж, дурдаж баршгүй их ашиг тустай. Үүнийг залуу байхаасаа л эхлүүлэх хэрэгтэй. Тухайн хүн йог хийж эхэлсэн цагаасаа тэр насандаа гацчихдаг гэж хошигнож хэлдэг ч үнэний хувьтай. Учир нь йог хийснээр эд эсийн түвшинд эрүүлжиж байгаа нь дотоод биед ч гадна төрхөнд ч илтэд мэдэгдэж эхэлдэг. Үүнийг хүн өөрөө хийснээр л ойлгож эхэлнэ.

-Йог нь дотроо олон төрөлтэй боловч бүгд нэг л зорилготой гэдэг. Энэ зорилгын талаар ярихгүй юу?

-Ер нь йог, энэ олон шашин бүгд эцсийн нэг цэг дээр очиж зогсдог. Хүн төрөлхтөн өөрийгөө судлах, эрж хайх, таних ажлыг хийсээр ирсэн. Үүнийг бүх шашин болоод йог бясалгал ойлгуулах гэж хичээдэг. Йогийн хувьд ярихад Монголд анх Хатха йог ихэд дэлгэрсэн. Одоо бол төрөл бүрийн йог дэлгэрч байна. Хүмүүст энэ нь илүү, тэр нь сайн гэж хэлэх аргагүй. Тухайн хүн сонирхлоороо өөрийн хүссэн йогийн төрлөөр хичээллэж болно. Би анх “Нараа” йогийн төв дээр Нараа багш дээрээ Хатха йог сурч эхэлж байсан. Харин багш болоод виньяаса йогийн багш болсноор энэ йогийн төрлийг түлхүү заадаг болсон. Энэ бол амьсгалыг тасралтгүй хөдөлгөөнтэй хослуулан урсгах төрөл. Виняьаса йогд амьсгал, төвлөрөл, хөдөлгөөн гурав нэгдэж нэгэн цогц болдог. Ингэхээр хүмүүс йог чинь уйтгартай юм байна гэж бодож эхэлдэг. Гэтэл нөгөө эрүүл амьдрах хэв маяг чинь йогт байгаа гэдгийг ойлгоод авчихвал йогд хүмүүс дурладаг. Йогийн олон төрөл байгаа учраас та алийг нь ч сонгож болно. Би зөвхөн виньяаса гэхгүй бусад йогийн төрлүүдийг ч заадаг. Мөн сүүлийн дөрвөн жил випашяна бясалгалаар өөрийгөө дадлагажуулж байгаа болохоор бясалгалаа давхар хүмүүст зааж байгаа. Өвчин гарснаас хойш дөрвөн йогчин маань нийлээд цахим сургалт явуулж эхэлсэн.

-Цахим сургалтаараа чухам юуг онцолж зааж байна. Ер нь хүмүүс хаана хаанаас сургалтад хамрагдаж байна вэ?

-Энэ ажлаараа хүмүүст йогийн талаар зөв мэдлэг олгох, анхан шатны хичээлийг зөв суурьтай заах тал дээр ихэд анхаарч ажиллаж байгаа. Гадаадад байгаа монголчууд ихээр хамрагдсан. Тэдний маань сэтгэгдэл маш өндөр байгаа. Өдөр болгон бидэнтэй холбогдож баярлаж талархаж байгаагаа хэлж байна. Дөрвөн багш зааж байгаа учраас биднээс суралцах үр өгөөж нь арвин байна гэдгээ ч дурдаж байна. Бидний зорилго биелж байна гэж харж байна. Хүмүүсийг йогийг мэдрээсэй гэж хүсч байсан хүсэл бага багаар ахиж л байна. Бид газрын йог заахаас гадна агаарын йог ч заадаг. Энэ ч утгаараа йогийг цогцоор нь хүмүүст хүргэх гэж ажиллаж байна.

- Хөл хорионы үеэр хүмүүс гэртээ удаан байж, нийгмийн харилцаанаас тусгаарлагдах үед бие болон сэтгэл санааны хувьд тогтворгүй болж эхэлж байгаа нь ажиглагдах боллоо. Ийм үед йогийг интернэтээр бие даан сурвал хэр үр дүнтэй бол?

-Хүн гэдэг нийгмийн амьтан учраас энэ бол бидний хувьд том сорилт болж байна. Тиймээс гэртээ байх хугацаагаа үр ашигтай, зөв зүйтэй өнгөрүүлэхийг чухалчлаарай гэж зөвлөх байна. Энэ цаг хугацаанд шинэ зүйл сурах, биеэ хөгжүүлэх бүрэн боломж бидэнд гарч ирж байгаа. Мөн сэтгэл санааны тэнцвэрээ хадгалах нь чухал болоод байна. Тиймээс йог бясалгал танд тусална. Онлайнаар йог хийхэд зөв буруу хийж байгаагаа мэдэхгүй байх гэж хүмүүс санаа зовдог. Энэ бас л багшийн ур чадвар болон шавийн уйгагүй хичээл зүтгэлээс шалтгаалах асуудал юм. Сайн багш ямар ч хүнд юм сургах чадвартай байдаг бол сайн сурагч аливаа зүйлд мэрийлттэй, зорилготой байвал онлайнаар сурахад асуудал, хүндрэл гарахгүй. Сурах чигийг эрхэм болговоос хандах зүг өөрөө тогтоно гэж үг байдаг даа. /инээв/

-Хүүхдийн, ахмадын, жирэмсний гээд йогийн олон ангиллууд бий. Ер нь Монголд ихэвчлэн хэдээс хэдэн насныхан сонирхож хичээллэж байна вэ?

-Сүүлийн үед Монголд йогоор бүх насныхан хичээллэдэг болж байгаа. Энэ нь ч сайшаалтай хэрэг. Одоо хүмүүс илүү эрүүл мэнддээ анхаарч, зөв зүйтэй зүйлдээ мөнгө зарцуулж чаддаг болсон. Тиймээс йогоор хэдэн ч настай хүн хичээллэж болох учраас гагцхүү өөрийгөө гэсэн хүн бүхэнд нээлттэй.

-Сүүлийн үед судлаачид дасгал хөдөлгөөн хийх нь дархлааг дэмжихээс гадна сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг талаар дурдаад байгаа. Ер нь йогоор хичээллээд өвчнөөсөө салсан тохиолдол Монголд бий юү?

-Дасгал хийхэд хүний хөлсөөр стресс ядаргаа ч мөн арилдаг. Өвчнөөсөө салсан тохиолдол маш олон. Зөвхөн биеийн өвчин гэлтгүй сэтгэлийн өвчин гэж зүйл бий. Йог бол эрүүл зөв амьдрах арга ухаан учраас хэн нэгэн сэтгэлийг дарамт, айдас түгшүүрээс салах нь олонтаа. Тэгэхээр дасгал хийж байгаа боловч та биеэ эрүүлжүүлж, эмчилж байгаа. Олон хүн нурууны өвчтэй, ходоод гэдэсний хямралтай гээд йогоор хичээллээд эдгэрсэн тухайгаа ярьдаг. Тийм учраас йог бол зөв амьдрах арга ухаан бас зөв байх оюуны ухаан.

-Хүмүүст йогийн хичээл заахдаа зөвхөн бие,сэтгэлийн дасгал бус хажуугаар нь зөв хооллолтын хэв маягт нь анхаардаг уу?

-Яг энэ асуудал монголчуудын нэн түрүүнд анхаарах ёстой асуудал болоод байна. Бидний уламжлал эвдэгдэж, суурин амьдралтай болсон цагаас хоол хүнсэндээ анхаарахаа больсон гэж хэлж болно. Өмнө нь монголчууд ийм замбараагүй, хяналтгүй, зохисгүй хооллолтгүй байсан талаар ном сударт ч бичсэн байдаг. Өвөө эмээ нар маань ч хэлж ярьдаг. Гэтэл орчин үед хүмүүс суугаа ажилтай, машин барьдаг болчихоод дээрээс нь буруу хооллолтой болсон. Америкт анх очоод маш их тарган хүмүүс байгааг хараад гайхаж байсан. Гэтэл бид өөрсдөө тийм болсноо анзаарч харахгүй байна. Илүүдэл жин, чихрийн шижин, даралт ихсэх, ходоодны шарх гээд төрөл бүрийн өвчинд нэрвэгджээ. Энэ бол амьдралын хэв маягтай л холбоотой. Зөв хооллолт гэхээр хоолоо учиргүй сойгоод эхэлдэг. Хоол сойх бол зөв хооллолт биш юм. Зөв хооллолт гэдэг нь тухайн газар нутагтаа тохирсон, өөрийн махбодод таарсан, цаг уураасаа шалтгаалж хооллохыг хэлж байгаа юм. Жишээ нь, бид өвлийн цагт будаа, халуун ногоо гэх мэтийг их иддэг. Манай уур амьсгалд, бидний биед энэ нь өвөл зохих уу гэдгийг сайн мэдэхгүйгээс болж хоолны сонголт буруу болдог. Хавар юу идэх вэ, намар юу идэх вэ гэх мэтээр улиралдаа тааруулж хоол хүнсээ сонгохоос гадна хий шар бадганадаа тохируулж хоол хүнсээ, дасгал хөдөлгөөнөө сонгох нь чухал юм. Хий шар бадгана гэдэг бол орчин үеийн анагаах ухаанаар тайлбарлавал цусны бүлэгтээ тохируулж хоол хүнсээ сонгохтой ижил гэж ойлгож болно. Энэ мэтчилэн хоол хүнсний талаар яривал олон зүйл байдаг. Зөв зохистой хооллоод дасгалаа хийж эхэлбэл хоолоо сойгоод байх шаардлага үүсэхгүй.

С.ЛХАМСҮРЭН