Коронавирусээс сэргийлж буй нэрээр цагаа олоогүй буруу шийдвэр гаргасан Засгийн газрын харалган бодлогын гайгаар бизнесүүд энэ оны хоёрдугаар сараас хойш тамирдаж, хувийн хэвшлүүд ажилтнаа цомхотгож, үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байна.

Ашиг орлого ч нь буурч, хэдийн алдагдал хүлээж эхэлсэн. Тэдний хагас жилийн боломжийг COVID-19 цар тахал бус эрх баригчид хулгайлчихлаа. Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ улс төрийн хэрэгсэл болон хувирч, бизнесүүд хэлмэгдэж, хамгийн их хохирол амсав. Хөл хорио аж ахуйн нэгжүүдийн 80 гаруй хувьд шууд нөлөөлсөн ба үүнийг задалж үзвэл, 45 хувьд нь хамгийн их нөлөөлжээ. Салбараар ангилан харвал аялал жуулчлал, боловсрол, зочид буудал, нийтийн хоол болон тээвэр агуулахын үйлчилгээний салбарт хөл хориог хорлож байгаа юм шиг сунжруулсан нь хүндрэл үүсгэлээ. “Инфляцын хүлээлт” түүвэр судалгааг энэ удаа Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон төв банк хамтран бэлтгэснийг толилуулъя. Үндэсний статистикийн хорооны тавдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт ч хөл хорио хэрхэн эдийн засгийг боомилсныг харж болно. Худалдааны салбарын нийт борлуулалт гэхэд оны эхний дөрвөн сарын байдлаар хагас их наяд төгрөгөөр агшжээ. Тэгвэл хагас жилийн үзүүлэлт үүнээс ч дор гарах хүлээлттэй байна. Тоо худал хэлдэггүй гэдэг. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны тавдугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 39.5 хувиар өсжээ.

Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлүүд орлогогүй болж, зээлийн чанар муудаж эхэлсэн байна. Мөнгөн дүнгээр 324.6 тэрбумаар хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл нэмэгдлээ. Нийт хадгаламжийн 10 хувийг эзлэх аж ахуйн нэгжүүдийн хадгаламж мөн л буурсан үзүүлэлттэй гарлаа. “Инфляцын хүлээлт” түүвэр судалгаанд дурдсанаар, аж ахуйн нэгжүүд өнгөрсөн гурван сарын хугацаанд бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт эрс буурсан гэж хариулжээ. Энэ нь хөл хориог олон сараар үргэлжлүүлсэнтэй яах аргагүй холбоотой. Хувийн хэвшлүүдийн ажлын байрны болон цалингийн индекс хоёрдугаар улиралд огцом буурч, түүхэнд байгаагүй хамгийн доод түвшинд ирэв. Үүгээр үл барам ирэх гурван сарын хугацаанд компани, аж ахуйн нэгжүүд ажлын байр болон цалингийн зардлаа бууруулахаар зэхэж байна. Хөл хорио удаан хугацаанд сунжирснаас хувийн хэвшлийн үйл ажиллагаатай холбоотой зардлууд хамгийн их өсжээ. Тэрчлэн оны эхний хагас жилийн борлуулалтын орлогод хөл хорио хэрхэн нөлөөлөх эсэх талаар асуухад аж ахуйн нэгжүүдийн 60 гаруй хувь нь 30 болон түүнээс дээш хувиар нөлөөлнө гэж мэдэгдэж байв. Цар тахлаас сэргийлэх нэрээр хөл хориог сунжруулсан нь бизнесүүдийг сөгдүүллээ. УИХ-ын сонгуулийн сурталчилгаа цар тахлын дэглэмийг хэдийн зөрчиж, эрх баригч намын нэр дэвшигчид хууль журмыг гууль болгон ашиглаж байна. Ерөнхий сайдын орон нутагт болон нийслэлд иргэдтэй хийж буй уулзалт олон сар үргэлжилсэн хөл хорионы утгыг ч бүрэн алдагдууллаа. Ингэх байсан юм бол өр зээлийн дарамтад оруулж, муу эр дайнд хөөрнө гэгчээр буруу бодлогоор эдийн засгаа элгээр нь хэвтүүлж, бизнесүүдийг яах гэж сүйтгэв дээ хэмээн баялаг бүтээгчид халаглаж байна.

Засгийн газрын мэдээ сонин