Тарваганы тоо толгой цөөрч, тархац нутгийн хэмжээ хумигдан ховор амьтны ангилалд орж болзошгүй нөхцөлд буй. Мөн 2013 онд БОАЖ-ын сайдын тарвага агнахыг хориглосон шийдвэр өнөөдөр ч Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдсөн хэвээр байгаа.

Гэсэн ч тарвага бүрэн таргалсан үед буюу намрын улиралд хориг зөрчиж ан хийх зөрчил ихээр гардаг. Тарваганы ан, агнуурт хэрхэн хяналт тавьж ажиллаж байгаа талаар Байгаль орчин геологи уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчин хяналтын улсын ахлах байцаагч Д.Батзориг дараах тодруулгыг өгсөн юм.

Иргэдийн цахим орчин тарвага агнах болон махыг нь идэх сэдэл өгөх маш том хөшүүрэг болж байгаа. Тарвагатай  холбоотой мэдээлэл оруулах,  анд гарах,  агнах хэрэгслийг сурталчилсан, туламлан боодог хийсэн болон чанаж идэж буй зураг бичлэгээ байршуулж байна.  Энэ нь хүмүүсийн  тарвага агнах, идэх сэдлийг өдөөж байдаг. Үүнтэй холбоотойгоор манайх Цагдаагийн ерөнхий газарт албан бичиг хүргүүлсэн. Цахим орчин дахь тарвагатай холбоотой мэдээллийг хааж, хяналт тавин хамтарч ажиллахыг хүссэн. Одоогоор хариу ирээгүй байна. Харин цахим орчинд тарваганы тоо толгойг нэмэгдүүлье. Мэрэгч амьтдыг хайрлая гэсэн уриалгыг гаргах нь зөв гэсэн юм.