Нэгэн явдал санаанаас огт гардаггүй юм. Зочид буудалд хэсэг залуус хамт лифтэнд суусан хүмүүсээ хятадаар ярилаа гэж нэвширтэл нь зоджээ. Хятад хүмүүс юм чинь хятадаар ярихгүй яахав дээ!

Гэтэл тэдгээр нь Хятадын өндөр албаны хүмүүс байж таараад тэр асуудал нэлээд өндөр авсан билээ. Түүний дараахан ХКН-ын гадаад харилцааны хэлтсийн дарга тэргүүтэй зочид албан ёсны айлчлалаар ирж, тухайн үеийн МҮАН-ын удирдлагуудтай уулзахдаа энэ асуудлыг онцгойлон хөндсөн. Тэд хэзээ ч эрх барьж байгаагүй, магадгүй хэзээ ч эрх барихгүй жижигхээн намтай яг л эрх баригчидтай ярьж байгаа мэт, бас бид л асуудлыг нь шийдчих мэт ихээхэн нухацтай ярьсан нь бүх намтай яг адилхан ингэж ярьсан гэсэн үг юм. Тэд Хятадын эсрэг үзэл хэтэрч байгааг анхааруулаад хэрэв ийм байсаар байвал харилцаанд нөлөөлөх болно гэж ямар ч дипломат өнгөлөн далдлалтгүй хэлж билээ.

Бусад намууд үүнд хэрхэн хандсаныг мэдэхгүй, манайхан лав маш тайван байж, өөдөөс нь инээмсэглэн: “Хятад том гүрэн. Эргэн тойрны нь жижиг улсуудад Хятадаас болгоомжлох сэтгэлзүй хандлага байсаар ирсэн, байж ч байгаа. Хятад том байх тусам энэ хандлага байх л болно. Энэ чинь ганц Монголд байгаа юм биш шүү дээ. Хоёр тэрбум хүнтэй их гүрний хажуудах гуравхан сая хүнтэй улсад уусчихгүй гэсэндээ хэт эсрэгцсэн хандлага бол байж л байдаг зүйл шүү дээ. Та бүхэн үүнийг хэт дөвийлгөх хэрэггүй дээ” гэсэн юм.

Холын биш ойрын жишээ. Хятадад монгол хэл, монгол бичгийг нэг эрэмбэ доошлуулах шийдвэр гарахад хуурай өвсөнд ассан түймэр мэт эсэргүүцэлтэй тулгарав. Монголчууд үүний төлөө амиа зольж эхлэв. Монгол үндэстний дархлаа хэв хэвийн, бүр маш сайн ажиллаж байна.

Олон мянган жилийн ард түмний яс маханд шингэсэн үзэл санааг бид яалтай билээ. Үнэндээ бол Хятадыг үзэн ядаад байгаа гэхээсээ илүү үндэстний дархлаа ажиллаж байна гэж ойлгох ёстой юм. Хэрэв ийм дархлаагүй бол түүхэндээ гурван саяас илүү гарч байгаагүй бид хэдэн мянган жилд хөрш зэргэлдээ хэлхэлдэн холилдон амьдрахдаа уусчихалгүй хэрхэн тэсч үлдэх байсан билээ дээ.

Стратеги судлаач Эдвард Лутвакын бичсэн, Ц.Буянцогтоогийн япон хэлнээс орчуулсан “Хятад стратеги” номыг сөхөж үзье. Хятадын гадаад бодлогын стратегид дүн шинжилгээ хийсэн энэхүү номд Хятадын хэрэгжүүлж байгаа гадаад бодлогыг гурван үе шаттай авч үзээд эцэст нь “Хятад-4” стратеги ямар байж болох талаар өөрийн бодлоо зохиогч санал болгожээ.

“Хятад 1” - Энхтайванч сэргэн мандал: Ямар ч улс Хятадын сэргэн мандлаас болгоомжлох, эсвэл түүнийг эсэргүүцэх шаардлагагүй. Яагаад гэвэл Хятадын сэргэн мандал бүхэлдээ энхтайванч шинжтэй, өнөөг хүртэл оршиж ирсэн хүчний харьцааг өөрчлөлгүйгээр олон улсын хэм хэмжээг ягштал дагаж мөрдөнө”.

Лутвак энэ бодлогод нь ихээхэн тал өгчээ. Учир нь хүчирхэгжсэн Хятад өөрсдөө ямар нэг юм хийчихье гэж бодоогүй байтал л эргэн тойрны нь улсуудын сэрэмж болгоомж аандаа нэмэгдэж, хар аяндаа нэгдэл, хамтрал үүсч болгоомжилсон ажиллагаа явуулаад эхэлдэг. Харин “Хятад 1” стратеги ийм хариу үйлчлэлийг бүрэн дарж чадсанаараа гайхамшигтай гэж дүгнэжээ. Хятадын өсөлтийг бусад улсууд ямар нэг болгоомжлох үйлдэл хийхгүй ажигласаар байсан нь энэ стратегийн маш том амжилт гэж дүгнэв.

Гэтэл энэ нь аажмаар хүч түрэмгийлэх шинжтэй гадаад бодлого буюу “Хятад 2” стратеги руу шилжиж орхив. Өөрөөр хэлбэл тэд “Мөнгө бол хүч” гэж үзэв. Энэ бол тэдний хувьд том эндүүрэл байлаа. Улсын ерөнхий хүч, эдийн засгийн чадамж хоёрын хооронд асар их ялгаа бийг тэд мартжээ. Жишээ нь Англи 1890-ээд оноос эдийн засгаараа суларч эхэлсэн ч 1945, тэр бүү хэл 1970-аад оныг хүртэл нөлөөлөх чадвараа огт алдаагүй байсныг бодолцох хэрэгтэй. Гэтэл Хятад зөвхөн эдийн засгийн өсөлтийн хүчин чадалдаа дулдуйдан бүхнийг зохицуулж болох мэт аашилж мөнгөөр бүхнийг шийдэх гэж байгаа нь алдаа гэж зохиогч үзэв.

“Хятад 3”- байдлыг харгалзан хүч түрэмгийлэх бодлого. Нөгөө тал эсэргүүцэхгүй бол хүч түрэмгийлээд явна, хүчтэй эсэргүүцэл ирвэл дайралтаа зогсооно. Хятадууд Өмнөд Хятадын тэнгист цөмөрч жижиг арлуудыг өөрийн болгох балмад стратеги хэрэгжүүлснээс үүдсэн Филиппин Хятадын харилцаа, Хятад Энэтхэгийн хил рүү дахин дахин цөмөрснөөс үүдэлтэй Хятад Энэтхэгийн харилцаагаар жишээлжээ.

Санаа оноо нийлэхгүй зүйл тохиолдох авч ерөнхийдөө сонирхолтой. Си Жинпинг яагаад Хятадын хоёр дахь том дайснаар нэрлэсэн, ХКН-ыг устгах хамгийн том хамтрагч нь яагаад Си Жинпин гэж, ерөөс их гүрэн жижиг улсыг дийлдэггүйн шалтгаан, их гүрний тухай ойлголт, улс орнуудын хоёр ба олон талт хамтын ажиллагаа, Хятадын хэт дотогшоо чиглэсэн бодлогын алдаа, гадагшаа чиглэсэн харилцаанд мэдрэмж муутай тухай... гэх мэт олон сонирхолтой дүгнэлтүүдийг Хятадын гадаад харилцаан дээр болон бусад улс орнуудын харилцааны жишээн дээр маш сонирхолтойгоор өгүүлснийг уншиж болно.

Харин Си Жинпинг Горбачёвтай адилтгасан нь оновчтой болсонгүй. Түүний намаа шинэчлэх хөдөлгөөн эцэстээ намын нь сүйрлээр өндөрлөнө гэсэн дүгнэлтээ хийхдээ улс нийгмээ бүхэлд нь шинэчлэх гэсэн Горбачевын оролдлого төр улсаа хэрхэн сөнөөсөнтэй адилтгав. Эртний төрт ёсны суурь уламжлалыг гаднын төслөөр хийсэн улс орныг сүйрүүлэх “Ардчилал” ажиллагаатай зүйрлэсэн нь оновчтой бөгөөд ул суурьтай дүгнэлт болж чадсангүй.

“Хятад 4” стратеги бол цэвэр Лутвакын хүсэл, мөрөөдлийн шинжтэй санал байлаа. Өмнөд Хятадын тэнгис дэх бодлогоосоо татгалзаж буцаад аядуу тайван “Хятад 1” стратеги руугаа шилжих ёстой. Үүний тулд Өмнөд Хятадын тэнгис дэх эзэрхэг бодлогоосоо татгалзах, мөн нисэх онгоц тээвэрлэгч үйлдвэрлэхээ бүрмөсөн зогсоох гэнэ. Энэ бол харин даан ч гэнэн дүгнэлт байлаа.

Стратегичийн энэхүү гэнэн дүгнэлт намайг харин гайхшруулсан. Ам чийглэх ус гуйж мөлхөж орж ирээд ус ууж, хоол идэж цадсан хойноо шүдээ чигчийлээд “Түрүүн бас нэг юм яриад байсан уу үгүй юу...?” гэдэг шиг л хүчирхэгжсэн аливаа улс гүрэн бусдаа татах, нөлөөндөө оруулах, хүрээгээ тэлэх оролдлого нь байх ёстой зүй тогтол. Хүчирхэгээс улам хүчирхэг рүү тэмүүлнэ үү болохоос сайн дураараа ухарч татгалзах тухай ойлголт байхгүй. Үүнийг хүчирхэг их гүрэн байсан, бас мянга мянган жилийн турш хөрш зэргэлдээ амьдрахдаа уусалгүй үлдэж чадсан Монгол мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ. Их гүрний бодлогыг их гүрэн байсан нь л ойлгодог нь бас нэг зүй тогтол бололтой.

Монгол бичиг рүү яаж дайрч байгааг нь харахгүй юу? Бичиг үсэг рүү халдана гэдэг бол үндэстний түүх соёл, үнэт зүйл, оршин тогтнохуй, товчхондоо бол амь нас руу нь халдаж байгаа хэрэг. Энэ бол бидэн рүү дайрч, довтолж байна гэсэн үг! Дайраад үз, болохгүй бол ухар! гэдэг стратеги нь хэрэгжиж байна. Харин ухрах нь уу, яахнав...?!