Шүүх хурлын танхимд найзынхаа амийг бүрэлгэсэн, хүн амины хэрэгт гүтгүүлсэн Ганзориг үг хэлэх мөчөө хүлээж, гуниг дүүрэн харцтай сууна. Түүний амьдрал ганцхан сарын дотор ийнхүү орвонгоороо эргэжээ. Уг нь бол Ганзориг прокурор.

Гэвч тэр энэ шүүх хурлын танхимд одоо хүн амины хэргийн “сэжигтэн”, цааш нь ухвал бүр улс төрийн хэргийн “зангилаа” болчихоод сууж байгаа хэрэг. Харин түүний гэргий Саранчимэг. Тэр одоо ханийнхаа хажууд байхгүй. Зам тээврийн ослоор хорвоог орхиод удаагүй. “Эрэн сурвалжлах” нэвтрүүлгээрээ шударга хэмээн үнэлэгддэг сэтгүүлч байж. Нэг эвлэвэл “Тэсрэх бөмбөг”, эвлэхгүй бол “Хонь, чоно” шиг мэргэжилтэй эл хосууд ажлаа гэртээ ярихгүй, амьдралаа аваад явчих хэмжээний зарчимтай хосууд байлаа. Гэвч шүүхийн шийдвэр яаж гарахаас үл хамааран Ганзориг хайртай дотны хүмүүсээ дахиж хэзээ ч авч чадахааргүй болсноо л мэдэж байгаа.

Ердөө ганцхан сарын өмнө...тэр найзтай, 2 найз аль аль нь өөр өөрийн амьдралтай, сайхан гэр бүлтэй байсан. Байхын жаргал, байхгүйн зовлон гэдэг шиг үр хүүхэд заяахгүй учир асрамжийн газраас нэгэн охиныг юу юугүй өргөж авах гээд бэлдэж байсан гэр бүл” нэг л өдөр ТОМ” улс төрийн сүлжээг хаа сайгүй цутгаж, усалж, ургуулж чадсан бүлэглэлийн золиос болж орхив. Энэ явдал Эрчим хүчний салбарын хэдэн тэрбумаар яригдах тендертэй холбоотойгоор, нөгөө талд алаг үрээ алдахгүйн тулд хагалгааны төлбөр хайж буй мөрдөн байцаагч Алтанцоож нарын хувь тохиолын ЦЭГ дээрээс эхэлдэг.

Алтанцоож хэмээх мөрдөн байцаагч анд найзаа сонгох уу? Алаг үрийнхээ амь насыг аврах уу? гэдэг маш хэцүү хувилбараас сонголтоо хийнэ. Олон арван жил ужгирсан улс төр, улс төрөөр дамжиж нийгмийн нөлөө бүхий салбаруудад аалзны тор шиг сүлжсэн Бямбасүрэнгийн сүлжээний гар хөл болснооч тэр мэдээгүй. Бямбасүрэнгээр толгойлуулсан тэр бүлэгт эрхэм улсын их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд, хууль шүүх прокурор гээд бүгд үйлчилдэг. Ажлаа сайн хийсэн нь албан тушаал авч, амьдралаа өөрчилнө.

Товчхондоо бол ХУУЛЬ ШҮҮХИЙНХНИЙГ ГАРТАА АТГАСАН ХҮМҮҮСТ ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ гэсэн итгэл үнэмшлийг өөртөө болон өрөөлийн тархинд шингээж өгсөн хүмүүс. Гэтэл үүний эсрэг ШУДАРГА хүмүүс байдаг гэдгийг тэд тооцоолоогүй. Тэд одоо бүгдээрээ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН шийдвэрийг хүлээж байна. УИХ-ын гишүүдийг сонгохын өмнө энэ киног үзээрэй гэж нам эвсэл дагасан залуусыг уриалахгүй юугаа хийвээ.

Гэсэн ч оройтоогүй тул ийн бичиж байна. Ийм л нэгэн зохиомол бүтээл хэрнээ амьдралд даанч ойрхон болчихоод байгаа асуудлыг хөндсөн ZURA кино видео сангуудад байршжээ. Гаднаас биш дотроос тольдож хийсэн бүтээл болж. Заавал үзэх кино гэх үү дээ. Ялангуяа сонголт хийхийн өмнө. Фантастик айхтар л даа.

Хагас жил үзэгчдийг байлдан дагуулсан 37 дугаар точкагийн залуусаас та бараг олж харахгүй. Хүүхдийн эмнэлгийн коридорт зулсан дунд болон түүнээс доогуур амьдралтай иргэд, өвчинд шаналсан хүүхдүүд, эцэг эх нь байхгүй хийгээд байсан ч хүүхдийг умартсан нийгмийн толины булан болох асрамжийн газрын хэсэг, шантааж, гүтгэлэг, худал мэдээллээр нийгмийн хандлагыг өөр тийш эргүүлэх зохиол гээд нэг кинонд манай нийгмийн өнөөгийн дүр төрхийг сайн шингээжээ. Энэ бол нийгэмд бугшсан асуудлуудад анализ хийсний үндсэн дээр кино зохиол болгон бичиж, уран сайхны аргаар үзүүлсэн бодит бус үйл явдал.

Гэхдээ санаан дотор санаа байна. Лав миний харснаар 1998 онд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн улс төрийн хэрэг лав 22 дахь жилдээ ирж байна. Энэ хугацаанд хичнээн жирийн хүмүүс амьдын болон насан туршийн хагацал үзвээ, одоо ч хилсээр гүтгэгдсэн байж болзошгүй хүмүүс шоронд хатаж байна. Нэгэн улс төрчийн үлдээсэн эд болон эсийн шинжилгээ ч байдаг тухай яриа бий. Энэ яахав жишсэн санаа. Зүгээр л бид толгойдоо хэнийг залдаг вэ? Санал өгөхийн өмнө ядаж залуучууд бид энэ талаар заавал эргэцүүлж бодох хэрэгтэй мэт санагддаг. Төр гэж яг юуг хэлээд байгаа юм. Нийгмийн болоод нийтийн эрх ашиг ярьдаг улс төрчдийн ашиг сонирхол хаана нэгдэж, хаана хүчээ авдаг вэ? Тэдэнд үйлчилдэг төрийн албан хаагчид зарим нь сайн дураараа эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгө горьдож, харин зарим нэг нь амьдралын эрхээр, сонголтгүй сонголтоор хаашаа орсноо ч мэдэхгүй бүдчиж яваад “шударга бусын хонгил” руу хөл тавьдаг. Азгүй нэг нь золиос болж, азтай нэг нь албан тушаал хүртдэг энэ тогтолцоо Монголын нийгэмд байгаа нь үнэн шүү дээ.

Үүнийг уран бүтээлчид дуугарах нь зүй ёсны хэрэг. Энэ бол кино урлаг, энэ бол иргэдийн өмнөөс нийгэмд дуугаргаж буй ХОНХ мөн. Яагаад 2020 онд #ZURA гэж. Бид хорооны даргаасаа эхлээд хууль батлах тогоонд төлөөллөө сонгодог, 4 жилд төрөө байгуулалцах эрхээ эдэлдэг онцгой жил. Энэ бүхний урьтал болгож энэ киног бүтээсэн найруулагчийн, Фантастикийн залуусын санаа байсан байх. Тэд ч гэсэн нийгмийн нэг хэсэг. Хүсч буй болоосой гэсэн ирээдүйнхээ төлөө дуугарсан хэрэг. Удахгүй 10 сарын 14-нд Орон нутгийн сонгууль болно.

Залуус бидний үзэгний үзүүрт 4 жилд нэг удаа хэнээр залуулж, хэрхэн амьдрахаа шийдэх санал байгааг битгий мартаарай. Сонгогч та бол санал өгөх үед өөрөө өөрийнхөө, нийгмийнхээ, төр барих хүмүүсийг шийдэх ЕРӨНХИЙ ШҮҮГЧ гэдгээ бүү март. Эрхэм шүүгч таны шийдвэр үлдлээ. Та санал өгөхөөсөө өмнө тус киног анхаараад нэг үзээрэй.

Сэтгүүлч Г.Тэгшжаргал