Ерөнхий боловсролын 62 дугаар дунд сургуулийн нэг давхар байгалийн гэрэл тусахаа болиод уджээ. Шалтгаан нь эргэн тойронд байрлах тоосгон гараж тулгаж барьсантай холбоотой юм.

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тоосгон гаражийг буулгах бэлтгэл арга хэмжээг авч ажиллаа. Гаражийн эзэд, бид худалдаж авсан, хохирч байна хэмээн бухимдалтай байгаа бол сургуулийн захиргаа болон эцэг эхчүүд, 19 хорооны оршин суугчид талархалтай хандаж байна. Чөлөөлсөн газар дээр инженерийн шугам сүлжээ татан, тохижуулж автомашины зогсоол  болгон ашиглах юм байна.

62 дугаар дунд сургуулийн захирал Б.Сарантуяа: манай сургууль 4321 сурагчтай. Эдгээр хүүхдүүдийн тал нь бага дунд ангид суралцдаг. Хүн машины урсгал ихтэй. Өглөө оройдоо хойд талын нарийн үзам дээр багтахаа байдаг. Гэтэл сургуулийн ойр орчимд автомашины зогсоол байхгүй. Тойроод тоосгон гараж л байдаг. Тэрийг тойроод хүмүүс бие засна, хог хаяна. Орчны гэрэлтүүлэг муутай. Мөн бага насны хүүхдүүд тоосгон гараж дээгүүр хөөцөлдөж тоглож байгаад унаж бэртсэн маш олон тохиолдол гарсан. Өнөөдөр эдгээр гаражуудыг буулгаж газрыг чөлөөлж өгч байгаад маш баяртай байна гэлээ.

Мөн эцэг эхчүүдийн төлөөлөл хүн явж, машин зогсох зогсоолтой болж байгаад баяртай байна.