Налгар намрын энэ өдрүүдэд малчид хадлан тэжээлээ бэлтгэж, тариаланчид ургацаа хураан толгой өндийх завгүй ажиллаж буй. Намрын намарт эрэлттэй байдаг, өвөлжилтийн бэлтгэлийн чухал нэгэн зүйл болон малын өвс, тэжээл. Газрын гарц муу аймгуудын малчдад өвс, тэжээл худалдан авах шаардлага тулгардаг.

Өвсний үнэ, хүрэлцээ ямар байгааг сурвалжлахаар “22 товчоо”-г зорилоо. Өнгөрсөн жил товчооны хойно зарж байсан бол энэ жил,баруун аймаг руу салдаг тойргоос 500 метрт орших “Novel” авто зогсоолын хашаанд өвс тэжээл төвлөрчээ. Хадлангийн бүс нутагт ногоо муу гарсан учраас зарж буй өвсний нийлүүлэлт тааруу бас үнэтэй байна. Биднийг очиход өвс ачсан,зургаан машин байснаас нэг нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум руу өвсөө хүргэж өгөхөөр хөдөлж байлаа.

Өмнөх жилүүдийн энэ үед өвс зарж, авч буй иргэд “бужигнадаг” байж. Гэвч одоо аль аль нь цөөрчээ. Энэ үеэр өвс авахаар үнэ судалж буй Л.Цэрэндорж “Ноднин өвс 6500-8500 төгрөг байсан бол энэ жил 9000-11000 төгрөгт хүрлээ. Манайх жилдээ 1500 боодол өвс авдаг. 10 мянган төгрөгөөр бодоход л 15 сая болох нь. Бензин болон бусад барааны үнэ хямдарсан ч өвсний үнэ улам л нэмэгдээд байх юм. Үнэтэй байна гээд авахгүй малаа тураалтай биш, авч л таарна. Засгийн газар, холбогдох байгууллагууд зардал болон бусад зүйлийг нь нарийн судалгаатай тооцоолоод, үнэ тогтоочихвол хөөрөгдөл үүсэхгүйбайх болов уу” гэсэн юм.

Тэрбээр  “Өлзийт” хорооллоос энэ хүртэл өвс хайж яваа аж. Хадлан хийж байгаа газар нь үнэтэй болохоор зарагдах үнэ нэмэгддэг гэнэ. Ноднин газар дээрээ 3000-3500 төгрөг байсан бол энэ жил 5500-6000 төгрөг болжээ. Жолооч авсан өвсөө ахиулж зарж байж л түлшний мөнгө болон ашиг нь гарна. Ноднин Дорнодоос нэг боодол өвс ачихад 2800-3500 төгрөг байсан нь энэ жил нэмэгдээгүй. Харин ч машин их явж байгаа болохоор хямдруулсныг жолооч нар хэлж байлаа.Өмнө нь хадлангийн газар дээрээ өвс 3000 төгрөг байхад,ачааны зардлаа нэмээд 6000 төгрөгөөр ченжүүдэд өгөхөд, 1000-2000 төгрөг нэмж зардаг байж. Засгийн газар болон холбогдох байгууллагууд өвсний үнийг тогтоодоггүй болохоор хадланчид өөрсдөө дур мэдэн үнээ нэмдэг гэлээ. Жолооч нарын хувьд машины түлш, гэнэтийн саатал, өөрийн ашгийг тооцоолон 3500-5000 төгрөг нэмэн зарж буй нь энэ юм. Ирэх жилүүдэд цаанаас үнийг нь тогтоогоод өгчихмөөр байна гэдгийг бүгд онцолж байлаа.

 

ЖОЛООЧ НАР ӨВСӨӨ ИХЭВЧЛЭН БӨӨНӨӨР НЬ ЗАРДАГ

Жолооч Х.Нямсүрэн “Дорнодын Хөлөнбуйр сумаас 800 боодол өвстэй, үүрээр орж ирээд 12:00 цаг болоход нэгийг ч зарсангүй. Газар дээрээс нь 4500 төгрөгөөр авчээ. “Би 4500 төгрөгөөр авсан ч хурдан эргэе гээд 9000 төгрөгөөр өгнө. Амьдрах гэж явж байгаа учраас зардлаа нөхөхийг бодоод 4500 төгрөг л нэмсэн. 500 км явж ирэхэд түлш,замд дугуй хагарах зэрэг замын зардал, өөрийн ашгаа нэмээд л энэ. Ноднин өвөл 800 боодол өвс хоёр хоногт л дууссан. Хүмүүс үнэ асууж байгаа ч авахгүй юм. Энэ янзаараа хэд хонохыг мэдэхгүй” гэсэн юм. Өчигдөр орой 1000 боодол өвстэй ирсэн жолооч Өвөрхангайн Бүрд сум руу шууд хүргэхээр хөдлөх гэж байлаа. Эндээ 9500 төгрөгөөр зарах байсан ч цааш явах зардлаа нэмээд 11 мянган төгрөгөөр өгөх гэнэ. Өвсөө хадлангийн газраас нь 6000 төгрөгөөр авчээ. Замд долоо хоног зарцуулдаг ч нэг боодол өвснөөс 2000 төгрөг “унагадаг” аж. Энэ жил хадлан хийх газар ховор болохоор зарж буй газартаа 2-3 хоног дугаарлаж ачсан гэнэ.

Тэрбээр “Уг нь эндээ зогсож зарвал зүгээр. Хөдөө бөөнөөр нь авъя хүргээд өг гэхээр нь түлшнийхээ зардлыг нэмж 11 мянган төгрөгөөр өгөхөөр боллоо. 700 гаруй км явж ирчхээд дахиад 300 гаруй км явна гэдэг хэцүү. Газрын гарц муу байгаа Өвөрхангай, Баянхонгорынхон л авч байна. Бид зардлаа нөхөж, ашиг олохын тулд үнэ нэмж байгаа. Газар дээрээ үнэтэй байгаа болохоор хэрэглэгчдэд бүр үнэтэй хүрч байна. Сошиалд “Газар дээрээ хямдхан байхад жолооч нар л үнэ нэмээд байна” гэж бичээд байгаа. Албаны хүмүүс газар дээр нь очоод судлах хэрэгтэй байх” гэв. Энэ үеэр өвсний үнэ асуусан хүнд “зарахгүй” гэж хариулж байлаа. Хүмүүс эндээс цөөн тоогоор худалдан авахаас гадна хөдөө шууд гэртээ хүргүүлэх сонирхолтой байдаг аж. Баянхонгор аймгийн зарим сумын мал одоо тэжээлд орсон байгаа нь хүйтрэхээр өвс, тэжээл ямар эрэлттэй болохыгилтгэнэ.

Тэрбээр 1400 боодол өвстэй ирээд, одоогоор 300 боодлыг 10 мянган төгрөгөөр зарсан байна. Газар дээрээс нь мөн л
5000 төгрөгөөр авчээ. Энэ үеэр Архангай аймгийн хүн 40 боодол өвс авч, портер дээрээ ачиж байв. Тэрбээр өмнө нь нутгаасаа өвсөө бэлддэг байсан ч энэ жил газрын гарц тааруу болохоор эндээс авч буй гэнэ.

 “1000 БООДОЛ ӨВС АВАХ ГЭСЭН ЮМ”

Цааш явтал Дорнодын Дашбалбар сумаас өчигдөр ирсэн жолооч “Анхны үнэ бүх зүйлд нөлөөлдөг. Бид ачилтын тогтсон үнээрээ ачаад зарж, борлуулж байгаа. Эрх бүхий байгууллагаас өвсний үнэ тэдэн төгрөгөөс дээш гаргахгүй гэвэл үнэ хөөрөгдөхгүй л байх байсан” гэлээ. Тэрбээр 1400 боодол өвстэй ирээд, одоогоор 300 боодлыг 10 мянган төгрөгөөр зарсан байна. Газар дээрээс нь мөн л 5000 төгрөгөөр авчээ. Энэ үеэр Архангай аймгийн хүн 40 боодол өвс авч, портер дээрээ ачиж байв. Тэрбээр өмнө нь нутгаасаа өвсөө бэлддэг байсан ч энэ жил газрын гарц тааруу болохоор эндээс авч буй гэнэ.
Дараа нь мөн л тус аймгийн хүн “Манайх руу газрын гарц гайгүй л дээ. Гэхдээ хэрэг болно гэдэг үүднээс 1000 боодлыг авахаар үзэж л явна. Өвс үнэтэй, ховор байна” гэв.

Дорнодын жолооч Ц.Ганбаатар “Яг газар дээрээ ирэх шатахуун түлшний үнэ ороод 8700 төгрөг болж байгаа ч ашгийн 1300 төгрөгөө нэмээд 10 мянган төгрөгөөр зарж байна. Ирээд гурав хонож байгаа ч бөөнд нь өгнө гээд хүлээж байна. Хүмүүс ихэвчлэн цөөнөөр 20-50 боодлыг асуудаг. Нэг задлахаараа дуустал нь хүлээхээс өөр аргагүй. Бид ашиг гаргах гээд ихээр ачихаар цагдаа стандартаа зөрчлөө гээд торгоно. Тэгээд л оноогоо хасуулах зэргээр асуудал их” гэсэн юм. Худалдан авалт муу байгаа нь малчдын мал зарагдахгүй, үнэ муутай байгаагаас шалтгаалдаг. Малчдаас өвсөө малаар солилоо гэхэд мал нь эргээд “Эмээлт” дээр зарагддаггүй гэдгийг ч дурдав. Энэ үеэр нэг хүн зураг авч байлаа. Түүнийг хөдөө байдаг ах нь өвс үзүүлэхээр явуулжээ.

Тэрбээр жолооч дээр ирж “1000 боодол өвс авах гэсэн юм. Хэдээр өгөх вэ, хөдөө хүргэж өгөх үү, та ахтай яриадах уу” гэж утсаа өглөө. Жолооч “Өвсний үнэ эндээ 10 мянган төгрөг, хүргэх газраа үнээ тохирно. Дорноговь руу бол 12500 төгрөгөөр шууд буулгаж өгнө” гэж ярьж хүргэж өгөхөөр болов.

ӨВС ҮНЭТЭЙ БАЙГАА БОЛОХООР ЗУСЛАНГИЙН АЙЛУУДЫН ХАШААНЫ ӨВСИЙГ ХАДАЖ БАЙНА

Зуслангийн иргэд хашааныхаа өвсөө хадуулах бол Нийслэлийн Байгаль орчны газрын Зуслангийн товчооны дугаарт бүртгүүлж хашааны өвс хадах хүсэлт ирүүлсэн, нийслэлийн ногоон бүсийн малчидтай холбогдох боломжтой. Талууд харилцан тохиролцсоны дүнд үнэ төлбөргүй хашааны өвсийг хадаж, хадуулах ба эзэд аюулгүй байдлын үүднээс хуваарьт өдөр биечлэн хяналт тавьж, малчид хадсан өвсөө тухайн өдөрт нь зөөж тээвэрлэх шаардлага тавьж буй. Өвс үнэтэй энэ үед иргэд зуслангийн айлуудын хашааны өвсийг хадах нь аль аль талдаа эдийн засгаа хэмнэсэн чухал ажил болж байна. Өвсний үнийг Засгийн газар болон холбогдох байгууллагууд нарийн тооцоо судалгаатайгаар тогтоомоор байна. Хэдий хадлан авч буй хүний хөдөлмөрийн хөлс, ачиж буй жолоочийн зардал зэрэг нэмэгдэж байгаа ч энэ янзаараа байвал удахгүй 20 мянган төгрөг хүрэх нь ээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН