Ардчилсан намынхан УИХ-ын сонгуульд ялагдсан шокноосоо гарч амжаагүй байтал орон нутгийн сонгууль залгасан. Энэ байдал нь намын нэрээ парламентын гишүүн байсан зарим хүнд ихэд хүнд тусч байгаа бололтой. Хууччуул нь ялагдалтайгаа эвлэрч чадахгүй “ангарайтаж”, залуус нь “ах нарын буруу” хэмээн намын даргаа хүртэл хөөж явуулсан ч өөдлөн, дэвжих юу ч өөрчлөгдөөгүй.

Харин ч бүр эсрэгээрээ Ардчилсан намд албан тушаалын хэнээтнүүд үлдсэнийг л бататгаж өгсөн. Гэхдээ тэдгээр албан тушаалын хэнээтнүүд мөнгөгүй учраас том дуугарч, нам доторх эрх мэдлээ гарч авч чадахгүй байсан хэрэг.

Тэгвэл одоо тэд буюу Ардчилсан намынхан том дуугарах боломжтой болж. Ядаж л үйл ажиллагаа явуулахын тулд түр ч атугай толгой хоргодох байртай болсон нь УИХ-ын гишүүн асан, ШИНЭН-ын Л.Болд. Яах вэ, Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг сэтэртэй яваа. Гэхдээ мань хүний цаад санаа нь АН-ыг өөрийн болгох бодлого.

Орон нутгийн сонгуульд Ерөнхийлөгч Х.Баттулга ихээхэн хүч хаяж байгаа нь ирэх жил өөрөө Ардчилсан намаас нэр дэвших эрхээ сугавчилж буй хэрэг. Харин түүний зөвлөх гэгдэж буй Л.Болд энэ намыг байр, саваар хангаж, бас ч үгүй орон нутгийн тэр дундаа НИТХ-ын сонгуулийг санхүүжүүлж, чадамжгүй зарим газар хүн хүчээ илгээж байгаа нь Ерөнхийлөгчтэй хийсэн тохироо нь ил болж буй явдал.

Тодруулбал, энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ардчилсан намыг ялалтад хүргэвэл Х.Баттулга ирэх жил сонгуульд өрсөлдөнө, намын гишүүд нь зөвшөөрсөн эсэхээс үл хамаарч Л.Болд Ардчилсан намын дарга болно.

Үүнийг гадарлаж, нэгэнт хөрөнгө мөнгөтэй хүмүүс намынх нь дотоод ажилд хутгалдаж, бүр сонгуулийн ПИАР-ыг нь эхлүүлж, өөрсдийн мэдлийн оффистоо удирдлагын баг бүрдүүлэн нүүлгэсэн зэрэг нь АН-ын зарим нөхөрт таалагдахгүй байгаа бололтой.

Тухайлбал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин цахим хуудсандаа “Л.Болд, Ж.Батзандан хэний даалгавраар, хэний мөнгөөр АН-ыг хагалж, Хүрэлсүхийг дэмжиж, АН-ын олон мянган гишүүдийг гудамд байх хүртэл, үзэл итгэлгүй болтол нь харлуулсан юм болоо! Хэний гар хөл байв, хэн ингэж хүсэв!” хэмээжээ.

Хэрвээ үнэхээр АН-ын урдаа барьдаг гишүүдийн нэг Х.Тэмүүжин үнэхээр итгэл, үнэмшил, нам нь бутран унаж буйд дургүйцэж, харамсаж байгаа бол өөрсдөө бодлогоо тодорхойлоод улстөрийн тавцанд сөрөг хүчин байх боломж хангалттай байсан. Харамсалтай нь Ардчилсан намын лидер гэгдэж явсан нөхөд парламентын суудалгүй л бол өөрсдөө хэн ч биш төдийгүй нам нь ч хэнд ч хэрэггүй гэсэн байр сууринаас хандаж ирсэн нь ийн бусдын “хоол” болоход хүргэж буй биз ээ.

Юутай ч Ардчилсан намын албан тушаалд горилогчид УИХ-ын сонгуульд унасан алдаагаа ухамсарлах ёстой атал “урваж, хөрвөсөн” нөхдөөсөө айж суусаар намаа хөрөнгө, мөнгө ихтэй хүмүүст алдаж буй нь илэрхий боллоо. Товчхондоо, Ардчилсан нам хөрөнгө ихтэй хүмүүст улстөрд орох орон зай бүрдүүлэгч л болж үлдэх нь дээ.

шуурхай.мн