З. Урсгал

Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үед Г.Мөнхцэцэг гишүүн, “Бид өмнө нь 200 мянган үгээр ярьдаг байсан бол одоо сошиалын 20-хон үг дотор эргэлдэж байна. Монголчууд бид бичгийн асар их соёлтой ард түмэн.

Монгол хэл дэлхийд мөхөж байгаа таван хэлний нэгд нь багтаж байна. Иймээс Эх хэлний тухай хуульд шинэчлэл хийх шаардлагатай байна” гэж “айлдсан”. Айлдсан хэмээхийн учир, Их хурлын эрхэм гишүүн, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Монголын яруу найргийн нэгэн үеийн төлөөлөл ийм хариуцлагагүй мугуйд тайлбар хийсэнд эгдүүцснийх...

Бодит мэдээлэл, баримтат судалгаагаар, өнөөдөр дэлхйи дээр монгол хэлээр 10 гаруй сая хүн ярилцаж байгаагийн зургаан сая орчим нь идэвхтэй хэрэглэгч. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Үндсэн хуулийн наймдугаар зүйлд “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн.” гэж заасан. Тэгэхээр эрхэм түшээгийн хэлсэнчлэн монгол хэл мөхөж байгаа таван хэлний нэгд багтсан бол Монгол Улсын бүрэн эрхт байдлыг баталгаажуулсан хуулийн үзэл санаанд аюул учрахуйц үйлдэл бидэнд тулгарсан гэж ойлгогдож байна.

Нөгөөтэйгүүр, Монгол Улс тусгаар тогтнол, хүн ам, хил хязгаар, хэл соёл зан заншлаа баталгаажуулсан төрт ёстой бие даасан улсын хувьд 1961 онд НҮБ-д элсэн орсон. Өнөөдөр НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО манайд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төдийгүй, Монгол Улс соёлын өвийг хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилгоор соёлын холбогдол бүхий ЮНЕСКО-ийн таван конвенцод нэгдэн орчихоод буй. 

Эдгээр конвенцын хүрээнд олон улсын дэмжлэг тусламжийг авч ЮНЕСКО-ийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж нээгдсэн гэсэн үг шүү дээ. Үүнийг дурдсаны учир нь УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн хэлсэн нөхцөл байдал үүссэн тохиолдолд монголчуудад дэлхийн хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах боломж бидэнд бийг сануулах гэснийх. 

Дэлхийн хэл бичгийн соёлын түүхийн хуудас сөхвөөс, монгол хэлний өв соёл нь хэлний дархлааны манаачийн үүрэг гүйцэтгэдэг нь тов тодорхой харагддаг. Тухайлбал, монгол хэлний түүхэнд 14 төрлийн бичиг зохиогдон хэрэглэгдсэн нь бичигдэн үлдсэнийг архив ороод үзчих боломж өдгөө хэнд ч бий. Тэгэхээр, овгийн байгууллын үеийн “Санаа бичиг” эхлээд “Өвөг Монгол бичиг”, “Хүннү бичиг”, “Кидан бичиг”, “Монгол бичиг” болон өдгөө бидний хэрэглэж буй “Кирилл бичиг”-үүд нь үндэсний монгол үсэг бичгийн горим тогтоосон гэж үзэж болно. 

Энэ бичгүүдээр бидэнд уламжлагдан ирсэн олон тооны хэл, соёлын хэрэглэгдэхүүн болох түүх, уран зохиол, шинжлэх ухааны бүтээлүүдийн үнэлж баршгүй өв сан бас бий. Түүнчлэн монгол хэлний дөрвөн гол аялгуу болох халх, ойрад, буриад, өвөрлөгчдийн аман аялгуу бусад салбар аман аялгуунд хэлний хөгжлийн явцад өөрчлөлтүүд орж байгаа боловч авиа зүй, хэл зүй, үгсийн сангийн үндсэн бүтцээ хадгалсаар ирснийг энэ ташрамд эрхэм гишүүнд дуулгая. Ер нь аливаа хэл гадаад, дотоод нөөцөөрөө дамжин баяжигдаж байдаг. Өөрөөр хэлбэл, шинэ үгс үүснэ гэсэн үг. 

Хэлэнд орж ирэх гадаад үгсийн зохистой харьцааг барих нь мэдээж маш чухал. Ахуйн хэрэглээ, шинжлэх ухааны дэвшил хөгжил зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр гадаад үгс орж ирэн, нутагшиж байгааг эх хэлээ мөхөж буйтай эндүүрч ойлгож яавч таарахгүй.Хэл шинжлэлийн ухааны доктор /Ph.d/ Ц.Мөнхтуяатай холбогдож, Монгол хэлний өнөөгийн хөгжлийн талаар тодруулахад, тэрбээр, “Өнөөдөр дэлхийн хүн ам 6000 хэлээр ярилцаж, харилцаж байна.

Устах аюулд ороод байгаа хэл, эсвэл устаж үгүй болох хэл гэдэг нь тухайн хэлээр ярилцдаг хүмүүс нь цөөрч, үгүй болох эсвэл өөр хэлээр харилцдаг болсны улмаас (өөр хэлтэй хэлт үндэстэнтэй нэгдэн тухайн хэл шинэ хэлэнд уусаж алга болох) төрөлх хэлээр ярилцахгүй болохыг “устаж буй хэл” гэдэг. Тухайн хэлээр ярьж байгаа хүн ам 3000-40000 байвал хэл устах аюулд ордог. Хэрэв хэн ч тухайн хэлээр ярьж чадахгүй бол "устсан хэл" гэдэг. Аливаа хэлэнд харь үйл үг ихээр орж ирэх нь эх хэл устаж үгүй болох бодит нөхцөл болдог гэж дүгнэдэг. 

“ЮНЕСКО”-гийн конвенцын хүрээнд олон улсын дэмжлэг тусламжийг авч ЮНЕСКО-ийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж нээгдсэн гэсэн үг шүү дээ. Үүнийг дурдсаны учир нь УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн хэлсэн нөхцөл байдал үүссэн тохиолдолд монголчуудад дэлхийн хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах боломж бидэнд бийг сануулах гэснийх.

Гэхдээ үүний өмнө тухайн гаднын соёл ард түмэнд нь нийтээр хүрч, хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Үүнд газарзүй, эдийн засаг, түүх гээд маш олон хүчин зүйл нөлөөлдөг.НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО нь 1700 гаруй хэлийг устах аюултай гэсэн ангилалд оруулсан байна. Устах аюулд ороод буй хэлийг харилцагчаас нь хамаарч дараах ангиллаар {https://www.theguardian.com/news/datablog/2011/apr/15/lan-guage-extinct-endangered} гарган үзүүлсэн байна.

• Хэврэг буюу эмзэг хэл

• Устах аюулд орж буй хэл

• Устаж буй хэл

• Устсан хэл

Дэлхий дахинд устаж үгүй болох хамгийн өндөр аюулд ороод байгаа 8 хэлийг {https://www.mentalfloss.com/arti-cle/50468/8-endangered-lan-guages-could-soon-disap-pear}-д гаргажээ. 

Тодруулбал, 

1. Ирландын Гаел хэл. Өнөөдрийн байдлаар энэ хэлээр 40.000 хүрэхгүй хүн ярьдаг.

2. Украины Крымийн татар хэл

3. Уугуул америкчуудын оканаган хэл

4. Циша хэл

5. Японы уугуул иргэдийн ану хэл

6. Рапа ниу хэл

7. Яаган хэл

8. Сами хэл” гэжээ.

Тэгэхээр эрхэм гишүүн маань, монгол хэлээ дэлхийн мөхөж буй таван хэлний нэгд орсон талаар ямар баримтад үндэслэн хэлснээ нийт монголчууддаа тайлбарлах ёстой. Монгол Улсын иргэдэд бус, дэлхийн энгээр тарсан нийт монголчуудад шүү.

Ташрамд тэмдэглэхэд, “Өнгөрсөн парламентаар Монгол хэлний тухай хуулийг баталсан, удахгүй хэрэгжиж эхэлнэ” гэж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хэлсэн ч хууль legalinfo.mn сайтад лав байхгүй байна лээ. Гагцхүү 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хэрэгжиж, хүчин төгөлдөр байгаа Монгол хэлний тухай хууль байх. Уг хуулийн тавдугаар зүйлийн 5.1.-д зааснаар “Монгол хэл нь Монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа мөн.” билээ.Сонордуулахад, 2020 оны арваннэгдүгээр сард Японы парламентын ордонд “Монгол эх хэлийг хамгаалъя” олон улсын хурал болсон. 

Мэдээж хөндсөн сэдэв, хэлэлцсэн асуудал нь өмнөд хөршид Өвөрмонголчуудын эх хэл, босоо бичгийг хавчихын эсрэг агуулгатай байсан. Атал Төрийн ордонд, төрийн түшээ нь эх хэлээ устгаж буй хэмээн хэлж буй нь харамсалтай, ичмээр явдал биш гэж үү. Тэгээд ч монгол хэл бол эрт дээр Хүннүгийн үеэс эхэлж байсан, хамгийн олон жил оршсон хэлний нэг. Түүнээс хойш XIII зуунд Чингис хааны ачаар монгол хэл бол дэлхий нийтийн хэл болсон. Их Монгол улс мөхсөний дараа ч XIX зууны сүүл үе хүртэл монгол хэл бол төв Азийн дипломат хэл байсан. 

XIX зууны төгсгөл хүртэл Манж Чин гүрний элч төлөөлөгчид Энэтхэг, Пакистан, Турк зэрэг улсад зорчихдоо төрийн хэргийг монгол хэлээр хэлэлцдэг байсан гэх Японы монголч эрдэмтний үгийг давхар дайя.Эцэст нь, “Монгол хэлний их тайлбар толь” апликэйшнийг 100-гаас олон мянган хүн утсан дээрээ татчихсан хэрэглэж байгааг дуулгая. Нөгөөтэйгүүр, урсгал ус тунгалаг байдаг. Харин тогтоол ус өмхийрдөг. Яг үүнтэй адил хэл бол үргэлж хөдөлж, хувьсдаг зүй тогтолтой. 

Буддын шашин ид дэлгэрэх үед төвд хэл, Нийгэм журам байгуулах гэж “хийрхэж” явах үед орос хэл, чөлөөт нийгмийн энэ цаг үед англи хэл хүчтэй нөлөөлж байгаа нь үнэн. Аливаа зүйл хэмжээ хязгаараасаа давах л аюултай байдаг. Харь хэлний үгийг монгол хэлэнд тодорхой хэмжээнд оруулж болно. Харин харь хэлийг дагаад монгол хүний сэтгэлгээ өөрчлөгдөж эхэлбэл хэцүү шүү гэсэн мэргэжилтний үгээр бичвэрээ өндөрлөе. Эх хэлний тухай эрхэм гишүүний үг ямар ч баримт нотолгоогүй санагдсан. УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэх зүйл заалт байдаг ч энэ удаад Г.Мөнхцэцэг гишүүн монголчуудаас уучлалт гуйх ёстой...

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН