Нийслэлийн Засаг даргын захирамжаар, нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний хооронд зохион байгуулж байна.  Нийслэлийн хэмжээнд үзлэгт татварт хамрагдвал зохих 430,223 тээврийн хэрэгсэл, механизм байгаагаас 2014 оны 03 сарын 20-ны өдрөөс хойш 40 хоногийн хугацаанд  үзлэгт орсон 44,708 тээврийн хэрэгсэл байгааг Нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг  иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр дүүргүүдийн татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан зохион байгуулж байгаа юм.  Дүүргийн оношилгооны төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээ ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажилалж байгаа бөгөөд амралтын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд ажиллаж байна. 

Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 2014 оны 06 дугаар сарын 10–наас эхлэн 06 дугаар сарын 24 ны хоороон зохион байгуулна. Энэ өдрүүдээс хойш татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг  замын хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг анхаарна уу.