Б.БАЯРАА

Сүүлийн үед баялаг бүтээгч, татвар төлөгч болон хөдөлмөр эрхлэгчдийг анзаарах нь ээ айлын хатавчинд ад үзэгдэн суугаа шоовдор хүүхэд шиг санагдах боллоо. Харин хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолгүй хавтгайрсан халамжид хөлбөрч байгаа хэсэг нь хэлээ хазан хойморт тухлах эрх хүүхдийг санагдуулам байна.

Хууль тогтоогчид татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг атлаа тэдэнд дэндүү хатуурхаж байгааг хэдхэн жишээгээр тайлбарлая. Бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс нөхөн татварын акт, торгууль, алданги, хүүгийн төлбөрт унаж үзээгүй нь ховор байх. Гэтэл татвар төлөгч тухайн татварын актыг үндэслэлгүй гэж үзэн маргах гэхээр өөдөөс 10 хувийн дэнчин нэхээд халгаахаа больжээ. Хэзээ байтлаа хүлээн зөвшөөрөхгүй татварын төлбөрийн зарим хэсгийг төлж байж шүүхэд гомдол гаргах эрхээ нээлгэдэг болчихов.

Татварын ерөнхий хуульд зааснаар яалт ч үгүй хүлээн зөвшөөрөхгүй дүнгийнхээ 10 хувийг урьдчилан төлж байж гомдол гаргах эрх нээгдэхээр байна. Энэ бол иргэн, аж ахуйн нэгжийн Үндсэн хуулиар олгогдсон зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг илэрхий, ноцтой зөрчсөн хууль гэж үзэхээс аргагүй юм. Өөрөөр хэлбэл, татварын актыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргахаар бол эхлээд харьяалах маргаан таслах зөвлөлд гомдол гаргана, харин маргаан таслах зөвлөлөөс “10 хувиа төлж байж гомдол гаргах эрхээ эдэл” гэж гацаадаг болсоор багагүй хугацаа өнгөрөв. Татвар төлөгчид тухайн татварыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгааг мэдсээр байж хүчээр төлж байж маргаж болно гээд амыг нь таглаад байна гэсэн үг. Татвар төлөгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэй татварын байгууллага тэдний гомдол гаргах эрхийг эдийн засгийн аргаар хязгаарлачихжээ. Үндэслэлгүй татварын төлбөр тавигдсан байлаа ч ихэнх татвар төлөгч татварын төлбөрийн 10 хувийг төлөх санхүүгийн боломжгүйгээс маргаан хийж чадахгүйд хүрч татварын өрөнд унаж байна. Энэ бол татвар төлөгчдөд хууль тогтоогчдын хатуурхсан эхний жишээ юм. Татвар төлөгчдийн зовлон үүгээр дуусахгүй.

 Татварын нөхөн ногдуулалтын актаар зөвхөн үндсэн татвар төдийгүй хүү, торгууль, алданги гээд санхүүгийн нэмэлт дарамт үүснэ. Татварын өр төлбөр үүсэхээс гадна нэмээд Зөрчлийн хэрэг үүснэ, цаашлаад Эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгуулна, ял шийтгүүлнэ гэх мэт давхардуулсан хариуцлага ар араасаа хөвөрнө. Тэр ч бүү хэл Эрүүгийн хууль дотор Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг ганцааранг нь ялган авч хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зориуд уртасгасан байна. Хаана байна тэр тэгш байдал, шударга ёсны зарчим. Хүн амины хэрэг, албан тушаалын хэрэгтэй харьцуулахад татвар төлөхөөс санаатай, санамсаргүй зайлсхийсэн гэх хэрэг тэгтлээ нийгэмд аюултай хатуурхахаас аргагүй хэрэг мөн гэж үү.

Эрүүгийн хуульд заасан бүх төрлийн гэмт хэргийг хүнд, хөнгөнөөр ангилан хөөн хэлэлцэх хугацаа тоолдог бол ганц татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэг өрсөлдөгчгүй торойтол удаан хугацаанд шалгагдаж ял шийтгүүлэх хуультай. Баялаг бүтээгчид, татвар төлөгчид дандаа ачааны хүндийг үүрэх атлаа хариуцлагын хатууг хүлээгээд байгаа нь зөв үү. Татвар төлснийхөө төлөө, хөдөлмөрлөсний төлөө, магадгүй санхүүгийн тайлангаа алдсаны төлөө эдийн засгийн, эрүүгийн , зөрчлийн хариуцлага хөвөрч байгаа нь хэр зохистой вэ. Түүнчлэн Өршөөлийн хууль гарах бүрд татвар төлсний хохь болоод хуулиар олгосон боломжуудыг эдлүүлэхгүй үлдээчихдэг болсоор удаж байна. 

Татвараа төлөөгүй нь зол болж өршөөгдөөд байхаар яваандаа хэний ч татвараа сайн дураар, шударгаар төлөх хүсэл, эрмэлзэл унтрах нь аргагүй юм. Татвараа төлөөгүйг өршөөж болдог юм гэхэд нөгөө талд нь тэгшитгээд татвараа сайн дураар сайн төлөөд явдаг баялаг бүтээгчдэдээ ганц удаа дорвитой урамшуулал үзүүлж болно доо.Ер нь сүүлийн үед баялаг бүтээгчдэдээ төр засаг арай хатуурхаж, алагчлаад байгаа нь анзаарагдаад байгаа. Хүслээрээ аваагүй хүчээр зээл өгчихсөн аятай зээлээ төлөөгүй санхүүгийн сахилга батгүй муу зээлдэгчдийн түүхийг цайруулчихлаа. Энэ бол цаг үргэлж хүрэлцээгүй байдаг зээлийн эх үүсвэрийн төлөөх өрсөлдөөнд хариуцлагатай сайн зээлдэгч, хариуцлагагүй муу зээлдэгч нарыг тэгшитгээд нэг гараанаас эхлүүлж байна гэсэн үг. Хөдөлмөрлөх хүсэлгүй эсхүл хариуцлагагүй зээлдэгч нарыг хугацаандаа зээлээ төлдөг баялаг бүтээгч бизнес эрхлэгч нартай хүчээр зэрэгцүүлж байгаа нь шударга өрсөлдөөний зарчимд нийцэх үү. Ад болж алаг үзэгдсэн татвар төлөгчид үгүй бол хэн төсвийг бүрдүүлж, хэн төрийн албан хаагчийн цалинг өгөх вэ. 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН