Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, "ТВ-9" телевизийн Ерөнхий Захирал Т.Баасансүрэнгийн бичсэн "Бөмбөрцөг бөөрөнхий" нэртэй, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан таван эрхэмийн тухай эргэцүүлэл хөргийг цувралаар хүргэж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгын тухай хэсгийг энд дарж, Ерөнхийлөгч асан П.Очирбатын тухай хэсгийг энд дарж уншина уу!

Хийгүй Ерөнхийлөгч Н.Багабанди

 

Хээгүй Ерөнхийлөгч Монгол Улсыг бар болгох гэж зориод барсангүй. Баар улс болгон хувиргалаа гэсэн шүүмж дагуулав. Хээгүйг хийгүйгээр солих нийгмийн хэрэгцээ шаардлага аяндаа буй болов. Үүнийг гүйцэлдүүлэх үүрэг МАХН, түүний Ерөнхий нарийн бичгийн дарга Намбарын Энхбаярт оногдов. Тэгэхэд би тус намын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байлаа. Сонгуулийг удирдан зохион байгуулах төв штабын нарийн бичгийн даргаар тохоон томилогдов. Төв штабынханд сонгуулийн кампанит ажлын талаар цуврал лекц сонсгох шаардлага гарлаа. Тийм сэдвийн нэгийг доктор Ч.Даваадашид санал болгож урив. Тэр бол Намын Төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгчээр ажиллаж байсан нэгэн. Толгойтой. Номтой хүн. 

Баахан үзүүлэн бэлтгэж иржээ. Хариуцлагатай хандсаны нотолгоо. Штабынханд бүтэн хоёр цаг онол уншлаа. Ишлэл татаж байгаад л итгэл төрүүлэхүйцээр ярив. Лекцээ дуусгаад олон цаасаа эмхэлж хумьж авангаа та нар дайчин давшингуй ажиллах хэрэгтэй. Хээгүйг ялж ядах юу байсан юм. Нэр хүнд нь нийгэмд навс унаж байна ш дээ. Тэрний хажууд манай намаас нэр дэвшигч Багабанди чинь хийгүй эр шүү дээ гэв. Хийгүй гэсэн энэ ганц үг тархи руу гадас шиг шигдэн орж байна. 

 

МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Нацагийн Багабандийг хээгүй Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбаттай харьцуулах юм бол үнэхээр хийгүй гэж хэлж тодотгож болох нэгэн байлаа.

 

Тэр МАХН-ын анхны даргаар сонгогдоод ажиллаж байсан цаг үе. МАХН парламентад цөөнх болж дөрвөн жил УИХ дахь намын бүлгийн ахлагчаар үр бүтээлтэй ажиллаж хамт олныхоо лидерээр тодроод байсан он жилүүд. Нэр дэвшигчийн нээлтэд зориулсан намын гишүүд, дэмжигчдийн цуглааныг МҮЭ-ийн соёлын төв ордонд зохион байгуулсан юм. Суудал дүүрээд шалан дээр хүмүүс багтаж ядан суусан байж билээ.  Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр хоёр тайзан дээр хөтлөлцөн гарч ирэв. Ерөнхий нарийн бичгийн дарга үгээ хэллээ. Энэ үгнээс их зүйл хамаарах байв. Тийм болохоор төв штабынхан хэр чадлаараа чармайн бэлтгэсэн билээ. “Хээгүй Ерөнхийлөгчийг хийгүй Ерөнхийлөгчөөр сольж өөрчлөх түүхэн хариуцлагатай цаг үеийн өмнө Монгол Улс тулж ирлээ. МАХН хийгүй Ерөнхийлөгч Нацагийн Багабандийг монголын ард түмэнд санал болгож байна” гэж Намбарын Энхбаярыг хэлэхэд аадар бороо асгарах адил алга нижигнүүлэв. Бүгд суудлаасаа босчээ. Орлилдон бүр чарлалдаж байв. Үгэн сум байгаа яг онож туссан байлаа. 

 

Хийгүй гэсэн ганцхан үг Нацагийн Багабандийн имиж болж хувирав. Үүнээс өөрөөр түүнийг тодотгож тодорхойлохын аргагүй харагдаж байлаа. Урьд нь хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод Их хурлыг даргалчихсан болохоор лут туршлагажжээ. Хазгай гишгэнэ гэж ер үгүй. Халширч шантарч ухарна гэж байхгүй. Зөвхөн урагшаа хошуучлан зүтгэнэ. Ярьж хэлж байгаа нь унацтай. Чихэнд наалдацтай. Итгэл үнэмшилтэй. Ард олноо араасаа дагуулж чадаж байлаа. Нэр дэвшигч ийм байна гэдэг төв штабынханд бөөн олз. Тийм болохоор хамтарч ажиллахад урамтай. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө би хэсэг нөхдийн хамт төв зах дээр очиж түүний зурагтай халаасны календарь тараав. Хэдэн зуу, мянгаар нь. Хүмүүс булаалдан авч байлаа. Хийгүй Ерөнхийлөгчийнхөө зургийг гэртээ тавина гэж нэг авгай урамтай нь аргагүй хэлэв. Хээгүйгээ хийгүйгээр солих цаг болсоон гэж хижээлдүү насны эр итгэлтэйгээр өгүүлэв. Эндээс бид манай нэр дэвшигч гарцаагүй ялах юм байна гэдэгт бүр ч итгэж билээ. Тэр ёсоор болж Нацагийн Багабанди Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

 

Түүнийг би нилээд эртээс мэддэг байлаа. Эрхүү хотноо Улсын Их Сургуулийн дэргэдэх орос хэлний бэлтгэл ангид нэг жил хамт суралцсан юм. Оюутан цагийн анд нөхөд гэж хэлж болно. Сүүлд үзэл суртлын салбарт хамтарч ажилласан нь бас бий. Хожим МАХН-ыг мандаж биш гундаж явахад нь тэмцлийн нэг шугаман дээр байлцжээ. Би зохиолч, сэтгүүлч хүн. Эрин цаг үеэ магтан дуулдаг, бас шилбүүрдэн шүүмжилдэг. Энэ бол миний мэргэжлийн өвөрмөц онцлог. Түүндээ эдүгээ ч үнэнч яваа. Би зарим танилдаа бичсэн номоо дурсгахдаа “Манай үеийнхнээс Монгол Улсын сансрын нисгэгч Майдаржавын Ганзориг, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди төрж гарсан юм. Үүгээрээ бид бахархахгүй юм бол өөр юугаараа бахархах билээ” гэж бичиж өгөх дуртай. Бид нэгэн оны цэргүүд болохоор тэр. 

Багабанди тун чамбай, бас нямбай. УИХ-ын даргаар, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан арван зургаан жилийн түүхэн замнал нь үүнийг гэрчилнэ. Гадаад Яамны олон улсын харилцааны мэргэжилтнүүд, орос болоод англи хэлний мэргэжлийн орчуулагч нэг биш хүн надад түүнийг их логиктой ярьдаг, орчуулахад урамтай. Бас яриа хөөрөөг амьдралын бодит жишээ баримтаар, ялангуяа зүйр цэцэн үг, утга зохиолын уран хэл хэллэгээр баяжуулж чаддаг гэцгээж билээ. Намайг Польш улсад Элчин сайдаар ажиллаж, Украин болоод Балтын гурван оронд хавсран сууж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди Литва, Эстони, Латви улсад албан ёсны айлчлал хийсэн юм. Элчин сайдын яам, Элчин сайд өөрөө биечлэн бэлтгэлийг хангах нь ойлгомжтой шүү дээ. Ерөнхийлөгчийн айлчлалд ашиглах, яриа хэлэлцээнд нь санаа авахуулах зүйлсийг бид урьдчилж бэлтгэн илгээгээд сүүлд нь айлчлалын явц дахь Ерөнхийлөгчийн яриа хэлэлцээ, уулзалтын явцаас анзаарч ажиглахад далаас наян хувийг нь чадамгай ашиглаж байж билээ. Энэ бол мэргэжилтнүүдийн үг яриа, үндэслэлд тэрбээр баттай тулгуурлаж чадаж буйн баталгаа. Улсын Ерөнхийлөгч хүний амнаас нэг ширхэг сул үг унагадаггүйн тод жишээ, холбогдох материал, мэдээ мэдээлэлтэй туйлын нягт нямбай ажиллаж сурсны баримт мөн гэлтэй. Хийгүй хэмээх өнөөх алдарт тодотголын бодит илэрхийлэл лавтайяа мөн.

 

Багабандийг яасан их магтах юм бэ гэж уншигчдын зарим нь надад дургүйцэж болно. Өөлбөл түүнд гажиг согог байлгүй яахав. Эв эрүүл энхийн цагаан тагтаа хараахан биш. Ерөнхийдөө зожигдуу талдаа. Хүн бүртэй хэлхэлдээд, сүжирхээд сүүлэрхээд явахгүй. Хэрэгтэй хүнтэйгээ л найзлана, нөхөрлөнө.

 

Эрхэлж хашиж ирсэн алба тушаал нь ийм болгоход нөлөөлсөн буй заа гэж бодном. Яхир бас хахир гэж нэмж хэлье. Юм бүгдэд тооцоо судалгаатай хандана. Ийм хүнийг дотроо бодолтой, дороо суурьтай гэж монголчууд хэлдэг дээ. Муу нь ч юу байх билээ. Зах зээлийн эдийн засгийн харилцаа, капитиализм чинь өөрөө тэр чигээрээ тооцоо судалгаа, толгойн өвчин мөн шүү дээ. Социализмын үеийн “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн зарчим энд үйлчлэхгүй. Түүнийг бүрмөсөн мартах хэрэгтэй. Энэ мэт жижиг сажиг зүйлд нь эвгүйцэж дургүйцэж эмзгэлдэг юмуу яадаг юм бүү мэд түүний төрсөн нутгийнхан буюу Завхан аймгийн Яруу сумынхан Багабандид сэтгүүлч Цэнддоогоос ч бага санал өгч байсан удаатай. МАХН-ыг хоёр хувааж хүчгүйдүүлэхэд идэвхтэй оролцсон гэж зарим нэг нь Багабандийг шүүмжилдэг. Ингэж хэлж ил тодоор Энхбаяр, Багабанди хоёрыг “Өдрийн сонин”-д нэр зааж шүүмжилсэн хүн гэвэл зохиолч сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн Л.Одончимэдээс эхлээд нэг биш бий. Уг нь тэр хоёр /Н.Багабанди, Н.Энхбаяр/ монголын улстөрийн тайзан дээр гар гараасаа барилцан хөтлөлцөж гарч ирсэн хоёр юм шүү дээ. Ямар хар муур дундуур нь гүйж, чөтгөр шулам нь шүглэчихээр эмээлийн бүүрэг шиг хоёр тийшээ хараад суучихдаг юм бүү мэд.

 

Харин би хувьдаа түүнийг Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлд орж ажилласныг нь ердөө ч таашаадаггүй. Очиж очиж Оюутолгой шүү. Очоод очоод ашиг орлогоо дээшлүүлж дэвжүүлж чадахгүйгээс хойш. Ард түмэн ажиглан хүлээж байгаа шүү дээ.  Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа улиран сонгогдож Монголын түүхэнд нэрээ мөнхөлж үлдээсэн тийм том хүн тэгтлээ доошилж, бас халтирч яасан ч болохгүй байсан юм. Сү.Батболд хэмээх олигархи хэнээтний олиггүй мэхэнд унаж урхинд нь углагдчихвуу л гэж дотроо хардаж бас харамсдаг. Хийгүй хэмээх энэ хүнээс хэзээ ч гарамгүй алдаатай алхам. Ингэхийг нь хараад “Багабанди бага хүн биш” гэсэн гарчигтай нийтлэлийг ерээд оны дундуур бичиж байснаа эргэж санан ичих шиг болсон шүү. Бага л хүн байж дээ гэж бодогдчих гээд болохгүй байгаа юм. “Титэм” хэмээх номынх нь гол агуулгатай ч илт зөрчилдсөн гэлтэй. TV-5 телевизээр өдөр бүрийн оройн “Цаг” мэдээллийн хөтөлбөрийн өмнө Далай ламтны алтан сургаал адил ишлэн уншдаг тэр номыг ер нь уншигч та нэг удаа ч болохноо гүйлгээд харчихад гэмгүй шүү. Хийгүй Ерөнхийлөгчийн хийгүй үгс дурайтал бичээстэй байгаа. 

 

Сүүлийн жилүүдэд бид уулзалдаж тааралдах нь бүр цөөрчээ. “Балдорж сан”-гаас жилд нэг удаа зохион байгуулдаг арга хэмжээн дээр л хааяа тааралдах юм. Балдорж, Багабанди хоёр бол үй зайгүй андууд. Нийгмийн Ухааны Академид хамт суралцаж байсан хоёр. Ц.Балдоржийг бурхан болоход Багабанди шиг гашуудаж харамссан нь тун цөөхөн биз. Асгартал уйлж байгаад сэтгэлийн  үгээ хэлж байсан нь санаанд тодхон үлджээ. Үерхэж нөхөрлөж үг хэлдэг нь цөөрөөд ирэхээр хүн алдах, онох нь ихэсдэг ч байж болох юм. Багабанди бол бусдын хэлсэн хэрэгтэй үгийг шүүрээд л авдаг хүн. Ерөнхийлөгч болсныхоо дараахан билүү дээ, хэзээ ч билээ он сарыг мартжээ, Багабанди эхнэрээ дагуулаад алтны уурхай дээр очдог болжээ гэсэн эвгүй мэдээлэл чих дэлсэв. Намын Удирдах зөвлөлийн хурал дээр би тэсэлгүй түүнийг шүүмжиллээ. Авгайгаа гадаадад айлчлахдаа л дагуулж явдаг юм байгаа биз дээ. Ганц удаа аймаг, орон нутагт хамт авч явсан гэж би сонсоогүй юм байна. Тэгсэн атлаа “Эрэл”-ийн Эрдэнэбат дээр авгайтайгаа очдогийн учир юу билээ. Хүмүүс үүнийг чинь буруугаар ойлгоно. Үтэр түргэн болиулах хэрэгтэй. Намайг ингэж хэлж байна гэж цаадахдаа хэл. Энэ бол Тамгын газрынх нь дарга чиний нэг үндсэн үүрэг мөн гэж би Санжийн Баярт хатуухан үг хаяж билээ. С.Баяр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан юм. Бас Намын Удирдах Зөвлөлийн гишүүн.

Ахиж Н.Багабанди авгайтайгаа алтны уурхай дээр очсон гэж сонсоогүй юм байна. Орон нутагт явахдаа харин Оюунбилэгийг дагуулж явсан удаатай. Овоо доо, оюутныхаа андын үгийг авчдээ гэж би дотроо ихэд баярлаад өнгөрч билээ. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санадаггүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоордоггүй гэдэг үнэн юм билээ.  

 

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, "ТВ-9" телевизийн Ерөнхий Захирал Т.Баасансүрэн