"Тэвчээр тасарлаа" хөдөлгөөнөөс зарим аж ахуйн нэгж цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэд цар тахлын үед үйлчилж буй цагийн хязгаарын журмыг цуцлан, аж ахуйн нэгжүүдээ дэмжихийн зэрэгцээ шөнийн цагаар ажиллах газруудыг нээлттэй болгож Улаанбаатарын өдрийн ачааллыг багасгахыг төр засагт уриаллаа. Мөн олон ААН дампуурах эрсдэлд ирснийг сануулав.

"ПАБ, ЛОУНЖ, ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗРЫН ЦАГИЙН ХЯЗГААРААС БОЛЖ ОРОН БАЙРНЫ АРХИДАЛТ ДААМЖИРЧ БАЙНА"

"Тэвчээр тасарлаа" хөдөлгөөний үүсгэн байгуулагч Д.Амартүвшин “Цар тахлын үед зарим аж ахуйн нэгжид цагийн хязгаарлалт үйлчилж байгаагаас үүдэн тухайн аж ахуйн нэгжүүд маш хүнд байдалд ороод байна. Өглөө, оройдоо нийтийн тээвэрт маш олуулаа шахалдаж явж байна. Гэвч оройдоо 30-50 хүн үйлчлүүлдэг баар, цэнгээний газар үйл ажиллагаа явуулах гэхээр мэргэжлийн хяналт, цагдаа гэх мэт албаныхан ирж дарамталж байна.  Үүнээс улбаалан орон байрны архидалт үнэхээр утгаа алдлаа. Орой бүр байрны гадаа цагдаа хүрч ирээд хүн авч явж байгааг харж байна.

Цагийн хязгаарын дарамтаас болж хүмүүс уух ёстой газраа биш, эхнэр, хүүхдийнхээ хажууд согтууруулах ундаа зэргийг ууж эхэлж байгааг анхаарах ёстой.

Мөн маш олон газар бүр нууцаар ажиллаж байгаа ч асуудал үүсгэж байна. Энэ нь эргээд тухайн газарт гарсан ямар нэг хэрэг, үйл явдлыг нуух ч эрсдэл үүсгэнэ.

Гэхдээ тэр газрууд хоёр жилийн хугацаанд хаалттай байсан. Хаалттай байсан хугацааныхаа түрээсээс эхлээд бүх зардлаа нөхөж олох шаардлага аж ахуйн нэгжүүдэд тулгарч байгааг ч бодох шаардлагатай.

Албан бус мэдээллээр, журмын дагуу 00:00 цагт хаана гэсэн уух зүйлээр үйлчилгээ үзүүлдэг газруудын бараг 50 хувь нь нууцаар ажиллаж байна. Хуулиа ингэж гууль болгосон журам хэрэггүй, болих хэрэгтэй. Бид зүгээр л ажлаа хиймээр байна.

Хоёр нүүртэй КОВИД-ын журмыг больж, цагийн хязгаарыг зогсооё. Маш олон хүний амьдрал дээсэн дөрөө дээр байгааг анхаарах ёстой” гэлээ.

"ШӨНИЙН ХООЛНЫ ГАЗАР, ЗАХ, БААР ЦЭНГЭЭНИЙ ГАЗАР АЖИЛЛУУЛЖ БАЙЖ УЛААНБААТАРЫН ӨДРИЙН АЧААЛАЛ БАГАСГАНА"

Түүнчлэн тэрбээр "Улаанбаатар 1.5 сая хүнтэй хот. Энэ олон хүнийг зөвхөн 08:00-21:00 цагийн хооронд бүгдийг нь шавуулахаар өдрийн ачаалал нь нэмэгдэж, нөгөө л хотын түгжрэлээс эхлээд бүх асуудал үүсэж байна. Дэлхий дахинд нэг саяас дээш хүн амтай бүх хот шөнийн цагаар ажилладаг газартай байдаг. Шөнийн хоолны газар, шөнийн зах, шөнийн баар цэнгээний газар ажиллуулж байж өдрийн ачааллыг багасгана гэдгийг төр засаг ойлгох ёстой" гэдгийг онцлов.

"ДАРАМТГҮЙ АЖЛАА ХИЙЖ, НИЙГМИЙН ДААТГАЛ, ӨР ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ, АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОМООР БАЙНА"

"Тэвчээр тасарлаа" хөдөлгөөний үүсгэн байгуулагч н.Булгантамир “Баар, караоке, паб цар тахлаас хойш үйл ажиллагаагаа явуулахгүй болоод хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Зарим нь түрээсээс эхлээд өрийн дарамтад орж байна.

Тухайлбал, миний бие ийм асуудлаас үүдэн жил гаруйн хугацаанд нийгмийн даатгал төлж чадаагүй. Мөн УОК, Засгийн газрын шийдвэрүүдээс улбаалан өнөөдөр би банкны хар дансанд бичигдчихсэн явж байна.

Тодруулбал, УОК, Засгийн газраас гаргаж буй цагийн хязгаартай холбоотой шийдвэрийн улмаас өнөөдөр зээлээ хугацаандаа төлж чадахгүй хэмжээнд хүрч, ийнхүү банкны хар дансанд орчихсон.

Ажилгүй, ажиллах боломжгүй байгаагаа банканд учирлаад нэмэргүй. Учир нь энэ бол банкны асуудал биш хэмээн хариу өгдөг.

Саяхнаас л бид шөнийн 00:00 цаг хүртэл ажиллаж эхэлсэн. Гэвч энэ төрлийн үйлчилгээний газраар иргэд 22:00 цагаас хойш орж ирж үйлчлүүлдэг. Цагтаа хаалгаа бариад, үйлчлүүлэгчээ гаргах гэсээр байтал буюу 00:00 цагаас хойш 10 минут болоход л мэргэжлийн хяналт, цагдаа гэх мэт хүмүүс цаг хэтрүүлж хэтэрсэн гэж торгож байна.

Манайх дээд тал нь 40 хүн хүлээн авах чадалтай үйлчилгээний газар. Гэвч ийм асуудлаас болж манайх гурван удаа шүүхээр орлоо.

Би хүнд үйлчилснийхээ төлөө, ажлын байр бий болгосныхоо төлөө банкны хар дансанд орж, дээрээс нь торгуулж байгаад гомдолтой байна. Оройн цагаар ажилладаг үйлчилгээний газрыг дагаад дуудлагын жолооч, ТҮЦ гээд олон хүн амьдралаа залгуулдаг. Оюутнуудад хүртэл түр ажлын байр бий болдог. Гэвч цагийн хязгаарын дарамтаас болж тэдгээр хүмүүс ч хохирч байна.

Бид мөрөөрөө, дарамтгүй ажлаа хийж, нийгмийн даатгалаас эхлээд өр зээлээ төлж, ажлын байр бий болгомоор байна” хэмээн ярив.

"МАНАЙ УЛС ЯДАЖ НЭГ САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВЪЯ ГЭВЭЛ ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА НЬ 24 ЦАГ АЖИЛЛАДАГ БАЙХ ЁСТОЙ"

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай “Дээрх явдал бол өчнөөн аж ахуйн нэгжид тохиолдож буй үйл явдлын ганцхан жишээ. 1.5 сая хүнтэй Улаанбаатар хот бизнес, үйлдвэр, үйлчилгээг дэмжинэ гэж байгаа мөртлөө бодит байдал дээр эсрэгээрээ үйлчилж байна.

Бизнес эрхлэгчид ажлын байрыг 24 цаг түрээсэлснийхээ өртгийг түрээслэгчдээ бүтэн төлчхөөд байхад улс яагаад дундуур нь орж, хэдээс хэдэн цаг хүртэл ажиллахыг нь заагаад байгаа вэ. Тэгээд ажиллахгүй байх хугацааных нь түрээсийг хэн төлөх вэ?

Энэ бол бизнес эрхлэгчдийн эрхэд халдаж багаа асуудал гэж харж байна. Яагаад нэг хүн зоогийн газар ажиллуулахад олон газраас зөвшөөрөл авах ёстой гэж.

Бид дэлхийн том хотуудаас жишээ авах хэрэгтэй. Тухайлбал, Сингапурт үйл ажиллагаа явуулах байгууллагадаа зөвшөөрөл олгодог ч очиж дарамталдаггүй. Зөвхөн мэргэжлийн зөвлөгөө өгдөг.

Энэ бол бизнесээ хөгжүүлж, хооронд нь өрсөлдүүлж эргээд татвараа авахын зэрэгцээ, эдийн засгаа хөгжүүлэх гэсэн бодлого. Гэтэл манай улсад энэ зарчим эсрэгээрээ үйлчилдэг. Олон зөвшөөрөл, их дарамт нь эргээд аж ахуйн нэгжүүдийг авлигын системд оруулж байна.

Түүнээс гадна, Монгол Улс 400 сая биш гэхэд ядаж нэг сая жуулчин авах гэж хичээх хэрэгтэй. Үүний тулд бүх үйлдвэр, үйлчилгээний байгууллага нь 24 цаг ажилладаг байж хөгжүүлэх хэрэгтэй байх ёстой” гэсэн юм.