А.МИНЖИН

Бидний амьдралд нийгмийн сүлжээ нэгэнтээ томоохон байр суурь эзэлдэг болсноор хэтийн ирээдүйд хэрэглээ нь улам нэмэгдэхээр байна.

Мэдээж нийгмийн сүлжээ бидэнд олон боломж олгосон ч сөрөг нөлөө нь амьдралын хэвшлийг өөрчилж, эрүүл мэндийг тэр дундаа сэтгэлзүйн эрүүл мэндэд заналхийлэх болжээ. Ялангуяа хүүхэд, залуус өсвөр насныхны эрүүл мэндэд аюул учруулахуйц хортой нөлөө үүсэж буйг сэтгэл судлаачид ярьсаар байна. Ковидын хоёр жилийн хөл хорионы үе энэхүү сөрөг нөлөөг улам ихэсгэсэн ажиглалт судалгаа эхнээсээ гарчээ. Мөн дунд сургуулиудаар хийсэн түүвэр ажиглалт судалгаанд оролцсон бага ангийн багш нар өмнөх зуны амралтуудаас өөр шинж тэмдэг энэ намар илэрснийг хэлж байна. Тухайлбал, сурагчид нийтээрээ жин нэмсэн, хараа нь муудсан гэдгийг ажиглажээ. Хүүхдүүдэд илэрч буй бас нэгэн шинж тэмдэг нь ганцаардмал зожиг, сэтгэл санаа нь тогтворгүй, өөрөөр хэлбэл харилцааны дутагдалд орсон байсан аж. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүүхдүүд ихэнхдээ насанд хүрэгчдийн заавар, журам дор амьдарч, олон цагаар дэлгэц ширтэн өнгөрөөснөөс үүдэлтэй нөлөө болохыг сэтгэл судлаач нар хэлж байна.

Интернэт хэрэглээгээрээ манай улс олон улсад дээгүүрт ордог. 3,3 сая монголчууд таван сая гаруй гар утас барьдаг. Гурван хүн тутмын хоёр нь хоёр гар утас ашигладаг гэсэн үг. Өнөөгийн байдлаар монгол хүүхдийн 92 хувь нь интернэт хэрэглэж байгаа нь хөгжингүй орнуудынхаас ч их тоо аж. Судалгааны байгууллагын “Өсвөр үе ба цахим хэрэглээ” судалгаанд 21 аймаг, есөн дүүргийн 11-17 насны 2240 хүүхэд, 378 эцэг эх, 404 багш, нийгмийн ажилтныг хамруулсан байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 90 гаруй хувь нь интернэт хэрэглэдэг гэж хариулсан бол, орон нутгийн сурагчдын 76 хувь нь мэдэхгүй гэсний дийлэнх нь 11- 12 насныхан байж. Өдөрт дунджаар хэдэн цаг интернэт хэрэглэж байгааг тандахад 11 хувь нь дөрвөөс дээш цаг, 20 хувь нь 2-4 цаг гэж хариулжээ. 

Үүнээс үүдэн тус судалгааны багийн зүгээс залуучуудын сэтгэц хийгээд биеийн эрүүл мэндэд хамгийн эерэг болоод сөрөг нөлөөтэй тус бүр таван сошиал платформыг тодруулжээ. Youtube хуудас хамгийн эерэг хэрэглээтэй платформ бол инстаграмм хамгийн сөрөг нөлөөтэйгөөр нэрлэгдэв. Учир нь, инстаграмм хүүхэд, залуусын дунд биеийн галбир, материаллаг зүйлсийн хэрэглээний тухайд бараг л байж боломгүй төсөөллийг түгээдэг гэжээ. 

Инстаграммын хувьд өсвөр үеийнхэн болон залууст бусдаас хоцрогдоод байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж, үргэлж өөрийгөө бусадтай харьцуулах, амьдралын хэв маягийн хувьд зөрүүтэй мэдрэмж авах зэрэг нь өөртөө итгэлгүй байдалд хөтлөн улмаар сэтгэл зовнил, сэтгэл гутралд хүргэдэг байна.Тиймээс сэтгэл гутралаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд сэтгэлзүйн агуулгууд болон сургалтууд маш их шаардлагатай байгааг судлаачид онцолжээ. Судалгааны багийн зүгээс гадаа гудамж талбай, нийтийн зорчдог бүсүүдэд анхааруулах самбар, үзүүлэн, сануулах хуудсыг ихээр байршуулбал бидэнд утаснаасаа түр ч атугай холдох сануулга өгөх байх хэмээн найдаж байгаагаа хэлсэн. Бүх л зүйлийн тэнцвэрийг хадгалж байхгүй болбоос утгаа алддаг. 

Нийт хүн амын хувьд сошиал медиагийн хязгааргүй хэрэглээ нь сэтгэл гутрал, нойргүйдэл, сэтгэл зовнилд хүргэх нь нэмэгдсэн бөгөөд архи, тамхинаас ч илүү донтуулдаг нь тогтоогджээ. Басхүү олон хүн өөрсдийгөө лайкны тоонд тулгуурлан үнэлдэг болсон нь сэтгэлзүйн асуудал дагуулж буй. Өөрийгөө гоё сайхнаар мэдрэхийн тулд бусдаас хамаарах нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмгэг шинжид хамаардаг аж. Хүн сэтгэл өөдрөг, урам зоригтой байх эсэх нь бусдын магтаал сайшаалаас хамааралтай байх нь сэтгэцийн эрүүл мэнд муудсаны шинж. Энэ сэтгэлзүйн байдал даамжран олон нийтийн хуудсаар сөрөг сэтгэгдэл хүлээн авах эсвэл үл таних хүний шүүмжийг хэт хүндээр тусган авснаас сэтгэл зовнилоо нэмэн улмаар сэтгэл гутралд орох зам руу гулсдаг. Энэ шинж сэтгэлзүй нь бүрэн төлөвшөөгүй өсвөр үеийнхний хувьд сэтгэцийн эрүүл мэндийн доройтол буюу эмгэг өвчинд хүргэх нөлөөтэй. Сошиал хэрэглээний нойронд үзүүлэх нөлөөг дурдахгүй өнгөрч болохгүй. Унтахын өмнө утас их үзэх нь нойргүйдэл үүсгэдэг нь нэгэнт батлагдсан. 

Гар утас, дэлгэц хүнийг яаж нойргүйдэлд хүргэдэг вэ? Хүний бие махбодь биологийн бүтээгдэхүүнийхээ хувьд нар шингэж харанхуй болоход нүдний хүртэхүйн мэдрэмжээр дамжуулан тархинд нойрсох дохио очдог. Харин гар утас болон дэлгэцний хурц гэрэл хүний шууд нүд рүү туссанаас тэр дохио хуурамч болдог. Хүний тархи, гэрэл байгаа учраас нойрсох болоогүй гэсэн хуурамч дохиог хүлээж авснаар нойргүйддэг. Учир нь, хүний тархи агуу багтаамжтай ч хууртдаг эрхтэн юм. 

Гэр бүл судлаач О.Болормаа “Ковид-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн үед иргэн бүрийн тэр дундаа өрх гэрийн гишүүдийн хувьд бие биеийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нэмэгдсэн. Энэ бол онцгой нөхцөл байдал үүсэж байна гэсэн үг юм. Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал үүсэхэд иргэд, олон нийтэд үл итгэх, хэт цуурхалд автах, айдаст автах, үл тоомсорлох, халдвар авсан хүнийг ялгаварлан гадуурхах зэрэг асуудлууд үүсэж, сэтгэл зүйн хувьд тогтворгүй болж эхэлдэг. Учир нь тухайн хувь хүний амьдралын баталгаат байдал алдагдаж, итгэл алдарсан үед бухимдаж сөрөг зан үйл гаргах нь ихэсдэг. Хөл хорио тогтоосноор гэр бүлтэйгээ байх цаг ихэссэн нь зарим гэр бүлд давуу талтай, зарим гэр бүлд сөрөг талыг авчирч байна. Гэр бүлийн гишүүдийн дээрх харилцааны түвшин эрүүл, чанартай эсвэл зөрчилтэй, тааламжгүй байна уу гэдэг чухал. Харилцааны хувьд зөрчилтэй гэр бүлд нийгэм, сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд буюу эдийн засгийн тогтвортой байдал алдагдах, өрөнд орох, ажиллах горим алдагдах, халагдах, өвчин, гэнэтийн цочрол, гэмтэл архидалт, хүчирхийлэл зэрэг сөрөг мэдрэмжүүд нэмэгдэх нь сэтгэл зүйн хувьд тогтворгүй болох суурь болж байгаа юм. Энэ нь ихэвчлэн гэр бүлийн гишүүд стресс болон депресст орох нөхцөл болж байна” гэж ярьсан.

 Хүн нийгмийн амьтан бөгөөд нийгмийн олон талт амьд харилцааг нийгмийн сүлжээ орлох болсноор сэтгэц, сэтгэлзүйн хувьд гажуудал үүсэх үйл явц манай улсад эрчимжиж байгаа талаар дүгнэлтийг судлаач нар хийсэн байна.Харин улс төр судлаач Б.Ариунбаяр сошиал медиа буюу олон нийтийн сүлжээнд гарч байгаа хөгжил дэвшил нь “массын сэтгэл зүй” бүрдэн тогтоход хүчтэй нөлөөлөх болсон. Бодит зүйлийн үнэн мөнийг гуйвуулж нийтийн “тархи” угаах замаар өөрийн амин хувиа хичээсэн үйлдлээ хаацайлж, ашиг хонжоо ологчид олширч байна. Олон түмний сэтгэлзүйд”-д ийм тохиолдолд хувь хүн уусах нь сахилга хариуцлага, оюун ухаан, ухамсар, бие даасан байдал зэрэг аливаа ёс суртахууны үнэт зүйлс орхигдож гэмт хэрэг, хүчирхийллийн үндэс суурь тавигдах эхлэл юм” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН